Парламент дахь МАН-ын бүлгийн санаачилгаар УИХ-ын гишүүдийн гадаад томилолтыг хориглох тухай захирамжийг УИХ-ын дарга гаргажээ. Намрын чуулганыг өнгөрсөн баасан гарагт хаахдаа УИХ-ын дарга Г.Занданшатар ийм захирамж гаргасныг дуулгаад, “УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, парламентаар хэлэлцэж буй Боловсролын, Нийгмийн даатгалын, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын, Авлигатай тэмцэх тухай зэрэг багц хуулийн төслийн талаар ард иргэдийн саналыг сонсоно. Ард түмнээ сонсох аян өрнүүлнэ. Гишүүд тойрогтоо ажиллана, гадаад явахгүй” хэмээн анхааруулсан юм.
УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлэх ёстой. Гишүүдийг хол явахгүй байхыг анхааруулсан нь эрх баригчид Цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын сүүлчээр ээлжит бус чуулган хуралдуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөснийх гэх таамаглал ч байна. Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, эрэмбэ, шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг ирэх сарын 20-ны дотор зохион байгуулахаар буй. Уг зөвлөлдөх санал асуулгаар дамжуулан эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаа засах нь гэж хардаж байгаа нь оргүй биш юм.