ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяатай Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар ярилцлаа.
-Энэ хуульд иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Гэтэл ажлын хэсэгт нь танай байгууллагаас хоёрч төлөөлөл багтсан юм байна. ХЭҮК нь Засгийн газартайгаа нийлээд хүний эрхийн эсрэг хууль баталчихсан юм бишүү?
-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бол хүний эрхийн маш чухал эрх зүйн зохицуулалт. Нийгмийн сүлжээнд цацсан контентоос болж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирох, дээрээс нь гэм буруугүйд тооцох зарчим алдагдах нөхцөл үүсэж байна уу гэвэл тийм. Гэтэл нөгөө талдаа олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл явцыг зохицуулна гэдэг нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах тухай асуудал юм. Тиймээс тус хуулийг хүний эрхийн эрх зүйн, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн маш нарийн тэнцвэр дээр, судалгаа шинжилгээтэй боловсруулах ёстой.
Олон нөхцөлийг харгалзах шаардлагатай. Нэн тэргүүнд хүний эрхийг хязгаарлаж байгаа цар хүрээ, энэ хязгаарлалтыг хийж байгаа горим журам оновчтой юу гэдэгт итгэл төгс, бүрэн дүүрэн хариулт өгч байж зохицуулах учиртай. ХЭҮК эл асуудалд оролцох ёстой. Оролцохгүй бол энэ улсад хүний эрхийн байгууллага байгаад хэрэг алга. Тиймээс ажлын хэсэгт нь багтаж ажилласан. Ингэхдээ зөвхөн санал өгөх, ажиглагчийн статустайгаар оролцсон юм. Хамтарч бичээгүй гэсэн үг. Хуулийн төслийн талаарх санал, дүгнэлтээ хоёр шатанд танилцуулсан. ЦХХХЯ-наас Засгийн газарт танилцуулахын өмнө ийм асуудлуудад анхаарах шаардлагатай гэж санал өгсөн. Дараа нь УИХ-аар хэлэлцүүлэх түвшинд оролцож, ажиллалаа. Энэ хуулийг маш богино хугацаанд баталсан. Үүнд ХЭҮК оролцоогүй бол хүний эрхийн хамгаалалт нь сул, олон талаас нь бодолцож үзээгүй хууль батлах эрсдэлтэй байсан. Тиймээс гарцаагүй орол цох шаардлагатай болсон юм.
-Хуулийн төсөл боловсруулах үед ямар нэг байдлаар хамтарч ажиллах, санал, дүгнэлт хэлэх боломж байгаагүй гэж үү?
-Бид энэ төсөлтэй өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт (17-нд) анх танилцаж, тэр өдрөө ЦХХХЯ-ныхантай ажил хэргийн уулзалт зохион байгуулсан. Төслийн зургадугаар зүйлээр тогтоосон хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт хэтэр хий өргөн хүрээтэй байна гэдэг асуудлыг тухайн үед дэвшүүлсэн юм. Мөн хэд хэдэн процессын асуудлыг судлах шаардлагатай гэсэн санал өгсөн. Төсөл боловсруулагчид үүнийг хүлээж аваад, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнө өөрчлөлт оруулсан зүй лүүд бий. Тухайлбал, тус хуулийн 6.1.3-т байсан хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон шинжтэй контентыг зөрчилтэйд тооцно гэх заалтыг хассан. Яамныхан ч тухайн үед үүнийг хасах талаар ярьж буй гэдэг тайлбар өгч байлаа. Үүний дараа хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх үед ХЭҮК яаралтайгаар маш богино хугацаанд ажилласан.
-Ер нь хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн, хязгаарлах асуудал хөндсөн ийм хууль тогтоомжтой холбоотойгоор тодорхой санал дэвшүүлэх, үндэслэл, тайлбар хэлэх эрх ХЭҮК-т байдаг уу. Хэрхэн хүлээж авдаг юм бол?
-Ер нь ийм байдаг, тэгдэг гэж хариулахад зохимжгүй асуулт байна. Харин тодорхой нэг хуулийн хүрээнд авч үзвэл жинхэнэ хариулт нь гарч ирнэ. Манай бүрэлдэхүүн комиссын гишүүнээр томилогдоод жил гаруйн нүүр үзэж байна. Цар тахлын үе таарлаа. Хүний эрхийн хэрэгжилтэд ач холбогдолтой тодорхой хуулиудыг батлууллаа. Ямартай ч хууль тогтоогчид хүний эрх, эрх чөлөөний асуудал маш чухал гэдгийг ойлгодог болж. ХЭҮК-ын байр суурь мэргэжлийн байдаг учраас сонсох ёстой гэдэг хүлээн зөвшөөрөх хандлага тогтсон байна. Сайн хэрэг. Комиссоос хэр чанартай, хэрэгтэй санал оруулав гэдэг нь нэг талын асуудал. Нөгөө талаас хууль тогтоогч ямар байдлаар хуулиа бичих хүсэл зорилготой байна вэ гэдэг нь чухал. Энэ хоёрын тэнцвэр дээр эцсийн үр дүн бий болдог. Ерөнхийдөө уур амьсгал тун аятайхан байгаа.
-Та хуулийн төсөлтэй танилцаад ямар “дүн” тавьсан бэ. Хүний эрхтэй холбоотой ийм чухал хуулийг нээлттэй хэлэлцүүлэлгүй, хэдхэн өдрийн дотор яаруу сандруу батлах шаардлага байсан уу?
-ХЭҮК гол хоёр асуудалд анхаарсан. Нэгдүгээрт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах үндэслэл хэтэрхий өргөн хүрээтэй юм биш биз. Үүнээс болоод үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дур зоргоороо, хэтрүүлэн, хууль бусаар хязгаарлах эрсдэл үүсэх үү гэдэгт. Хоёрдугаарт, журам нь тодорхой байна уу гэдэг асуудал. Бид үүнийг Засгийн газрын хэмжээнд ч, УИХ-ын түвшинд ч ярьсан. Судлах шаардлагатай зүйл нэлээд бийгч хэлж байлаа. 6.1 дүгээр зүйлээр тогтоосон зөрчилтэй контентын үндэслэлүүд хэтэрхий өргөн хүрээтэй байна, үүнийг ийм байдлаар хумья гэдэг асуудал дэвшүүлсэн. Жишээлбэл, 6.1.1-т Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв, соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон контентыг зөрчилтэйд тооцно гэсэн байсныг зөвхөн “төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжил сон” болгож өөрчлүүлсэн юм. Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн шинж тэй үйлдлүүдийг хуульд зөрчилтэй контентын үндэслэл болгож тусгасан байсан. Энэ тохиол долд ЦХХХЯ-ны дэргэдэх олон нийтийн төв (Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийг өөрөөр ингэж нэрлэж буй) нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч компаниудтай (“Facebook”, “Twitter” зэрэг) яаж ажиллах юм бэ. Түүнчлэн тус төв Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг зөрчих эрсдэл үүсэх юм биш биз дээ. Эдгээрийг судалж, тодорхой болгох болгох шаардлагатай гэж санал өгсөн. Бид энэ байр сууриа одоо ч хадгалж байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах үйл ажиллагааг хуульд хоёр хэлбэрээр тусгасан. Нэг нь контент, нөгөөх нь харилцаа холбооны сүлжээ хязгаарлах. Эдгээр үйл ажиллагаа нь хүний эрхийг хязгаарлах зарчмуудад нийцэх ёстой. Авах гэж байгаа арга хэмжээний зорилго, хязгаарлалт тогтоож буй цар хүрээ тэнцвэртэй байх учиртай. Тухайлбал, контент нь зөрчилтэй гээд вэб сайтыг бүхэлд нь хааж болохгүй шүү дээ. Гэтэл эдгээрийг хуульд нарийвчлан тусгаж чадаагүй.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг дагалдуулж гурван журам батална. Эдгээрийг батлахдаа ХЭҮК-ын саналыг үндэслэхээр хуулийн нэмэлтэд тусга сан. Ингэхдээ хэлбэр төдий байдлаар бус, зарчмыг нь ХЭҮК тогтооно шүү, үүний хүрээнд эрх зүйн зохицуулалт хийнэ гэсэн утга агуулгаар оруулсан юм. Энэ журмууд маш чухал. Үндэслэлийг нь хуулиар тогтоосон боловч үйл ажиллагаа явуулах горимыг нь үүгээр бий болгоно. Дээрээс нь зөрчилтэй контент, харилцаа холбооны сүлжээг бүрэн болон хэсэгчлэн хязгаарлах шийдвэр гаргах эрх хэмжээг уг хуулиар Кибер аюулгүй байдлын зөвлөлд оногдуулж байгаа. Тэгэхээр тус зөвлөл хүний эрхийн талаас маш чухал, тэнцвэртэй дүгнэлт гаргах үүрэг хүлээнэ. Үүний бүрэлдэхүүнд манай байгууллагаас төлөөлөл оролцуулахаар ажлын хэсгийнхэнтэй тохиролцсон. ЦХХХ-ны сайд ч ийм байр суурийг албан ёсоор илэрхийлсэн. Тэрчлэн УИХ-ын дарга уг зөвлөлд сөрөг хүчний, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оруулах нь зүйтэй гэсэн санал илэрхийлснийг ХЭҮК талархан хүлээж авсан.
-Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлахдаа өөрчлөлт оруулж, зарим зүйл, заалтыг хассан гэлээ. Тэгвэл одоо энэ хууль хүний эрх, эрх чөлөө, бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн зүйлгүй, дээрдсэн гэж үзэж байна уу?
-Хуулийн 6.1 дүгээр зүйлээр тогтоосон үндэслэлүүд ХЭҮК-ын санал болгосноос бас л өргөн хүрээтэй байгаа. Жишээлбэл, “Фэйсбүүк” компани гэхэд зөрчилтэй контент гэдэгт маш тодорхой таван зүйлийг багтаасан байдаг. Хүний нүцгэн бие буюу бэлгийн харилцаатай холбоотой шууд агуулга, хүчирхийлэл, хүчирхийлэл үйлдэх аргачлалыг харуулсан, өөртөө болон бусдад гэм хор учруулахад уриалсан шинжтэй, хуурамч болон бусдын нэр, нүүр царайг ашигласан, спам буюу хоруу, залилангийн чанартай контентыг зөрчилтэйд тооцохоор тодорхойлсон байдаг. Бид яг үүний хүрээнд үндэслэлээ тогтоогооч ээ гэдэг хүсэлт, шаардлага тавьсан. Үүнийг бүрэн гүйцэд хангаагүй. Бидний анхаарах дараагийн гол асуудал нь хуульд тусгасан зүйлийг бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг тогтоох журмын боловсруулалт. Журам боловсруулахдаа хүний эрхийг хязгаарладаг нөхцөлд нийцүүлж, тодорхой шаардлагуудыг үндэслэх ёстой. Бид энэ журамд саналаа өгнө. ХЭҮК-ын санал боловсруулах ажлын хэсэг байгуулж байна. Үүнд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, судлаач зэрэг өндөр мэргэжлийн хүмүүсийг багтаана. Журмын төслийг батлах эрх бүхий байгууллагад саналаа хүргүүлэхээсээ өмнө нийтэлж, олон нийтэд танилцуулна. Үндсэндээ тус хуулийн хүрээнд хийх ХЭҮК-ын ажил одоо л эхэлж байна гэсэн үг.
-Танаас дахиад асууя. Энэ хуулийгяаралтайгаар батлах хоолойд тулсан хэрэгцээ шаардлага байсан уу?
-Хуулийг хэр хугацаанд батлах вэ, төслийг олон нийтэд ямархуу байдлаар танилцуулж, хэлэлцэх боломж бололцоо олгох вэ гэдэг нь хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийн асуудал. Тиймээс тус байгууллагаас албан ёсны тайлбар авах нь зүйтэй болов уу. Хууль тогтоогч бүрэн эрхийнхээ хүрээнд ийм хууль батлах шийдвэр гаргасан учир ХЭҮК үүнд оролцохгүй гэж нийтийн эрх ашгаас ухрах ёсгүй. Үүнийг судалгаа шинжилгээтэйгээр зохих журмын дагуу хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналыг эхнээс нь дуустал илэрхийлсэн.
-Энэ хуулийг эхнээсээл улс төрчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор боловсруулсан гэдэг нь тодорхой харагдаж буй. Тухайлбал, контент зөрчилтэй, эсэхийг хянан шийдвэрлэх нөхцөлүүдийн дунд “Нийтэлсэн хэрэглэгчийн олон нийтийн сүлжээндэх нөлөө бүхий байдал” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэглэгч нийгмийн сүлжээнд нөлөө ихтэй бол контентыг нь зөрчилтэй гэж үзэх магадлал өндөрсөх нь. Үүнийг олон дагагчтай, нөлөө бүхий хүмүүсийн дуу хоолойг нь хязгаарлах оролдлого гэж харж байна.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд ийм заалт байсан ч УИХ батлахдаа тэр чигт нь хассан.
-Олон нийтийн сүлжээ бол иргэд үзэл бодлоо ил тод, нээлттэй илэрхийлэх чөлөөт индэр болдог орон зай. Энэ орон зайд цензур тогтоох нь улс төрчдөд л хамгийн ашигтай. Тиймээс иргэд, олон нийт үүнийг улс төрчдийн захиалгатай, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгыг илт агуулсан хууль гэж шүүмжилж байгаа. Үүнийг батлах нэг жишээ нь, нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг нийгмийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээсэн тохиолдолд зөрчилтэй контентод тооцно гэх агуулга. Та иргэдийн байр суурьтай санал нийлж байна уу?
-Үүнийг ингэж олон талаас ярилцаж байгаа нь эрүүл үзэгдэл. Хардлага сэрдлэг байсан ч тэр. Хамгийн гол нь тухай бүрт үндэслэлтэй тайлбар, мэдээлэл өгчих хэрэгтэй. Хуулийн зүйл, заалт, агуулгыг дутуу дундуур ойлгосон, эсвэл зөвхөн өөрийнхөө өнцгөөс тайлбарласан зүйл нэлээд ажиглагдлаа. Тэглээ гээд буруутгах аргагүй. Хүмүүс ямар нэг байдлаар энэ асуудалд анхаарал хандуулж, өөртөө хамаатуулан, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чухал гэдэг байр сууриас хандаж байгаа нь сайн хэрэг. Ямар ч улсад ийм зүйл байдаг. Харин юу дутагдаж байна вэ гэвэл мэргэжлийн, ул суурьтай дүгнэлт. “Хөөсөрсөн”, хардсан шинжчанартай яриа, мэдээллээс илүү мэргэжлийн хүмүүсийн дүн шинжилгээ илүү ач холбогдолтой юм. Констрактив байдлаар дуу хоолойгоо илэрхийлж байгаа хүмүүс мэдээж бий. Гэхдээ олонх нь учир начраа олохгүй эсэргүүцэж байгаа харагдсан.
-Захиалгатай, хуурамч хаягуудыг энэ хуулиар цэгцэлнэ гэж ярьж буй. Гэтэл нөгөө талдаа үүнийг хэрхэн тогтоож, хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Иргэд аюулгүй байдлаа хангах үүднээс нэр, зүсээ нууцалж, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй шүүдээ. Үүний ялгаа заагийг яаж тогтоож, хэрхэн зохицуулах юм бэ?
-ХЭҮК-оос нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж, санал дэвшүүлсэн зүйлүүдийн нэг нь энэ юм. Anonymia буюу нэрээ нууцлах эрхийн асуудал нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, шүгэл үлээгчид нэр, нүүрээ нууцалж, олон нийтэд мэдээлэл хүргэж, үзэл бодлоо илэрхийлдэг. Энэ нь нийгэмд шударга ёс тогтооход чухал ач холбогдолтой. Тиймээс интернэтээр хангагдах, нэрээ нууцлах эрхийн асуудал сүүлийн үед НҮБ-ын түвшинд их яригдаж байна. Гэтэл нөгөө талдаа хэн нэгний нэр, зургийг ашиглаж, хуурамч хаяг нээгээд, түүгээрээ бусдыг гутаан доромжлох, залилах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг тохиолдол өчнөөн. Энэ асуудлыг яаж зохицуулах юм бэ. Одоогийн нөхцөлд хамгийн боломжийн шийдэл нь хэрэглэгч сошиал медиад анх бүртгүүлэхдээ өөрийн жинхэнэ хаяг, утасны дугаар, цахим шуудангаа оруулаад, харин платформд үйл ажиллагаа явуулахдаа өөр нэр ашиглах ийм зохицуулалт л байна. Үүнийг ямар арга замаар хэрхэн зохицуулах вэ гэдгийг хуульд тодор хой тусгасан бол хэрэгжүүлэхэд амар, ойлгомжтой байх байлаа. Гэтэл түргэн түүхий хандсаны улмаас орхигдуулсан. Мөн олон нийтийн төвтэй холбоотой тодорхойгүй асуудлууд ч бий. Бүх сошиал медиа платформд хэрэглэгч өөрөө хязгаарлалт хийдэг функц байдаг. “Миний эсрэг ийм хортой контент яваад байна. Үүнийг хязгаарлая” гэдэг хүсэлтийг хэрэглэгч хэзээ ч илгээх боломжтой гэсэн үг. Гэвч англи хэлний мэдлэггүй, сошиал медиагийн тэр олон функцын утга учрыг мэдэхгүй хүн энэ боломжийг ашиглаж чаддаггүй. Олон нийтийн төв ийм хүмүүст туслах зорилгоор хүсэлтийг нь хүлээж аваад, түүний дагуу холбогдох байгууллагуудад хандах юм. Зөрчилтэй контент их байна уу гэвэл тийм. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой асуудал яригддаг. Цэгцэнд оруулах нь зүйтэй. Энэ талаас нь харвал олон нийтийн төв нийгэмд чухал ач холбогдолтой байгууллага. Харин үйл ажиллагаа нь нээлттэй биш, эсвэл ямар нэг эрх мэдэлтэн дур зоргоороо үйл ажиллагаанд нь нөлөөлөөд эхлэх юм бол иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэл үүсэж болзошгүй. “Фэйсбүүк” компани аль улсаас ямар контент хязгаарлах хүсэлт ирүүлсэн, түүнийг хэрхэн шийдвэрлэснээ олон нийтэд нээлттэй тайлагнаж, мэдээлдэг. Олон нийтийн төв яг л үүнтэй ижил байдлаар ил тод үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг зөрчилтэй контентод тооцохоор хуульд тусгасан. Тэгвэл ийм тохиолдолд тус төв цагдаа, шүүх байгууллагатай хэрхэн холбогдож, яаж зохицуулах ёстой юм. Энэ асуудал одоо ч тодорхой биш байна. ХЭҮК хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх эрсдэлийг хаах бүх боломжит хувилбар бүхий зохицуулалтыг журмын төслийн саналд тусгана. Дан ганц энэ ч биш, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, цаашлаад Монгол Улсад технологи нэвтрүүлж буй нөхцөлүүд хүний эрхийн зарчимд нийцэж байна уу гэдэг чиглэлээр мониторинг хийдэг байгууллагуудтай хамтарч ажиллана.
-Дэлхий улс орнуудын жишиг ямар байдаг юм бэ. Манайх шигийм хууль баталж, Засгийн газрынхаа харьяанд тусгай төв байгуулаад, нийгмийн сүлжээнд цензур тогтоодог жишиг бий юү?
-Бас л судлах шаардлагатай асуудал. Дэлхийн бусад улс үүнийг хэрхэн зохицуулж байна вэ. Өнөөдрийн байдлаар нэгдсэн хууль тогтоомж, зохицуулалтын оновчтой жишээ боло хуйц загвар алга. Тухайн улсын эдийн засгийн түвшин, эрх зүйн зохицуулалт, технологийн компаниудын хөгжил, тэдэнд нөлөөлөх байдал зэргээс хамаараад зохицуулах боломж, чадавх нь харилцан адилгүй байна. ЦХХХЯ-ныхан төслөө ХБНГУ-ын хуулийн загвараар боловсруулсан юм билээ. Тус улсын хуулийг Фридрих-Эбертийн сангаас орчуулж, олон нийтийн хүртээл болгосон. Энэ бол нэг л улсын загвар. Тэгвэл өөр оронд, тухайлбал, Африк, Ази, Номхон далайн улсуудад үүнийг ямар байдлаар зохицуулдаг юм бэ. Бүгд өөр. Австрали гэхэд хязгаарлах контентоо маш тодорхой заасан. Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмд лайв хийж, мөргөл үйлдэж байсан хүмүүсийг бөөнөөр нь хядсан үйл явдал хоёр жилийн өмнө болсон. Үүнээс үүдээд нийгмийн сүлжээгээр шууд дамжуулж байгаа хүчирхийллийн шинж чанартай, зөрчилтэй контентыг нэн даруй хязгаарлахаар зохицуулсан байдаг. Мөн эрх зүйн зохицуулалтынхаа хүрээнд иргэдийг эхний ээлжид өөрсдөө хязгаарлалт хийхийг зөвлөдөг. Англи хэлтэй улс орны иргэдэд энэ нь тийм ч хэцүү зүйл биш. Монгол Улсын тухайд төр иргэддээ туслах үүрэг хүлээх гарцаагүй шаардлага гарч байж магадгүй. Тэр нь олон нийттэй харилцах нэгж байгуулах үндэслэл байж болно. Энэ асуудлыг зохицуулахдаа хүний эрх, эрх чөлөөний эмзэг тэнцвэрийг олж, арга замуудыг нь мэдэж байж, дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа сошиал медиа платформууд, Монгол Улсын холбогдох байгууллага, институцүүдтэй яаж ажиллах вэ гэдгийг сайтар судалж, тусгах ёстой байсан юм. Гэвч бидэнд тийм судалгаа дутагдаж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг яаран баталлаа.
-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг цөөнгүй байгууллага эсэргүүцэж, зарим нь холбогдох газруудад мэдэгдэл, шаардлага хүргүүлсээр байна. Харин хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг хүлээсэн, хараат бус, бие даасан бүтэцтэй үндэсний томоохон гол байгууллага нь энэ үед чимээ аниргүй буйд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.
-Яг тухайн үед нийгэмд үүссэн үйл явцыг нарийн анзаарсан хүнд арай өөр дүр зураг харагдана. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн эхний өдөр ХЭҮК үүнийг эрс эсэргүүцлээ гэсэн мэдээллийг хэд хэдэн платформ түгээсэн. Дараа нь ХЭҮК энэ хуулийг зөвшөөрч, дэмжлээ гэдэг “мессеж” явсан. Бидний хувьд хууль яаж батлагдсан бэ гэдэг үр дүн чухал. Тэгж байж олон нийтийн эрх ашгийг хамгаална. Сайн, муу нэр зүүх, эсэх нь дараагийн асуудал. Эхний ээлжид “Эрсдэлтэй байна шүү. Олон нийт үүнд анхаарал хандуулаарай. Судлах шаардлагатай” гэдэг дуу хоолойг илэрхийлэхийн хамт хуулийн төсөлд ажиллах шаардлагатай болсон юм. ХЭҮК-ын тавьсан саналыг ажлын хэсэг тодорхой түвшинд хүлээж авсан. Хуулийг батлах, эсэх нь бидний асуудал биш. Харин хуулийн төсөл ямар байх вэ гэдэг нь бидэнд хамаатай асуудал. Ямартай ч ийм эрх зүйн зохицуулалт бий болголоо. Хууль тогтоогч бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргалаа. Бид бүрэн сэтгэл хангалуун биш ч, тодорхой хэмжээнд дээрдүүлсэн гэж үзсэн учраас, та бүхний илгээлтээ өгсөн гишүүд үүнийг нэгэнт батлахаар шийдвэрлэсэн тул ХЭҮК сайн нэр хичээгээд зугтахыг бодсонгүй. Муу нэрийг үүрээд ч болов үр дүнг нь сайн болгохыг хичээлээ.