Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 16.00 цагт хүлээн авлаа.
Нийслэлийн Прокурорын газраас дээрх эрүүгийн хэргийг энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн өнгөрсөн оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна.
Мөн аргачлалын 3.1.2.7.4-т “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ.