“Эрдэнэс Монгол” компанийн нөөц бүрдүүлэх 71 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 3544 хүн бүртгүүлнээс 2407 нь шалгалтад орох эрхтэй болжээ. Харин 300 орчим өргөдөл шаардлага хангаагүй тул хассан байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур” төв, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Удирдлагын академи болон МҮХАҮТ-ын төлөөлөл бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсгийнхэн ажил горилогчдын илгээсэн бичиг баримтыг нягтлан шалгажээ. Ажлын хэсгийн гишүүн, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур” төвийн Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга С.Санчирын мэдээлснээр ахлах менежерийн ажлын байранд 454 хүн бүртгүүлснээс 234, менежерийнхэд 693 хүн бүртгүүлснээс 345, гүйцэтгэх ажлын байранд 2397 хүн бүртгүүлснээс 1828 хүний баримт бичиг шаардлага хангасан байна. Ажлын байранд тавьсан боловсрол, мэргэжил, ажилласан жилийн шаардлага хангаагүй, боловсролын түвшин тодорхойлох болон бусад нотлох баримт хавсаргаагүй тохиолдол нийтлэг байжээ. Бүртгэлийн шатанд оролцсон иргэд хариутайгаа https://e-tanhim. gov.mn/ цахим хаягаар танилцах боломжтойгоос гадна тэнцсэн иргэдийн гар утсанд мэдээлэл хүргүүлсэн гэнэ.
Дараагийн шатны буюу сорилын шалгаруулалтыг энэ сарын 26-27-нд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд зохион байгуулах бөгөөд шалгалт дууссан даруйд тухайн иргэнд оноог нь мэдээлэх юм. Төрийн албан хаагчийн шалгалт авдаг системийг үүнд ашиглах аж. Сорилын тест боловсруулсан багтай нууц хадгалах гэрээ байгуулсны зэрэгцээ УБЕГ-ын улсын бүртгэгч нар оролцогчдыг хуваарийн дагуу хурууны хээгээр тулган, шалгалтад оруулах юм байна.
Улмаар ажлын байр болгонд хамгийн өндөр оноо авсан таван хүнийг эцсийн шатны ярилцлагад урих аж. Ярилцлагыг нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд МҮХАҮТ-ын байранд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Б.Уран