Б.Наранцэцэг: Дурын хуулиа, шаардлагатай үедээ нэн яаралтай, горимоор баталдаг болжээ
УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталсантай холбоотойгоор сүүлийн хэд хоног олон нийт бухимдалтай байна. Уг хуулийг баталсан процессын талаар өмгөөллийн Фиделитас партнерс ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.
- Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль баталсныг олон нийт, тэр дундаа сэтгүүлч, их дээд сургуулийн багш нар эсэргүүцэж буй. Уг эрхзүйн бичиг баримтыг гуравхан хоногт баталсан нь хууль зөрчсөн үйлдэл үү?
-Хуулиар хүний эрхийг зөрчиж байна гэх агуулга руу нь орохоос урьтаж, Хуулийн төслийг өргөн барьсан, боловсруулсан, хэлэлцсэн үйл явц хуульд нийцээгүйг онцолъё. Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилготой Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуульд хууль, УИХ-ын шийдвэрийг санаачлах, боловсруулах, өргөн барих, батлах процессыг тодорхой заасан. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах процессыг алгассан нь хуульд нийцээгүй. Хууль санаачлагчид Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.7 дахь хэсгийг үндэслэсэн гэх боловч дээрх хууль нь хамаарахгүй. Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байх хоёр тохиолдлыг тусгасан. Үүний нэг нь үндэсний аюулгүй байдлын үүднээс хуулиар нууцад хамааруулсан асуудлыг хэлэлцэх бол нууцад хамааруулсан хэсгийг олон нийтээр хэлэлцүүлэхгүй байж болно. Нөгөө нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт жагсаасан 24 асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол олон нийтээр хэлэлцүүлэхгүй байж болдог. Харин Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл уг хоёр тохиолдолд хамаарахгүй нь илэрхий байсан.
-24 тохиолдолыг тодорхой дурдаач
-Нэн яаралтай горимоор хэлэлцэх хууль байлаа ч, олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүй, хууль боловсруулах үе шатыг алгасах ёсгүй. Үүнийг алгасаж болдог 24 асуудлыг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт тодорхой заасан. Дурдвал Улсын төсөв, тодотгол, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар тухайн жилд баримтлах үндсэн чиглэл зэрэг хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын судалгаа хийхгүй, олон нийтээр хэлэлцүүлэхгүй баталж болдог. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль үүнд хамаарахгүй байгаа биз. Хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үе шат буюу Хууль тогтоомжийн тухай хуулийн 8-р зүйлд зааснаар хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандаж судалгаа хийх, төслийн үр нөлөө, зардлын тооцоо гаргах мөн ашиг сонирхол нь хөндөгдөж магадгүй иргэд, ТББ, мэргэжлийн судалгааны байгууллагуудын саналыг авах ажлуудыг огт хийгээгүй. Дээрх судалгаанууд хуулийн төсөлтэй хамт өргөн баригдаагүй. Энэ үйл явц нь хууль бүтээх үйл ажиллагаанд Хууль тогтоомжийн тухай хуулийг огт хэрэгжүүлэхгүй байгааг харуулж байна.
- Хуульч хүний өнцгөөс харахад энэ хуулийг зайлшгүй, бүр яаралтайгаар батлах хэрэгцээ шаардлага байсан уу ?
-Мөн өргөн барих процесс нь ч хуульд нийцээгүй. Ерөнхий сайд энэ сарын 18-нд хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай албан тоотыг, УИХ-ын даргад явуулсан. УИХ-ын дарга хүлээж аваад, тухайн өдрөө хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал харгалзахгүй нэн яаралтайгаар хэлэлцэх захирамж гаргасан. Ерөнхий сайдын бичиг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 21.1 болон УИХ-ын даргын захирамж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.1.18-т заасныг үндэслэдэг. Эдгээр заалт нь хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх хууль ёсны ганцхан боломж, гэхдээ “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, тогтоолын төсөлд хамаатай боломж. Гэвч “олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхоыг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах” зорилготой, энэ харилцаанд үйлчлэх хүрээ тогтоосон төслийг зүтгүүлчихсэн. Хүн харахад Ерөнхий сайдын бичиг, УИХ-ын даргын захирамж хуульд үндэслээд байгаа боловч хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болсон.
-Хууль тогтоомжийг, хууль зөрчиж баталснаар ямар сөрөг үр дүн гарах вэ?
-Хуулийн төсөл боловсруулах нь онолын бөгөөд харьцуулсан судалгаатай, бие даасан хуулиар зохицуулсан ажиллагаа. Үүнд нийцэхгүй болоод ирэхээр, иргэдийн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үр дагавартай. Тиймээс хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа, судалгаа шинжилгээнд үндэслэж боловсруулдаг зарчмыг, орхигдуулж болохгүй. Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасан үе шатыг баримтлах учиртай. Энэ үе шатыг баримтлахгүй баталдаг 24 асуудлыг аль болох цөөрүүлэхийн төлөө хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлт хийх ёстой. Гэтэл энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр D.parliament.mn сайтад байршуулсан Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 24 асуудлыг өргөтгөхөөр заалт оруулсан байна лээ. Ингээд харахаар хууль тогтоох үйл ажиллагаанд дур зоргоор хандах, дуртай хуулиа, шаардлагатай гэж үзсэн үедээ нэн яаралтай горимоор баталдаг болж байна.
-Өмнө нь ийм тохиолдол гарч байв уу?
- Энэ анх удаа болж байгаа юм биш Ковидын хуулийг ингэж баталсан, давтаж байна. Ковидын хуулийг баталж, хэрэгжүүлсэн ажиллагаа дахь Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтид дүн шинжилгээ хийх бодлогын судалгаа хийж, хүний эрхийн зөрчил, төсвийн үргүй зардал дагуулсныг тогтоосны хувьд хэлж байна. Манай баг 2021 онд Нээлттэй Нийгэм Форумын тэтгэлгээр Ковидын хуулийг баталж, хэрэгжүүлсэн ажиллагаа дахь Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтид дүн шинжилгээ хийх бодлогын судалгаа хийсэн. Уг хуулийг хэрэгцээ шаардлагын судалгаагүй, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үе шатыг алгасаж баталсны гороор хүний эрхийн маш олон зөрчил гарсан. Хууль үйлчлэх хугацаанд зургаан удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр, 90 гаруй зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Хуулийг үйлчилж байх хугацаанд ийм олон өөрчлөлт оруулна гэдэг нь огт судалгаа хийлгүй, олон нийтээр хэлэлцүүлэлгүй баталснаас үүдэлтэй байдаг. Энэ болгоны цаана чиг үүргийн давхардал, үргүй зардал гардаг. Ийм хуулийг дагаж мөрдөж байгаа иргэд, аж ахуй нэгж, нийгмийн нэгж болгон дээр үл ойлголцол, асуудал үүсдэг. Үүнийг л давтана.
-Хууль тогтоомжийн давхардал үүсэхээр хүний эрх, эрх чөлөө улам л хумигдах байх даа.
-Цахим хөгжлийн яамнаас Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой хууль хоорондын давхардал хийдлийг арилгах зорилгоор зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, одоо олон нийтээс санал авч байна. Нэг гараараа ийм хууль өргөн барьчихаад нөгөө гараараа Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль зэрэг хуулиар хэдийн зохицуулсан асуудлыг “зөрчилтэй контент” гэж өөрөөр тодорхойлж давхардал үүсгэсэн.Үүнийг хуульд заасан Олон нийттэй харилцах нэгж хянан шийдвэрлэнэ гэж заасан нь шударга шүүхээр шүүлгэх эрх, гэм бурууг зөвхөн шүүх тогтоох суурь зарчимд шууд харшилна. Энэ хамгийн сөрөг үр дагавар.
- Ер нь энэ хууль үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх. Үндсэн хуулийн зарчмаасаа гажаад байгаа юм биш үү?
-Хүний эрхийн үндэсний комисс дагалдаж батлагдаж байгаа хуулиуд хүний эрхийг хязгаарлаж болзошгүй гэж төслийг хэлэлцэх үеэр хэлж байсан. Яг хүний эрхийг зөрчих аюул байна уу гэдгийг нарийн судалж, дүгнэж байж гаргаж ирнэ. Миний хувьд судалсан хүрээндээ хууль зөрчиж хууль батлахыг эрс эсэргүүцэж, энэ талаар ярьж, бичиж байгаа.
- Энэ хуулийн муу тал, сайн талыг нь дүгнэж хэлээч. Мөн асуудлуудыг шийдэх гарц нь мөн үү?
- Энэ хуулийг батлах ёсгүй, ийм хууль байж болохгүй гэж эсэргүүцээгүй. Өмнө дурдсанчлан манай баг Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтид дүн шинжилгээ хийх бодлогын судалгаа хийсэн, мөн Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (IFCN)-ний гишүүн, Мета компанийн Монгол дахь албан ёсны анхны бөгөөд цор ганц хөндлөнгийн баримт шалгах түнш болох Олон Улсад танигдсан баримт шалгах төвтэй хамтран ажилладгийн хувьд хууль зөрчиж хууль батласанд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.