“Балдорж” сан, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуультай хамтран сэтгүүл зүйн шүүмжийн уралдааныг өнгөрсөн оны сүүлчээр зургаа дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн, zindaa.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Э.Адъяасүрэнгийн “Нөхөө” ярилцлага буюу үхсэн хүн үг хэлдэг үү” шүүмжийг хүргэж байна.
Улирч буй 2022 оны хаврын тэргүүн сард нэгэн шагхийсэн зузаан бүтээл мэндэлсэн нь сэтгүүл зүйн салбарт төдийгүй утга зохиол, түүхийн хүрээ нийхний дунд багагүй шуугиан тарьсан “Суут нууц” ном байлаа. Тэрхүү бүтээлийн эзэн бол улстөрчдийн памфлет хөрөг дагнан бичдэг, “Гол тоглогч-1, 2, 3” номын зохиогч, сэтгүүлч Д.Дамдинжав юм.
Уг бүтээл нь өөр өөр цаг үеийг төлөөлж, Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн суут хүмүүсийн үйл хэрэг, үлдээсэн сургаалыг тун сонирхолтой, содон өнцгөөр, монгол хэлний он цагийн ялгамжтай үгсийн санг ашиглан, ярилцлага хэлбэрээр туурвиж, ном болгон гаргажээ. Энэхүү бүтээлд миний бие шүүмж бичихээр зориглон барьж авсан нь дараах хэд хэдэн асуудлыг хөндөх, тодотгон бататгах, улмаар төрөл зүйлийн болон нэр томьёоны хувьд санал дэвшүүлж, хэлэлцүүлэх зорилго агуулсан билээ. Тухайлбал, эдгээр ярилцлага нь агуулга, хэлбэр, бичлэгийн төрөл зүйлийн хувьд сэтгүүл зүйн бүтээлд хамаарах уу, эсвэл судалгааны болоод түүхэн уран зохиолын төрөлд багтах уу. Сэтгүүл зүйн бүтээлдхамааруулж авч үзлээ гэхэд уран бүтээлчийн ёс зүйн асуудал хөндөгдөх үү. Өөрөөр хэлбэл, эдүгээ бидний дунд байхгүй, нас барчихсан хүмүүсийн “нэрийг барьж”, ярилцлага хийсэн мэт “уран сэтгэмжлэх” нь бодит үнэнд хэр нийцэх вэ. Бичлэгийн хэлбэрийн хувьд сэтгүүл зүйн бичлэгийн нэгэн төрөл байх үндэслэлтэй бол нэр томьёоны хувьд юу гэх вэ. Эдгээр асуултад хариулт хайж, “Суут нууц” номд орсон есөн алдартантай хийсэн “ярилцлага”, түүнд дурдагдсан баримт, мэдээллийг бодит эх сурвалжтай харьцуулж, дүгнэхийг хичээлээ.
Нэг. “СУУТ НУУЦ” НОМЫН ЯРИЛЦЛАГУУД СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛ МӨН ҮҮ
“Цаг хугацаагаар аялагч хангарьд” хэмээх дэд гарчгаар тодотгосон энэхүү “Суут нууц” ном нь Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн, эдүгээ бидний дунд хэдийн байхгүй болсон алдартай есөн эрхмийг сонгож, өөдөөс нь харж суугаа мэт “ярилцсан” бичлэгийн өвөрмөц хэлбэртэй. Ном болж эмхэтгэсэн хугацаа нь саяхан боловч Д.Дамдинжав анх 2006 онд хэвлүүлсэн “Бусдын сүм дэх миний эрх чөлөө” бүтээлийн түүвэртээ Модун Шанью, Чингис хаан, Солийн Данзан нартай “ярилцсан” гурван бүтээл оруулсан нь бий. Түүний дараа 2015 онд хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ яг энэ хэлбэрээр их эрдэмтэн Бямбын Ринчен, бичгийн их хүн Цэндийн Дамдинсүрэн нартай “ярилцсан нь” baabar.mn сайтын нийтлэлчийн буланд нийтлэгдэж байв. М.Саруул-Эрдэнэ нийтлэлч тэдгээр “ярилцлага”-ынхаа санааг АНУ-ын Конгрессын номын сангийн хананд хадагдсан “Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй” хэмээсэн Шотландын гүн ухаантан Томас Карлайлын хэлсэн үгнээс авсан байна. Тэрбээр “Их хаан маань эргэж ирээд ингэж хэллээ л гэнэ, Ринчен, Дамдинсүрэн байсан бол ингэх байсан л гэнэ, хэн мэдлээ. Гэтэл үнэн хэрэгтээ их эрдэмтэд маань үг сургаалаа хангалттай хэлээд, бичээд, ном судраа хэвлүүлээд үлдээчихсэн байгаа. Түүнийг нь харин унших хүн бараг үгүй. Энэ мэтийг бодож суутал орчин үеийн хойргодуухан уншигчдад их мэргэдийн ном сургаалыг хүргэх нэгэн арга байж болохоор санагдав” хэмээн энэхүү хэлбэрийг сонгож бичсэн үндэслэлээ тайлбарлажээ.
Өнөөгийн хурдтай нийгэмд иргэд том том ном унших цаг завгүй болсон, хүүхэд, залуус сэтгүүл зүйн “ярилцлага” хэмээх төрлийг л илүүтэй сонирхох болоод байгаа билээ. Тэгээд ч ингэж хэлжээ гэж тоочсоноос, асууж ярилцсан маягтай байвал хүнд илүү дотно сонстож, хэлсэн үгс нь олон жилийн өмнө бичээд үлдээсэн дурсгал гэхээсээ илүү, одоо ч үнэ цэнтэй, ухаж бодмоор санаа гэж бодогдох магадлалтай юм. Доктор М.Саруул-Эрдэнийн хувьд, тухайн үедээ сэтгүүл зүйн бичлэгийн төрөлд шинээр нэмэгдсэн ч түгээмэл ашиглагддаггүй төрөл хэрэглэж буйгаа төдий л анзаараагүй, бүтээл нийтлэлээ олон нийтэд хамгийн дөт, уншигдахуйц хэлбэрээр хүргэх гэсэн оролдлогоор санаачлан туурвисан бололтой. Хэрэв тэрбээр энэ төрлийг цааш үргэлжлүүлэн хэл шинжлэлийн болоод бусад салбарын эрдэмтэн мэргэд агснуудтай “нэхэн ярилцсан” бол олон сонирхолтой бүтээл төрөх байсан нь дамжиггүй. Эдгээрээс ч өмнө 2000 оны эхээр Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даваадаш “Чан Чун Бумбатай эдүгэчилсэн ярилцлага” гэж хийж байсан мэдээлэл байх боловч харамсалтай нь эх бичвэрийг хайгаад олоогүйгээ мөн дурдах нь зүйтэй.
Д.Дамдинжавын тухайд энэхүү төрлийг дагнан бичиж, үргэлжлүүлэн эрэл хайгуул хийсээр ирсэн бөгөөд 2019 оноос улирал тутмын “Зиндаа” сэтгүүлд цувралаар нийтэлж байна. Сэтгүүлд нийтлэгдсэн эхний ярилцлага нь Мянганы их хүн Чингис хаантай хийснээ нэмэн сайжруулсан хувилбар байсан бөгөөд тухайн үедээ уншигчдын талархал, шүүмжлэлийг зэрэг хүлээж байв. Тухайн мөчөөс уншигчдын анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан учир нь хүн төрөлхтний мянганы хүнээр тодорсон суут Богд эзэн Чингис хаантай ярилцлага хийнэ гэж сэтгэхэд ч боломжгүй мэт санагдсантай холбоотой. Аль XIII зуунд амьдарч байсан их хаантай XXI зууны сэтгүүлч “уулзаж”, улмаар ярилцлага хийлээ гэвэл үнэнд үл нийцнэ. Гэвч таалал төгссөн ч түүний үлдээсэн билиг сургаал, ном бичмэл, уг сурвалж бүрээс аливаа асуултад хариулт хайж болдог ёсон бий.
Сэтгүүл зүйн бүтээлийн жагсаалтад сorrespondence interview буюу эчнээ ярилцлага, эдүгэчилсэн ярилцлага гэх мэтээр монгол хэлнээ буулгаж болох энэ төрөл нь XX зууны эхээр АНУ-д анх үүссэн хэмээн тэмдэглэгдсэн байна. Дэлхийн сэтгүүл зүйн хөгжилд том дэвшил болж, Адольф Гитлер, Наполеон Бонапарт, Абрахам Линколын зэрэг алдартантай “эчнээ ярилцсан” бүтээл дэлхий нийтийг шуугиулж байсан аж. Яг бодитой баримт үлдээсэн бүтээл бол АНУ-ын нэрт зохиолч, астрологич Сюзан Миллерийн 1997 оны наймдугаар сарын 1-нд олны хүртээл болгосон “Interviews with famous dead people” буюу “Талийгаач суутнуудтай хийсэн ярилцлага” номыг дурдаж болно. Хувь хүний намтар судлал, одон орон судлалд үндэслэсэн зурхайн зурлага, тэдгээрийг алдартны хувь онцлогоор төлөөлүүлсэн зэрэг агуулга бүхий нийт 17 бестселлер бүтээлийн зохиогч тэрбээр дээрх номдоо XX зууны алдарт жүжигчин, дуучин Мэрилэн Монрогоос үхлийнх нь шалтгааныг тодруулж, өөрийн мөрдөн мөшгөсөн хувилбараа дэвшүүлснээс эхлээд эргэлзээтэй олон асуултад алдартнуудын өмнөөс хариулт өгч шуугиан тарьсан юм. Уг бүтээлийг тухайн үед бодит үнэнийг гажуудуулсан, төсөөллийн уран зохиол мэтээр үзэх нэгэн байхад сэтгүүл зүйн эрэн сурвалжлах, баримт боловсруулах нэг төрлийн сурвалжилгын ажил гэж үзэж, судалгааны болон кино урлагийн бүтээлүүдэд эх сурвалж болгон эшилсэн нь бий. Орос хэлэнд ч мөн заочное интервью хэмээх жанраар амьдчилан ярилцсан тохиолдлууд бий. Монголд Л.Норовсүрэнгийн “Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл”, Ч.Чойсамбын “Мэдээллийн бичлэгийн төрөл” номд эчнээ ярилцлагын тухай дурдсан байдаг.
Ерөнхийдөө энэ төрөл нь өнөө цаг үед байхгүй хэн нэгэнтэй “амьдчилан ярилцаж”, үүгээрээ дамжуулан тэр хүний үйл хэрэг, үзэл бодлыг үнэмшилтэйгээр нээн харуулахыг зорьдог. Ингэхдээ тухайн хүний хариултаар дамжуулан түүхийг гүжирдэх, гөрдөх, мушгин гуйвуулах, буруу ташаа ойлголт өгөх ёсгүй. Зүй нь ярилцагч гээд байгаа нас нөгчигчийн яг хэлсэн үгнүүдийг ном бүтээл, ярилцлагаас нь шууд авч, эшилж хариулт хийдэг. Түүнээс биш ингэж хариулах байсан болов уу гэж зохиож бичдэггүй. Үүний тулд эчнээ ярилцлага хийгч сэтгүүлчийн зүгээс маш их судалгаа, баримт материал, мэдрэмж, түүхийн мэдлэг шаарддаг. Д.Дамдинжавын эдгээр ярилцлага нь суутнуудын хэлсэн үг, үйлдэл, тэдгээрийг судлан шинжилсэн эрдэмтдийн бүтээлийг эш үндэс болгосноороо баримтат сэтгүүл зүйн нэг төрөлд хамааруулах бүрэн боломжтой байна.
Хоёр. “ТҮҮХИЙН АЛДАС” БУЮУ ҮХЭГСЭД ҮГ ХЭЛДЭГ ҮҮҮ
Хэрэв “Суут нууц”-ын ярилцлагууд сэтгүүл зүйн төрөл юм бол сэтгүүлч бүр ингээд бичиж болох уу. Өөрөөр хэлбэл, нэгэнт байхгүй болсон суутнуудын өмнөөс хариулт зохиож, сэтгэлийнх нь эмзэглэл, алдаа оноогоо дэнсэлсэн бодол эргэцүүллийг нь уран сэтгэмжилж, бүр уйлуулж, инээлгэж, орилж хашхируулаад байж болох уу. Энэ нь хэрэв бодит үнэнээс гажуудвал наанадаж тэдгээр эрхмийн үр хойчийн өмнө, цаанадаж үнэн бодит түүхэн сурвалжийг төөрөлдүүлж “алдас” болох хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал эхний ээлжид зүй ёсоор гарч ирнэ. Хоёрдугаарт, 1982 онд төрсөн залуу зохиолч, сэтгүүлч хүн түүхэн зүтгэлтнүүдтэй ярилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй юү гэсэн асуулт гарч ирнэ. Одоо ч учир нь тайлагдаагүй асуултын тэмдэгтэй хэвээр байгаа түүхийн маргааныг барьж авч, суутнуудын өмнөөс үг хэлүүлэх эрхтэй хүн үү гэдэг асуулт мөн тавигдах нь тодорхой.
Энэ талаар Д.Дамдинжав ярилцлагадаа “Би энэ номыг бүтээх гэж 15 жилийн уйгагүй судалгаа, эрэл хайгуул, хөдөлмөрөө зарцуулсан. Нэг үг, өгүүлбэр ч түүхээс гажих ёсгүй гэсэн хатуу итгэл үнэмшлээ гол зарчим болгосон. Хэрэв нэг л халтирч гишгэвэл би түүхчдийн хараанаас мултрахгүй. Ингэснээр миний сэтгүүл зүйн болоод зохиогчийн карьер нэгмөсөн дуусах юм. Муу хийх бол хийх хэрэггүй, алдас болно гэсэн багшийнхаа үгийг ч бодсон. Хамгийн эрс дэлтэй нь их түүхэндээ сэв суулгасан гэм нүглийг амьдралынхаа төгсгөл хүртэл үүрэх болно” хэмээсэн. Түүний энэ ярилцлагаас харахад бичлэгийн төрөл зүйлийн хувьд хэн ч бичих нээлттэй боловч түүхэнд харшлах нэг үг, өгүүлбэр ч байж болохгүй гэсэн өндөр хариуцлагыг үүрчээ. Хэрэв алдаа гаргавал ирж болох эрсдэлийг урьдчилан тооцсон нь сэтгүүлчээс бичлэгийн ур чадвар уйгагүй хөдөлмөрөөс гадна маш их зориг шаардсан нь тодорхой байна. Тэрбээр баримтыг ярилцлагад ашиглахдаа хуурайгаар биш, уншигчдын сонирхлыг татахуйц байдлаар буюу утга зохиолын бичлэгийн аргаар баяжуулан бичсэн нь олзуурхууштай.
Түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Д.Өлзийбаатар “Би Д.Дамдинжавын бүтээлийг үзээд залуу зохиолчийн сэтгэлгээний цар хүрээ, асуудлыг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх гайхалтай чадвар, тухайн цаг үеийн улс орны түүхэн бодит байдлыг мэдэрсэн нарийн мэдрэмж, ерөнхий түүхийн өргөн мэдлэгийг нь бахдан бахархсан. Түүний энэ бүтээлээс түүхийн философийн судалгааны аргууд ажиглагдах бөгөөд тухайн түүхэн цаг үед амьдарч байсан хүний үзэл бодол, сэтгэл хөдлөл, үйл ажиллагааны чиг хандлагыг тэр онцлог торгон агшинд нь хүүрнэн ярилцаж эдүгээ цагийн түмэн олонд хүргэсэн нь нэн сонирхолтой” хэмээсэн нь судлагдахуун талаасаа ямар нэг дүрэм журам зөрчөөгүй, онол арга зүйд харшлаагүй, гагцхүү үнэн бодитой байх шалгуурт нийцсэнийг илтгэж буй хэрэг юм.
Тэгвэл доктор, нийтлэлч М.Саруул-Эрдэнийн энэ төрлөөр анх бичих санаа, сэдэл авсан “Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү ном оршмуй” хэмээх үгийн утга санаа руу өнгийе. Шотландын гүн ухаантны хэлсэн энэ үг одогсдын санаа бодол ямар нэг далд хүч, увдист сэжмээр одоо амьд байгаа хүний оюун санаанд орж ирдэг гэх төсөөлөл, бодит байдал аль нь үл мэдэгдэх ойлголтыг үгүйсгээгүй. Гэсэн ч зөвхөн ном, судар, бичгийн бүтээлд цагаан дээр хараар үлдсэн эх сурвалжаас өөр “сүнслэг” үнэн оршихуй байхгүйг сургамжилж, басхүү нотолж үлдээсэн байх юм. Товчхондоо, халин одогсдын сүнс онгодыг дууддаг бөө олширч, түүнд итгэгсэд нэмэгдээд, ном унших нь багасаад буй өнөө үед учрыг нь ухан ойлговоос нэн хэрэгтэй үг аж. Гэхдээ түүний бүтээл анхнаасаа ярилцагчийн зорилго агуулаагүй бөгөөд алдартнуудыг үг сургаал, үйл хэргийг нөхөн сэргээх, ухан шинжлэх, нэхэн үгүйлэх зорилго бүхий нийтлэлийн өнгө аястай байна.
Бичлэгийн төрлийн хувьд одогсдын өмнөөс “орлуулан тоглох” нь ямар нэг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн асуудал биш, харин ч сэтгүүлчийн өөрөөр сэтгэсэн, өвөрмөцийн эрэлд хатсан, бүтээлч хайгуулч ажил болохыг дээрх эшлэлүүдээр бататгаж болно. Хэзээ ч уулзах боломжгүй хүнтэй уулзах шид гагцхүү номд л оршдог логик утгаар харахад угаас энэ нь боломжтой төдийгүй, бүр хөгжин дэвжих, төгсрөн сайжрах ёстой төрөл гэж хэлэхээр байна. Гэхдээ “Суут нууц” ном нь хэлбэрийн хувьд одоо ч шүүмжлэл дагуулсаар байгааг заавал дурдах ёстой. “Өглөөний сонин”-ы тоймч С.Ууганбаяр “Хойшид Их Монгол Улсын түүхээ хэрхэн яаж нэг мөр зам дээр гаргаж үлдээх вэ хэмээн бичгийн ихэс дээдэс шаналах болсон энэ цагт бас нэг нөхрийн “нууц” олноо дэлгэгдэж байгаа нь зөв үү, буруу юу гэдэг эргэлзээ төрөв. Нөгөө талаар уран зохиолчид нь уран зохиолоо, түүхчид нь түүхээ эргүүлж тойруулмаар байна гэх салбарын зүтгэлтнүүдийн шаналанг нэмсэн нэг ном уншигчдын гар дээр очсон нь төдийлөн таалалд нийцэхгүй байна” хэмээн “Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд буюу “Суут нууц”-ын тухай” нийтлэлдээ шүүмжилжээ. Энэхүү нийтлэлд С.Ууганбаяр тоймч “Сэтгүүлч нь сэтгүүл зүйн бүтээлээ яг тогтсон хэлбэр загвараар нь, уран зохиолчид нь уран зохиолоо тухайн хүрээнд нь, түүхчид нь түүхийн бүтээлээ судлагдахуун, арга зүйд нь нийцүүлэн бүтээх учиртай байтал энэ гурван том салбарыг нэг тогоонд чихэх гэлээ” гэсэн шүүмжлэл дэвшүүлсэн болохоос биш, талийгаачдын өмнөөс үг, өгүүлбэр зохиохыг шүүмжлээгүй байна. Ер нь улирч одсон хүмүүсийг “амилуулах” нь кино урлаг, утга зохиол, соён гэгээрлийн салбараас халиад мэйк-ап арт, загвар дизайн, бүр шоу бизнест хүртэл нэвтрээд буй.
Технологийн хөгжил хүний хөгжлийг ч хол хаячихаад байгаа өнөө үед халин одогсдыг компьютер графикийн тусламжтайгаар “амилуулан”, дуу хоолойг нь сэргээн, ар гэрийнхэнтэй нь уулзуулж, харилцан яриулах, элгийг нь дэвтээх төлбөртэй үйлчилгээ хүртэл гарчихаад байхад түүхэнд нэрээ мөнхөлж үлдээсэн эгэлгүй хүмүүсийн амьдрал, замнал, үг сургаалаас нэгэнт үлдсэн сурвалжуудад дөрөөлөн, өнөө үеийнхний харьцангуй түгээмэл сонирхож мэдэх бичлэгийн төрөлд хөрвүүлэн энэ цаг мөчид зөөж авчирч байгаа нь ямар нэг хэм хэмжээ зөрчөөгүй бөгөөд харин ч мартсаныг сануулж, санасныг батжуулсан буянтай үйлс гэхээр байна. Гагцхүү ганц үг, өгүүлбэр, тоо баримтыг ч хийсвэрлэх, гоёчлох, дур мэдэн солих гэх мэтээр өнгөрсөн рүүгээ өргөс шидэлгүй, сэтгэлийн хөөрлөөр бус, шинжлэх ухааны аргаар бүтээх учиртай.
Гурав. БИЧЛЭГИЙН ТӨРЛИЙН НЭРШИЛ ОНОВЧТОЙ ЮУ
Бичил шүүмж минь явсаар “Суут нууц” номыг хэлбэрийн хувьд баримт, судалгаанд суурилсан сэтгүүлчийн бүтээлч ажил байх боломжтой, сэтгүүл зүйн бичлэгийн шинэ тутамд гарч ирж буй нэгэн төрөл гэдэг дүгнэлт дээр ирлээ. Тэгвэл энэ төрөл нь зохиогчийн өөрийнх нь томьёолсноор эчнээ ярилцлага мөн үү?
Юуны түрүүнд эчнээ гэдэг үгийг Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Нууц далд” гэж тайлбарлажээ. “Эчнээ бодлого агуулж, эцсийн завшааныг горилж байна” гэдэг нь далд санаа агуулж, хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх гэж буйг, “Алдаж осолдсон биш далдуур, эчнээ санаагаар үйлдсэн хэрэг” гэх нь анхнаасаа төлөвлөсөн, дотор санаагаар, зориудаар гэсэн утгыг илэрхийлж байна. Мөн “эчнээгээр” (нууцаар, далдуур) суралцах, тогтмол хичээл хийхгүй, багшаар тогтмол заалгахгүй суралцах утга хамаарна. Хэрэв хэн нэг хүнтэй эчнээ ярилцвал тэр хүн нь амьд төдийгүй нууц, далд хэлбэрээр, олноо мэдэгдэлгүйгээр хөөрөлдөх логик гарч байна. Тухайлахад, орчин үед түгээмэл болчихоод буй зайнаас ярилцах, асуултаа өгөөд бичгээр хариу авах, нүүр тулалгүй онлайнаар уулзах гэх мэт рүү илүү дөхөхөөр байна.
Тиймээс нас барсан хүнтэй ярилцахыг “эчнээгээр” гэж хэлэх нь зохимжгүй. Хэдий орос, англи хэлэнд буй заочное интервью, correspon¬dence interview гэдгийг “эчнээ” гэж орчуулж болох боловч яг агуулгын хувьд “одоо бодитоор ярилцах боломжгүй хүнтэй нөхөн сэргээсэн, нэхэн мэтгэлцсэн, хөөн хэлэлцсэн” гэх үндсэн утга харагдахгүй. Түүнээс гадна энэхүү хэлбэр нь дан ганц ярилцлагад хамаарах албагүй, сэтгүүл зүйн бичлэгийн бусад төрөл зүйлд, тухайлбал, нийтлэл, сурвалжилга, тойм, тэмдэглэл гэхчлэн бусад төрөлд, тэр ч байтугай мэдээнд ч ашиглах боломжтой. Бичлэгийн үндсэн төрлийн өмнө тодотгол байдлаар явах учир өгүүлбэрт тэмдэг нэрийн үүрэг гүйцэтгэхүйц товч тодорхой, 2-3 үеэс хэтрэхгүй, оноосон нэг үг байх нь тохиромжтой болов уу.
Утгыг гүнзгийрүүлбээс, эдүгээ бидний дунд байхгүй ч үйл хэрэг, үг сургаалаараа амьдлаг байх учиртай эрхэм хүмүүстэй “нэхэн дурсаж нөхөн учирч” байгаа хэрэг учир НЭХЭХ, НӨХӨХ язгууртай үгс, тэмдэг нэр лүү шилжүүлэхээр НЭХЭЭ, НӨХӨӨ гэж хэлбэржихээр байна. МӨЛХӨӨ цэцэг, ХЭЛХЭЭ сувд гэх мэтийн адилаар тэмдэг нэрийн үүргээр НЭХЭЭ ярилцлага, НӨХӨӨ тэмдэглэл гэх мэтээр бичвэл утга нь тодрохын сацуу НӨХӨӨ гэдэг үг нь илүү хэрэглэхэд хялбар байж болох талтай.
Уран зохиолд хүншүүлэх гэж арга бий. Амьгүй зүйлс, юмс, үзэгдлийг амь оруулж, хүн шиг сэтгэл хөдлөл оноож, үг үйлдэл хийлгэж болдог. Харин амьдчилах гэх ойлголт нь арай өөр. Тэнгэрт дэвшсэн хүмүүсийн оюун санаа, хэлэх үгийг ихэнхдээ хэн нэгний бодол, зүүд, төсөөллөөр дамжуулж гаргаж ирдэг. Харин “Суут нууц” нь одогсдыг “сэрээгээд” одоо цагт хөтөлж авчраад, өөдөөс нь харж суугаад өнөөгийн нийгмийн өнцгөөс хөөрөлдсөн, байшингаар бол судалгаагаар суурь цутгаж, түүхээр яс мод зангидаж, сэтгүүл зүйн бичлэгийн хэлбэрээр тоосго өрж, уран зохиолоор өнгө шавар татсан бүтээл гэж хэлж болно. Энэхүү зүйрлэлээрээ миний бие бүтээлийн голлох хэсэг буюу жин дарж буй их биеийг сэтгүүл зүйд хамааруулж, орчин үеийн бичлэгийн хэлбэрийн нэг төрөл “НӨХӨӨ” ярилцлага (нийтлэл, сурвалжилга, тэмдэглэл, өгүүлэл, тойм) гэх мэтээр нэрлэх санал дэвшүүлж байна. Нэршил оновчтой, эсэх, цаашид хэрэглээнд хэвших үгүйг шүүн тунгаах ажлыг хэл шинжээч, судлаач, сэтгүүлч, түүхч, философич хэн бүхэнд нээлттэй үлдээе.
Сэтгүүл зүйн бүтээл олон төрөл хэлбэртэй, бас үүрэгтэй байдаг. Цаг үеийнхээ асуудлыг гогодож гаргаж ирсэн, асуудал дэвшүүлсэн, зөрчилтэй зүйлсийг илрүүлсэн, баримтад түшиглэсэн эрэн сурвалжилга, ярилцлага, лайв мэдээллүүд өнөөгийн цаг үед сайн бүтээлд тооцогдож байгаа ч эрдэм шинжилгээний өгүүлэл, задлан шинжилсэн өгүүлэл, түүхэн баримтат суурилсан “нөхөө” бүтээлүүд цаашид үнэ цэнээ алдах учиргүйг энд нурших илүүц буй за.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэг нь тогтвортой шинж тэмдэг бүхий тодорхой хэлбэрээр оршдог бөгөөд сэтгүүл зүйн хөгжлийг дагаад байнга хөгжиж, баяжиж байдаг онцлогтой. Нэг хэсэг нь устаж үгүй болж, нөгөө нь уусан нэгдэж, зарим нь өөр төрөлтэй нийлж, шинэ төрөл үүсгэж болно. Өмнө нь ашиглаж байсан найруулал, зураглал, шинжлэлт тайлан, тэмдэглэл зэрэг бүтээл өнөө цагт бараг үзэгдэхээ больсон шиг өнгөрснөөс зайлшгүй мэдэх ёстойг өнөөдөрт зөөж авчрах “нөхөө” бүтээлүүдийн орон зай цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Гэхдээ үүнд анхаарах ёстой нэг чухал зүйл байна. Сэтгүүл зүй субъектив гэхээс объектив бодит байдал, баримтыг түшдэг. Д.Дамдинжавын улс төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, Манлай баатар Ж.Дамдинсүрэн, яруу найрагч Р.Чойном нартай хийсэн “ярилцлагууд” нь тэдгээр хүний тухайн цаг мөчдөө ярьсан яриа, өгсөн ярилцлага, мэдээ баримт материалаас шууд авч ашигласан байна. Харин Чингис хаан, Аригбөх, Галдан бошигт зэрэг түүхэн хүмүүсийн яриаг “Монголын нууц товчоо” зэрэг эх сурвалжаас гадна судалгааны материал, эрдэм шинжилгээний өгүүлэл, зарим судар номоос эш татахдаа зохиогчийн субъектив үзэл санаа орсон, хэт хийсвэрлэн хөгжүүлсэн тал ажиглагдаж байна. Тэдгээрт логик зөрчил байхгүй боловч зарим талаар “яг ингэж хэлэх байсан уу” гэсэн эргэлзээг төрүүлж байна. Тухайн хариулттай үгчлэн дүйх үг яриа байхгүй, харин үйл явдлаас ургуулан уран сайхны хэлбэрээр төсөөлөн гаргаж ирсэн нь зарим талаар зөвхөн баримтад тулгуурлах ёстой сэтгүүл зүйн зарчмыг зөрчиж байгааг дараагийн бүтээлүүдэд сайтар тунгаах шаардлагатай.
“Түүх бол он цагийн дараалал биш, урлаг биш, яруу найраг ч биш, түүх бол зөн билэг хийгээд үзэгдэл, үйл явцын түүхэн их айгаас таамаглан дүгнэгдсэний дүнд босож ирдэг бодит байдал” хэмээн Италийн нэрт сэтгэгч, гүн ухаантан, түүхч Бенедетто Кроче хэлснийг нийтлэлч Д.Дамдинжав хэрэгжүүлж, энэ цаг үеийн монголчуудын гар дээр “нөхөө” ярилцлага хэлбэрээр тавьсан нь хэлбэрийн хувьд бүтээлч болжээ. Гэхдээ агуулгын хувьд шинжлэх ухааны арга зүй буюу ядаж логик гаргалгаа, дүн шинжилгээ, криминал нотолгоо ашиглаж байж түүхэн уран сэтгэмжит зохиолоос тод ялгарахыг төгсгөлд нь сануулъя.