Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн онд багтаан УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу өргөн мэдүүлээгүй байгаа ч төслийг нь хэдийн бэлэн болгочихож. Ингэхдээ бүр шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулжээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн ажлаа дуусгаад, Ерөнхий сайдад уламжилсан гэнэ.
Тодруулбал, парламентыг 90 болон 75 гишүүнтэй хоёр танхимтай байгуулахаар тусгажээ. Аль аль танхимынх нь бүрэн эрхийн хугацаа таван жил байх аж. Гэхдээ сонгууль хоорондын хугацааг зөрүүлэх, эсвэл нийт гишүүний гуравны нэгийг ротацын журмаар сэлгэн сонгохоор тооцсон бололтой.
Тодруулбал, доод танхимын 75 гишүүнийг пропорциональ системээр сонгох аж. Харин дээд танхимын 75 гишүүнийг мажоритар тогтолцоогоор сонгон, үлдсэн 15 гишүүнийг Ерөнхийлөгч томилохоор оруулжээ.
Харин Төрийн тэргүүнийг УИХ-ын хоёр танхимаас сонгох юм байна. Энэ нь бүх ард түмнээс сонгогдож буй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарлах хөшүүрэг болохоор тооцсон байна. Гэхдээ тэрбээр Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл байх өнөөгийн агуулгаа тээж үлдэх гэнэ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байх бөгөөд нэг удаа сонгогдохоор тусгажээ.
Мөн Хүний эрхийн дээд зөвлөл гэх байгууллага бий болгох гэнэ. Энэ нь өнөөгийн Хүний эрхийн үндэсний комиссын эрх, үүргийг хэрэгжүүлэх бололтой. Магадгүй одоогийн комиссынхоос ч давсан эрх мэдэлтэй байж мэдэх нь. Учир нь тус зөвлөл 21 гишүүнтэй байх бөгөөд Ерөнхийлөгч тэргүүлэх нь. Хүний эрхийн дээд зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийг орон даяар явуулах юм байна.
Эндээс харвал зарим төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл эрх баригчдыг одоогийн Үндсэн хуулийг халж, шинээр батлах нь хэмээн эсэргүүцэж байгаа нь оргүй биш аж. Тодруулбал, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, эрэмбэ, шийдвэрлэх арга замын талаар иргэдтэйзөвлөлдөх, үндэснийзөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг ирэх сарын 20-ны дотор зохион байгуулахаар төлөвлөж буй. Ингэхдээ оролцогчдод ийм агуулга бүхий асуулт тавихаар бэлтгэж байгааг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ынхан анхааруулж, дээрх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшүүлсэн Ц.Мандхайхатаныг эгүүлэн татсан билээ. Жишээ нь, Зөвлөлдөх зөвлөлөөс асуултын төслийг боловсруулснаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулах үеэр тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “1992 оны ардчилсан Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хууль батлах замаар улс төр, эдийн засаг, нийгмийн одоогийн тогтолцоогоо бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэдэгтэй Та санал нэг байна уу” гэсэн агуулга бүхий асуултыг оруулах санал гаргасан юм. Түүний саналыг тус хуралдаанд оролцсон 10 гишүүний зургаа нь дэмжсэн билээ.
Уг зөвлөлдөх санал асуулгаар дамжуулан эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаа засах гэж буй нь нууц биш. Ний нуугүй хэлэхэд, Монголын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын суурь шалтгаан, цаад “эзэн” нь одоогийн Үндсэн хууль гэж иргэдээр нэрлүүлэх гээд байгаа шүү дээ. Гэхдээ тэд нэмэлт, өөрчлөлт оруулаад орхихгүй, шинээр, тав дахь Үндсэн хуулийг батлахаар төлөвлөж буй нь ийн илэрч байна. Тэгээд ч хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2.4-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” хэмээх заалт бий. Өөрөөр хэлбэл, “Б.Чимид багшийн” гэх тодотголтой эл хуульд захирагдалгүй, шинээр Үндсэн хуульд зохиож, батлуулж мэдэх нь ээ.
Ямартай ч шинэ Үндсэн хуулийг батлах, эсэх нь зөвлөлдөх санал асуулгаас ихээхэн хамаарах юм. “1992 оны ардчилсан Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хууль батлах замаар улс төр, эдийн засаг, нийгмийн одоогийн тогтолцоогоо бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй” гэдгийг зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын олонх нь дэмжиж буй дүн гарвал зам нь шулуудна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх санал асуулгад оролцохоор сонгогдсон 1570 иргэн энэ асуултад хэрхэн хариулж, дэмжих, эсэхээс ихээхэн зүйл шалтгаалах болчихоод байгаа юм. Мэдээж олонх нь дэмжлээ гээд уухайн тас шүүрч аваад УИХ-аар хэлэлцүүлээд, батлуулчихгүй байх. Гэвч “Ард түмэн дэмжиж байна”, “Зөвлөлдөх санал асуулгаар ингэж шийдсэн” хэмээн оршил болгоод л зүтгүүлчих биз. Ингэхдээ эхлээд ард нийтийн санал асуулга явуулж, шинэ Үндсэн хууль батлах уу, яах вэ гэж тухайлан асуухыг үгүйсгэхгүй. Үндсэндээ ирэх хавар, зунаас парламентын ээлжит бус сонгууль биш, ард нийтийн санал асуулга явуулах магадлал илүү өндөр байна. Нэгэнт одоогийн Үндсэн хуулийг хална гэж тооцож, түүндээ хүрнэ гэсэн итгэл дүүрэн байгаа бол эрх баригчдын хувьд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх цаг хугацааны хязгаарыг ч тэгтлээ тоохгүй биз. “Тавдугаар Үндсэн хуулиа батална” гэж бардаж байгаа тохиолдолд тэр байтугай зүйлс, хязгаарлалтаас гадуур аашлах нь зүйн хэрэг.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар санал, дүгнэлт гарган, төсөл боловсруулах үүрэгтэй дээрх ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн оны долдугаар сарын сүүлчээр байгуулсан. Ахлагчаар нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилсон бөгөөд ИЗНН, МУНН, МҮАН (Намаа татан буулгаж, АН-д нэгдэх хүсэлт гаргаад буй), ШИНЭН-ын удирдлагуудыг бүрэлдэхүүнд нь багтаасан юм. Эрх баригч МАН-ынхны хувьд үүгээр улс төрийн намуудын оролцоог хангасан гэж хэлэх нь тодорхой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах ёстой. Ажлын хэсэгт багтсан намуудын тухайд 2018 онд буюу УИХ-ын 2020 оны сонгуулиас өмнө МАХН (МАН-д нэгдээд буй)-аас боловсруулсан, тус намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бичсэн Дээд Үндсэн хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулах кампанит ажлыг уухайлан дэмжиж, тунхаг бичигт гарын үсэг зурж байлаа. Улсаа Бүгд Найрамдах Монгол Улс (БНМУ) гэж нэрлэхээр тусгасан шинэ Үндсэн хуулийн төсөл гээчийг орон даяар хэлэлцүүлэхэд нэг бусжил зарцуулсан юм даг. Ерөнхийлөгчийн засаглалтай байж, Төрийн тэргүүн Засгийн газрыг удирдана, Ардын хянан шалгах хороог сэргээн байгуулна, их, дээд боловсролыг үнэгүй олгоно, хөгжлийн бэрхшээлтэй болон 20-иос дээш жил хамт амьдарсан гэр бүлийг орон сууцаар хангана гэх зэргээр эрс өөрчлөх хүсэл агуулсан, гоё гоё амлалттай төслөө “Монгол хүн бүрт хамаатай” хэмээн тунхаглаж явсан экс Ерөнхийлөгч ямартай ч Засгийн газрын түвшинд ажлаа нугалчихаж. Ийм ч учраас Дээд Үндсэн хууль батална гээд “дүвчигнэж” явсан Н.Энхбаярт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг даатгасанд тухайн үед олон хүн гайхаж, эргэлзэж байв.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.4-т “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1-т заасны дагуу явуулсан санал асуулгын дүнгээр энэ хуулийн 5.3.3-т заасан асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол УИХ заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах”-аар заасан. Иймд оны өмнө өргөн барих ёстой байсан төслөө зөвлөлдөх санал асуулга, магадгүй ард нийтийн санал асуулгын дараа гаргахаар хав дарж байж ч мэднэ, МАН-ынхан.