Засгийн газраас санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталсан. Ердөө хоёр хоногт баталсан эл хуулийг иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг Үндсэн хуулиар олгосон олон эрхийг зөрчих өндөр эрсдэлтэй, цахим орчин дахь мэдээлэлд хяналт тавих нэрээр улстөрчид, нийтийн албан тушаалтнууд, төрийн байгууллагууд иргэдэд цензур тавьж, улмаар улс төрийн зорилгоор ашиглах магадлалтай, төслийг нь санаачлан боловсруулахаас авхуулаад батлах хүртэл Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөөгүй, иргэд, олон нийтийн саналыг авч тусгаагүй, хангалттай хэлэлцүүлэг зохион байгуулаагүй хэмээн олон талаар шүүмжилж буй бөгөөд Ерөнхийлөгчөөс хориг тавихыг хүссэн хүн, хуулийн этгээд цөөнгүй байна. Тухайлбал, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ санаачлан, хориг тавихыг хүссэн өргөдлөө цахимаар гаргах платформ ажиллуулж эхэлжээ. Өчигдрийн байдлаар 2515 хүн Төрийн тэргүүнд өргөдөл илгээн, тэдний санаачилгад нэгдсэн байна.
Ташрамд дурдахад, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар хуулийг баталснаас хойш УИХ-ын дарга ажлын гурван өдрийн дотор гарын үсэг зурж, ёсчлох ёстой. Улмаар ёсчилсон хуулийг УИХ-ын Тамгын газраас ажлын хоёр өдрийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээхээр заажээ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан тухайн хуульд бүхэлд нь, эсвэл зарим хэсэгт хориг тавих, эсэхээ шийдвэрлэдэг.