МАН-ын байранд 2008 оны долдугаар сарын 1-ээс хойш муу ёр шүглэв үү гэлтэй өөд нар харахаа байлаа. Сонгуулийн үймээнээс болж юу ч үгүй болтлоо шатсан байрны туурь дээр намынхаа гишүүдийн хөрөнгөөр шинэ ордон сүндэрлүүллээ гэх ч яг үнэндээ татвар төлөгчдийн 14.6 тэрбум төгрөгөөр боссон байр анхнаасаа л хэл ам дагуулсан. Маргааш нээлтээ хийхээр завдаж буй байрны будаг нь ч хатаагүй байтал гал гарч багагүй сандаргасан. Түүнээс хойш арав ч хоноогүй байхад галын үеэр гарсан гэмтлийг сэргээн засахаар ажиллаж байсан барилгын ажилтан дөрвөн давхраас унаж, хүнд гэмтжээ. “Энэ сарын 23-24-нд шилжих шөнө тус байрны зургаан давхраас хүн унаж гэмтлээ” гэсэн мэдээллийн мөрөөр өчигдөр 10.00 цагийн үед манай сурвалжлах хэсэг Тусгаар тогтнолын ордны үүдэнд очиход, тэндхийн ажилчид “Сүртэй юм болоогүй гэсэн. Зургадугаар давхарт ажиллаж байсан хүн шатнаасаа унаж, хөнгөн гэмтээд ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэж дуулсан” хэмээн ярив.
Ерөнхий инженертэй нь уулзахаар дотогш ороход хамгаалагч гэх эрээн хувцастай, 30 орчим настай эрэгтэй “Би юу ч мэдэхгүй. Чи ер нь дандаа миний ажлыг шалгаж байдаг хэн юм” хэмээн чирч, гудачсаар гаргав. Барилгын гадаа ажиллаж байсан жолоочоос юу болсныг асуухад “Энэ олон ажилчдаас хэн нь, хаана, яасныг мэдэх хэцүү. Дотор байгаа ерөнхий инженерээс нь л асуу” гэв. Нэлээд гуйсны эцэст түүнээс инженерийнх нь утасны дугаарыг авлаа. Тэр жолооч нойр муутай байгаа бололтой нүд нь улайсан харагдав. Инженер гэх хүн утсаа авсан ч “Би юу ч мэдэхгүй. Мэдээлэл өгөх боломжгүй” гээд нэрээ ч хэлэлгүй утсаа тасаллаа. МАН-ын дарга нараас тодруулах гэтэл бүгд утсаа авсангүй.
Хэдэн настай, хэн гэдэг хүн гэмтсэнийг тодруулахаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны хоногийн мэдээг шүүлгэхэд энэ хэргийн талаар огт бүртгүүлээгүй байв. Харин ГССҮТ-ийн Хүлээн авахаас “Унаж гэмтсэн” гэж бүртгүүлсэн таван хүний нэрийг аван, тодруулж явсаар Тархи нугасны тасагт эмчлүүлж буй 25 настай Даваадорж гэх залуугийн ээж Б.Амаржаргалтай уулзаж, МАН-ын байранд гэмтсэн хүн түүний хүү болохыг мэдээд түүнтэй ярилцлаа.
-Одоо хүүгийн чинь бие ямар байна вэ?
-Ухаан нь орж гараад маш муу байна. Тархи, нугасандаа хүнд гэмтэл авсан гэсэн. “Тархинд нь мэс засал хийх шаардлагатай ч хагалгаа даахгүй” гэж эмч нь хэлсэн. Шөнө ах нь сахиж хоноод одоо бэр маань дэргэд нь харж байна. Би хөдөөнөөс орж ирээд удаагүй байна л даа. Хүү маань Баянзүрх дүүрэгт эхнэр, хүүхэдтэйгээ хадмындаа амьдардаг юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн МАН-ын байранд ажилласан. Ажил нь дуусахын алдад ингэж гэмтсэн нь үнэхээр харамсмаар.
-Зургадугаар давхарт ажиллаж байгаад шатнаас унаж, хөнгөн гэмтсэн гэж тэндхийн ажилчид ярьсан. Яг юу болсон юм бол?
-Шөнө 02.00 цаг өнгөрч байхад хүн утасдаж хэлсэн. Бид 03.00 цагийн үед ГССҮТ-д ирсэн. Хүү маань саяхан гарсан галын үеэр гэмтсэн агааржуулах хоолойг засахаар дөрөвдүгээр давхарт ажиллаж байсан юм билээ. Тэнд хүүгээс маань гадна гурван хүн байсан гэсэн. Дээрээс нь тоосго унаж, цохисноос уг осол гарсан байна лээ. Хамгаалалтын бэхэлгээгүй байсны улмаас зоорийн давхар руу унасан гэсэн. Зоорь нь хоёр давхар болохоор зургаан давхраас унасан гэсэн үг.
-Хүүгийн чинь ажлынхан нь эм тарианы туслалцаа дэмжлэг үзүүлж байна уу?
-Үгүй ээ. Шөнө эмнэлэгт хүргэж өгсөн байх. Өглөө нэг хүн ирээд “Байрныхаа ажлыг дуусгахгүй бол болохгүй” гээд л явсан. Саяхан цагдаа мэдүүлэг авахаар ирсэн ч хүү маань ухаангүй байсан болохоор миний утасны дугаарыг аваад явлаа. Эрүүл саруул, ид хийж бүтээдэг насандаа яваа хүү минь ажлаа хийж яваад үхлийн ирмэгт хүрсэнд гомдолтой байна хэмээн ярилаа.
Энэ үед хохирогчийн эгч гэх эмэгтэй “Дүүг маань өөрийнхөө болгоомжгүйгээс л осолдлоо гэх байх. Гэхдээ дөрөв хоногийн турш нойргүй ажилласан хүн гэнэдэх нь аргагүй шүү дээ. МАН-ынхан товлосон цагтаа байрныхаа нээлтийг хийх гээд барилгын ажилчдын эрхийг дэндүү зөрчиж байгаа” гэв.