Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн өчигдөр мэдээлэл хийв. Тэд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг тарааж, шинэ Үндсэн хуулийн төслийг нь одоогийн УИХ хэлэлцэн батлах эрхгүйг онцоллоо. Тус ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Засгийн эрх мэдлийг ард түмний гарт жинхэнэ утгаар нь атгуулахын тулд уг төслийг боловсруулсан. Ард түмний засаглал тогтооно. 1992 оны Үндсэн хуульд багахан засвар хийгээд эрх мэдлээ хадгалах гэсэн хар хүч байна. Төр муу байгаагийн буруутан нь Үндсэн хууль. Ядуурал нэмэгдэж, авлига, хулгай гаарсанд ч Үндсэн хууль буруутай. 30 жилийн өмнө баталсан хууль үүргээ биелүүлсэн. Үндсэн хуулийг шинээр батлах талаар зөвхөн бид яриагүй. Үүнийг дэмжиж улс төрийн 20 гаруй намын удирдлага тунхаг бичигт гарын үсэг зурж, Ерөнхий сайд ч бидний саналыг сонсох гэж ажлын хэсэг байгуулсан юм. Саяхан болсон хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Үндсэн хуулийг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл бүр хөдөлгөхгүй байх гэсэн гурван сонголт байгааг хэлсэн шүү дээ. Манай хоёр нам нэгдэхэд ч энэ тухай ярьж л байсан. Энэ бол гэнэтийн шийдвэр биш. Харин ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүний хувьд мэдрэмжтэй хандаж, бид бүхнээс санал авч, ард түмнээр хэлэлцүүлье гэсэн юм. Ерөнхий сайд шинэ үе эхлүүлэх гээд байна. Магадгүй шинэчлэлийг шууд хийх гэхээр янз бүрээр хэлүүлээд байгаа учраас ард түмнээрээ хэлэлцүүлье гэсэн байх. Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх цаг нь яг одоо. Харин ч бид хоцорч байна” хэмээгээд тус төсөл нь түүнийг МАХН-ын дарга байхдаа боловсруулсан Дээд Үндсэн хуулийнхаас өөр болохыг тодотгов. Тэд төслөө ном болгон 1000 ширхгийг хэвлүүлэхэд 7.8 сая төгрөг зарцуулжээ.
Бэлтгэсэн Б.Уран