Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг буюу эрт илрүүлгийг улсын хэмжээнд эхлүүлснээс хойш найман сар өнгөрөөд байна. Үзлэгийн явц, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягтай ярилцлаа.
-Эрт илрүүлэгт одоогоор хэдэн хүнийг хамруулаад байна вэ?
-Эрүүл мэндийн сайдын 139 тоот тушаалаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийг эхлүүлснээс хойш 803 793 хүн хамрагдаад байна. Үүнээс эмэгтэйчүүд 54, эрэгтэйчүүд 45 хувийг нь эзэлжээ. 0-17 насныхан буюу хүүхдүүдийн хамрагдах хувь өндөр байгаа. Одоогоор үзлэгт хамрагдсан нийт хүний 67 хувийг хүүхдүүд эзэлж буй. Үлдсэн хувь нь 18-аас дээш насныхан. Учир нь өрх, сум, тосгоны бүх эмнэлэгт хүүхдүүд үзлэгт хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, заавал нарийн мэргэжлийн төв, эмнэлэгт бус, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүүхдүүд эрт илрүүлэгт хамрагдаж болно. Тийм учраас хүүхдүүдийн оролцоо сайн байгаа юм. Насанд хүрэгчдийн тухайд заавал нарийн мэргэжлийн эмнэлэгт шинжилгээ хийлгэж буй. Байршлаар нь харвал, орон нутгаас Өвөрхангай, Орхон, Хөвсгөл, Төв аймаг, нийслэлээс Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт иргэдийн идэвх, оролцоо сайн байна.
-Урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнд ямар өвчлөл түгээмэл байгааг илрүүлж, түүндээ тулгуурлан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх боломж бүрдэх байх. Хүн амын дунд ямар өвчин их тархаад буйг одоогийн дүн мэдээндээ тулгуурлан гаргасан болов уу?
-Эрт илрүүлгийн үр дүн маш сайн байна гэж хэлж болно. Шинжилгээнд хамрагдсан 803 793 хүнээс өвчний 555 000 гаруй сэжигтэй тохиолдол илрүүллээ. Энэ бол давхардсан тоо. Нэг хүнээс 2-3 өвчний сэжигтэй шинж тэмдэг илрэх нь ч бий шүү дээ. Энэ удаагийн эрт илрүүлэгт дурангаар хийдэг шинжилгээг багтааснаараа онцлогтой. Тухайлбал, ходоодны дуран, бамбай булчирхайн ЭХО, хөхний хавдар илрүүлэх шинжилгээнүүдийг нэмж оруулснаар хүн амын дунд эдгээр өвчин хэр их байгааг тодруулахад чухал хувь нэмэр орууллаа гэж хэлж болно. Өмнө нь манайд зүрх, судасны өвчин тэргүүлж байлаа. Тэгвэл хоол боловсруулах тогтолцооны өвчин үүнээс ч ихэссэнийг энэ удаагийн үзлэгээр илрүүлээд байна. Тухайлбал, хоол боловсруулах тогтолцооны өвчин эмгэгтэй 300 943 хүн илрүүллээ. Ходоодны улайлт, шарх, хоргүй, хортой хавдрыгүүнд хамруулж болно. Үүний дараа буюу хоёрдугаарт амьсгалын тогтолцооны өвчин бичигдэж байна. 51 118 хүн ийм төрлийн өвчтэй болох нь батлагдлаа. Амьсгалын тогтолцооны өвчлөл өнгөрсөн зун харь цангуй бага буюу 4-5 дугаар байрт бичигдэж байв. Харин өвөл болж, томуу, томуутөст өвчин ихэссэнтэй холбоотойгоор өдгөө хоёрдугаарт орлоо. Гуравдугаарт зүрх, судасны, дөрөвт дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны, тавд шээс, бэлгийн тогтолцооны эмгэг бичигдэж байгаа. Өөрөөр хэлбэл, эхний тавд бичигдсэн эдгээр өвчин хүн амын дунд их байна гэсэн үг. Мөн 0-17 насны хүүхдүүдийн 70 гаруй хувиас нь амны хөндийн, тэр дундаа шүд цоорох өвчин илэрлээ. Бусад төрлийн өвчин эдгээрээс харьцангуй бага гэсэн үг.
-Хоол боловсруулах тогтолцооны өвчин тэргүүлэх болсон шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ. Түүнчлэн зүрх, судасны өвчин өмнө нь хүн амын дунд зонхилон тохиолдож байснаа өдгөө харьцангуй буурсан гэж ойлгож болох уу?
-Зүрх, судасны өвчнийгбууруулахын тулд сүүлийн 10-15 жилийн турш улсын хэмжээнд багагүй ажил зохион байгуулсан юм. Иргэд биеийн жингээ барих нь чухал гэдгийг сайн ойлгодог, дасгал хөдөлгөөн ч хийдэг болсон шүү дээ. Нөгөө талаар зүрх, судасны өвчин, ялангуяа даралт ихсэх, зүрхний шигдээсийн талаарх зөвлөгөө, мэдээллийг сүүлийн 10 гаруй жил иргэдэд нэлээд сайн өгсөн. Эдгээр нь зүрх, судасны өвчин тодорхой хэмжээгээр буурахад чухал нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Хоол боловсруулах тогтолцооны өвчин ихэссэн нь ерөөсөө л хүмүүсийн амьдралын буруухэв маяг, хооллолттой холбоотой. Улсын хэмжээнд өдгөө эмэгтэйчүүдийн дундаж нас 76, эрэгтэйчүүдийнх 66 байна. Хоорондоо 9.8 буюу бараг 10 жилийн зөрүүтэй. Дундаж наслалтын энэ зөрүү нь эрэгтэйчүүдийн амьдралын хэв маягаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн архи, тамхины хэрэглээ их, хөдөлгөөн хомсдох, буруу хооллох нь түгээмэл. Үүнээс шалтгаалаад эрэгтэйчүүд харьцангуй богино насалж байна. Харин сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд ч амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан өвчин ихсэх болсон. Эмэгтэйчүүдийн дунд ч хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт их байнашүү дээ. 5-10 жилийн дараа өвчлөл, дундаж нас нь хүйсийн хамааралгүй, ямар нэгэн зөрүүгүй болж магадгүй. Тиймээс зөвхөн эрэгтэйчүүд гэлтгүйгээр бүх хүн амьдралын хэв маягаа өөрчлөх, ялангуяа зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Нэг дор их хоол идэх нь буруу. Эсвэл хоолыг хэт халуунаар нь буюу уурсавссан үед идэх нь зохисгүй. Монголчууд эртнээс хэт халуун хоол иддэггүй байж. “Уур нь гарсны дараал хоолоо иднэ” гэдэг байж л дээ. Харин өнөө үед иргэд үүнийг бараг мартаж. Гэтэл өдгөө шинжлэх ухаанд, олон улсад хоолны уур дарагдсаны дараа идэх нь зүйтэй гэж зөвлөж байна шүү дээ.
-Бүх нийтийн шинжилгээний одоогийн үр дүнд тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бий юү?
-Дэлхий нийтийн жишгээр бол хүн амынхаа 30-35 хувийг үзлэгт хамруулсны дараа тандалт, судалгаа хийж, ямар өвчин ихсэж байгааг тодорхойлон, бодлогоо боловсруулдаг юм билээ. Манай улсын хувьд одоогоор хүн амынхаа 23.6 хувийг шинжилгээнд хамруулж, дүн мэдээллийг нь боловсруулаад байна. Үүний үр дүнд тулгуурлаад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлийн зөвлөгөө, мэдээллүүдийг ирэх сарын 1-нээс шат дараатайгаар олон нийтэд хүргэх ажлуудыг эхлүүлэхээр болсон юм. Жишээ нь, таргалалт, стресс, зөв хооллолтын талаар тус бүр хоёр сарын хугацаанд мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна.
-Урьдчилан сэргийлэх үзлэгийг нэг жилийн хугацаанд зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгэхээр ирэх тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж ойлгож байна. Зөв үү?
-Эрт илрүүлэг цаашид байнга үргэлжилнэ гэж ойлгож болно. Манай улс өмнө нь ч ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай. Тухайлбал, 2017, 2021 онд улсын хэмжээнд Эрүүл мэндийн эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Даанч иргэдийн идэвх сул буюу жилд 93 000-95 000 хүн хамрагдсан юм. Харин өнгөрсөн жилээс бол Засгийн газар, ЭМЯ, холбогдох бусад байгууллагатай хамтраад нэлээд чармайлт гаргаж, 800 000 гаруй хүнийг хамруулж чадлаа. Энэ бол маш өндөр тоо. Тэглээ гээд үзлэгийг зогсоохгүй, цаашид ч үргэлжлүүлнэ.
-Цаашид иргэн эрт илрүүлэгт жилд нэг удаа хамрагдах уу. Эсвэл хугацаа хамаарахгүй юу?
-Энэ удаад үзлэгт хамрагдсан хүмүүс ирэх тавдугаарсарын 1 хүртэл дахин үзүүлэх шаардлагагүй. Түүнээс хойш шаардлагатай тохиолдолд хамрагдаж болно. Жишээ нь, хөхний хавдрын үзлэгийг тодорхой насанд, гурван жил тутам хийлгэх ёстой. Тухайн насандаа хүрсэн тохиолдолд үзлэгт орно. Ер нь иргэн өөрөө дадал хэвшилтэй болох нь зүйтэй. Хүн өлсөхөөрөө талх аваад иддэгтэй адил эрүүл мэнддээ онцгойлон анхаарах ёстой. Жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь зүйтэй.
-Урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд цөөнгүй хүнээс хавдрын сэжигтэй шинж тэмдэг илрүүлсэн. Тэднээс зарим нь хавдартай нь батлагдлаа. Одоогоор хэдэн хүнээс хавдар илрүүлсэн бол?
-Хортой, хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол одоогоор 3600 гаруйг илрүүллээ. Тэдгээр иргэн нарийн мэргэжлийн эмнэлэгт оношилгоо, эмчилгээ хийлгэж байна. Нэлээд олон иргэн “Би хавдартайгаа мэдээгүй явсан. Түүнийгээ эрт илрүүлээд, эмчлүүлж байна” гэж бидэнд талархлаа илэрхийлсэн. Эрт илрүүлснээр тухайн иргэн зардал багатайгаар эмчлүүлэх боломж нээгддэг.
-Уг ажлыг эхлүүлээд найман сар өнгөрсөн ч зарим иргэн өдий хүртэл мэдээлэл багатай байна. Яаж хамрагдах вэ, хэзээ очиж үзүүлэх вэ гэх зэрэг олон зүйл тодорхойгүй байгаа. Уг ажлыг эхлүүлэхдээ иргэдэд үзлэгт орох хугацааг нь мессежээр мэдэгдэнэ, эсвэл өрхийн эмнэлгээс нь дуудна хэмээж байлаа. Үүнийг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ?
-Эрт илрүүлгийг эрчимжүүлэхийн тулд эхлээд иргэдэд мэдээлэл хүргэхэд маш их анхаарсан. Иргэд ч өдгөө энэ талаар сайн мэдэж, ойлгодог болсон гэж бодож байна. Яагаад гэвэл эмнэлгүүд их ачаалалтай болсон. Ялангуяа дурангаар хийлгэх шинжилгээний ачаалал ихэссэн. Иргэд харьцангуй мэддэг болчихсон учраас дараалал үүсээд байна л даа. Ийм учраас иргэдийг дуудахаа больсон. Одоо бол иргэн “Намайг дуудна” гэж хүлээлгүйгээр өөрөө өрхийн эмнэлэгтээ хандаж, мэдээлэл авч, үзлэгтээ орно. Тодруулбал, өрхийн эмнэлэгтээ хандахад хаана үзлэг хийлгэхийг нь хэлж өгнө. Улмаар тухайн эмнэлэгтээ хандаж, бүрт гүүлээд, хэд хоногийн хүлээгдэл байгааг тодруулж, үзлэгт орох хугацаагаа тогтоолгоно гэсэн үгюм. Зарим тохиолдолд иргэд бухимдаж байна. Үзлэг хийлгэх эмнэлэгтээ очтол “Тасарын дараа ирээрэй” гэдэг. Сарын дараа очтол хугацааг нь 1-2 хоногоор сунгасан тохиолдол ч гарчээ. Дурангийн шинжилгээ дараалал ихтэй учраас иргэд ажлын цаг заваа зохицуулаад, үзлэгтээ ороорой гэж зөвлөмөөр байна. Эрт илрүүлэг нь жилийн турш үргэлжлэх учраас иргэд яаралгүйгээр, цаг завтай үедээ үзүүлээрэй гэж зөвлөе. Яагаад гэвэл энэ бол яаралтай тусламж биш. Харьцангуй эрүүл хүмүүст ямарнэгэн өвчин эмгэг байгаа, эсэхийг тодруулах л шинжилгээ шүү дээ. Өвчилсөн хүн бол үүнийг хүлээлгүйгээр цагалдалгүй эмнэлэгт хандах нь зүйтэй.
-Зарим аймагт шинжилгээ хийхгүй байгаа талаар иргэд бидэнд мэдээлсэн. Тухайлбал, Говь-Алтай аймагт эрт илрүүлгийг зогсоожээ. Мөн Дархан-Уул аймагт ходоодны дурангүйгээс үзлэг хийхгүй байгаа юм билээ. Ийм тохиолдолд иргэд хаана хандах вэ?
-Говь-Алтайд ходоодны дуран эвдэрсэн гэх асуудал гарсан. Үүний дагуу бид газар дээр нь ажиллаж, асуудлыг шийдвэрлэсэн. Одоо үзлэгийг хэвийн үргэлжлүүлж байгаа. Дархан-Уул аймгийн тухайд бид удахгүй газар дээрнь ажиллана. Эрт илрүүлгийг хойшлуулсан, гацаасан хүмүүст хариуцлага тооцсон газрууд ч бий. Ернь энэ мэт асуудал, бэрхшээл нь тухайн байгууллагын удирдлага, зохион байгуулалтаас л шалтгаалж байна. Түүнээс биш техник, технологийн асуудал байхгүй. Бүгдэд нь адил стандартын төхөөрөмж бий. Дундговь, Ховд, Булган, Өмнөговь, Говь-Алтай аймагт үзлэгийн явц удаашралтай байгаа. Үүнд өмнө нь Сүхбаатар аймаг бас багтаж байлаа. Тус аймгийнхан энэ ажлыг урагшлуулахад маш сайн анхаарснаар үзүүлэлтүүд нь дээшилж байна. Аймагт бүрт нэгдуран бий учраас үүнээс шалтгаалан дараалал ихэссэн, удааширсан байж болзошгүй. Тухайн байгууллага өөрийн хөрөнгөөр дуран нэмж авах боломжтой. Нөгөө талаар зарим газарт хүний нөөц хүрэлцээгүй байгаа. Эрт илрүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулсантай холбоотойгоор дурангийн эмч дутагдах болсон. Гэхдээ л мэргэшсэн эмч олж ажиллуулах, тоног төхөөрөмжөө нэмэх нь тухайн байгууллагын үүрэг шүү дээ. Хамгийн гол нь иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх ёстой гэсэн шаардлагыг бид тавьж байгаа.
-Улсын хэмжээнд өдгөө эрт илрүүлгийн хүлээгдлийн хугацаа ямар байгаа вэ?
-Дурангаар хийлгэх шинжилгээний хүлээх хугацаа нэг сар гаруй байна. Бусад шинжилгээний тухайд хүлээх шаардлагагүй. Ялангуяа 0-18, 18-35 насныхан дараалалгүйгээр шинжилгээ өгөх боломжтой.
Бэлтгэсэн М.Оч