Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотойгоор бүртгэлийн будилаан үүсэж, улмаар олон хүүхдийг уг тэтгэмжээс хассан зэрэг нь өнгөрсөн долоо хоногийн дуулиан болсон. Уг асуудал өдгөө ч намжаагүй бөгөөд ээжүүдийн төлөөлөл өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороонд шаардлага хүргүүлээ. Тэд шаардлагадаа “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох ёстой” хэмээн тусгажээ. Мэдээллийн зөрүүтэй байдал, бүртгэлийн алдаанаас болж хүүхдийн мөнгөнөөс хасагдсан ч холбогдох албаныхан үүнийг нь шийдэхгүй байгаа талаар зарим ээж ярилаа. Өөрөөр хэлбэл, албаныхан болохоор мэдээллийн зөрүүгээ арилгасны дараа хүүхдийн мөнгөнд хамрагдаж болно гэж мэдээлсэн. Гэтэл бодит байдалд хорооноосоо авхуулаад дүүргийн холбогдох байгууллагынхан нь хүнд суртал гаргаж, иргэдийн материалыг хүлээн авахгүй, улмаар залруулахгүй хойш сууж байгаа гэнэ. Төрийн байгууллагынхны энэ мэт хүнд суртлыг арилгах, ялангуяа бүртгэлийг тогтмол шинэчлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох нь зүйтэйг ээжүүд шаардлагадаа бас тусгажээ. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооныхон өрхийн орлого тооцох аргачлалаар хүүхдийн мөнгө олгох, эсэхийг шийдэх нь буруу гэдгийг ч тэдний төлөөлөл хэлэв. Зөвхөн тухайн өрхийн орлогыг бус, зарлагыг ч тооцох, ялангуяа зээлийн мэдээллийг харгалзан үзэх нь чухал гэдгийг тэд онцоллоо.
Ташрамд дурдахад, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотойгоор зөвлөмж гаргажээ. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох нь эерэг шийдэл гэдгийг тус байгууллагынхан зөвлөмждөө дурдсан байна. Тухайлбал, “Дэлхийн 23 улс нийт хүүхдэдээ ялгалгүй мөнгө олгодог. Хүүхэд бүрт жигд мөн олгох нь тэднийг ялгаварлан гадуурхагдаж, гутаан доромжлуулахаас сэргийлдэг. Мөн хүүхэд бүрт мөнгө олгох нь ядуурлыг бууруулах хүчирхэг зэвсэг юм. Монгол Улсын хувьд хүүхдийн мөнгө нь хүн амын ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Засгийн газраас “Ковид-19”-ийн эсрэг олон арга хэмжээ авсны дотор хүүхдийн мөнгийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн эерэг нөлөөтэйг харуулсан” хэмээн дурджээ.
Бэлтгэсэн М.Оч