“Глоб интернэшнл” төрийн бус байгууллага, Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (ICNL) болон “Нээлттэй нийгэм форум” хамтран “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр 2022 оны тавдугаар сараас мөрдсөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн үр дүн, “Мэдээлэл авах эрх чөлөө ба олон улсын хандлага”, “Төрийн мэдээллийн ил тод байдал”, “Иргэдийн мэдээлэл авах эрхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн мониторингийг “Глоб интернэшнл”-ээс дөрвөн чиглэлээр, хоёр сарын турш хийжээ. Үүнд иргэдийн болон төрийн албан хаагчийн мэдлэг, ойлголтыг тандах нь, нээлттэй байхаар заасан 44 төрлийн мэдээлэл ил тод болсон, эсэх, мэдээлэл хариуцагч буюу төрийн зарим байгууллагын үйл ажиллагааг үнэлсэн аж. Ингэхдээ Увс, Өмнөговь, Баян-Өлгий зэрэг долоон аймаг, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 928 иргэн, 485 төрийн албан хаагч, мэдээлэл хариуцагч 51 байгууллагын төлөөллийг хамруулжээ. Судалгаанд оролцогчдын 68 хувь нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн талаар мэдлэг ойлголтгүй, 63 хувь нь төрийн байгууллагаас хүссэн мэдээллээ огт авч чаддаггүй гэсэн байна. Хуулийг хэрэгжүүлэгч төрийн албаныхны 66 хувь нь юу хийвэл зохих талаар хангалттай мэдлэггүй байгаагаа илэрхийлсэн аж. Хуульд нээлттэй байхаар тусгасан, хариуцагч 38 байгууллагын 44 төрлийн мэдээллээс 58.5 хувь нь ил тод болоогүй байжээ. Судалгаа хийх хугацаанд 51 байгууллагаас цахимаар, бичгээр болон мэргэжилтнээс нь мэдээлэл хүсэхэд 47 хувь нь огт хариу өгөөгүйг “Глоб интернэшнл” ТББ-аас тодотголоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид Монголд иргэд болон сэтгүүлчдийн мэдэх эрх хангагдаагүй, мэдээлэл хариуцагч байгууллагууд хаалттай ажилладаг буюу дээр дурдсан хуулийн хэрэгжилт хангалтгүй байна хэмээн дүгнэв. Эл байдлыг өөрчлөх, нээлттэй засаглал бий болгох, төрийн мэдээллийг олон нийтэд тэгш хүртээмжтэй хүргэн, иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд мэдээллийг шударгаар ил болгосон төрийн албан хаагчдад ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй байх хэрэгтэйг “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбадрал дурдлаа. Төрийн өмчит компани, төрийн бүх байгууллагын хурлыг ил тод, нээлттэй хийх нь мэдээллийн хүртээмжийг сайжруулж, иргэдийн мэдэх эрхийг хангах нэг нөхцөл болох аж. Иргэд ч идэвхтэй байж, өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдсөн тохиолдол, төрийн албаны хүнд суртал, хаалттай байдал илэрвэл дуу хоолойгоо хүргэдэг байх хэрэгтэйг тэмдэглэв. ТББ, иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа шинэчлэх, орчин үеийн технологи ашиглан олон нийтэд хэрэгтэй мэдээллийг шуурхай хүргэх, сайн жишиг болох нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, улмаар хариуцлагатай, нээлттэй засаглал бүрдүүлэх алхам болохыг хэлэлцүүлэгт оролцогчид мөн онцоллоо.
Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлах үйлявцнь Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урдьчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсантай ижил зарчмаар явагдсаныг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөв. ТББ, иргэний нийгмийн байгууллагууд уг хуулийг эсэргүүцэж буй хэд хэдэн шалтгаанаа ч тайлбарлалаа. Юуны түрүүнд Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуульд олон нийтийг хамарсан үйл явдалд харилцаа холбооны сүлжээг таслах эрх олгосон нь зохисгүй үйлдэл гэдгийг хуульч Б.Наранцэцэг хэлсэн юм. Ийм заалт нь хүний эрхийг хамгаалах асуудалтай огт уялдаагүй, бас аливаа хуулийг батлахдаа иргэдээр хэлэлцүүлэх ёстой гэсэн заалт бүхий Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөөгүй зэрэг зөрчил байгаа тулуг хуульд бүхэлд нь хориг тавихыг хүссэн өргөдлийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Өчигдрийн байдлаар эл өргөдөлд цахимаар 6000 гаруй хүн гарын үсэг зурсан аж.
Үүнээс гадна ICNL-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Миний эрх миний гарт” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн “Миний эрх” гар утсаны аппликэйшнийг танилцууллаа. Уг аппликэйшнийг иргэд болон сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх боломж, мэдэх эрхийг хангах, хүний эрхийн зөрчлийг бүртгэх, нэгдсэн дата бааз үүсгэх, шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор хөгжүүлжээ.
Гэрэл зургийг Э.Харцага