УИХ-аас өнгөрсөн баасан гарагт баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар “зөрчилтэй контент” хэмээх ойлголтыг албан ёсоор бий болголоо. Ингэхдээ Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилсон, цахим сүлжээ ашиглан залилсан, залилахыг завдсан гэх мэт 13 зүйлээр зөрчилтэй контентыг тодорхойлох нь. Ингээд Олон нийттэй харилцах нэгж гэх бүтэц зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч бүртгэн, 72 цагийн дотор хянан шийдвэрлэнэ. Улмаар тус нэгжийн санал, дүгнэлтэд үндэслэн Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, эсвэл холбогдох зөвлөмж, шаардлагыг эрх бүхий байгууллагад хүргүүлэн, хамтран ажиллах юм байна. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд ажиллана.
Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.8-д зааснаар хүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан аливаа мэдээллийг нийгмийн сүлжээнд нийтэлбэл зөрчилтэй контент болохоор байгаа юм. Жишээ нь, уг хуулийг өргөн барьж, улаан цээжээрээ хамгаалан батлуулсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралыг “Их засаг” их сургуулийг үүсгэн байгуулагчийн хүү, их хэмжээний хөрөнгө өв залгамжлагч, намын даргаа аавын адил хүндэтгэдэг, тиймдээ ч сайд болтлоо дэвшиж” яваа залуу гишүүн, ЖДҮХС-гийн гэх хэрэгт нэр холбогдсон ч зээлээ гялс төлөөд бултчихсан сэргэлэн эр гэх мэтээр нийгмийн сүлжээнд бичсэн нэгэн дээрх заалтын дагуу “зөрчилтэй контент” үйлдвэрлэгч болж мэдэх нь. Зөрчилтэй контент, эсэхийг яамных нь дэргэдэх Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээг авна гээд байгаа шүү дээ.
Н.Учралаар тогтохгүй, бүх улстөрч, албан тушаалтны нийгмийн гарал, хөрөнгө чинээ, боловсрол, үзэл бодол гээд олон зүйлийнх нь талаар нийгмийн сүлжээнд бичсэн зүйлсийг Засгийн газар, нэгэн яамныхаа дэргэд байгуулсан бүтцээрээ буюу эрх баригчид хянаад, түгээх, эсэхийг нь шийдээд суух эрх зүйн орчныг МАН-ынхан бүрдүүлэв. Сүүлийн үед ам нээвэл л “хүний эрх” хэмээн ярьдаг болсон Ардын намынхны үг, үйлдэл огт нийлдэггүйн нэг л жишээ нь энэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ намрын ээлжит чуулганыг хаахын өмнө 76.9 хувийн саналаар баталчихлаа. Тодруулбал, тус хуулийг хуралдаанд оролцсон гишүүдээс 39 нь дэмжиж, 12 нь дэмжээгүй юм (Дэмжсэн, дэмжээгүй санал өгсөн гишүүдийн нэрийг А1 нүүрэнд үзүүлэв). Эл төслийг шүүмжилж, Н.Учрал сайдыг загнаад байсан гишүүн Ц.Мөнх-Оргил ч дэмжсэн санал өгсөн байна лээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан эл хуулийг батлахад МАН-ынхан хоёр хоног л зарцуулав. Хүүхдийн мөнгө тойрсон хэл ам, “Хөгжлийн банкны” гэх хэргийн сонсгол, АН-ынхан даргаа сонгосон гээд өрнүүн үйл явдлуудын зэрэгцээ олон нийт дээрх төслийг хатуухан шүүмжилсэн ч Н.Учрал сайд зүтгүүлсээр батлуулах нь тэр. Хүний эрхийг зөрчөөгүй, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилоогүй, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаагүй, тийм агуулга бүхий нэг ч үг, өгүүлбэр байхгүй, улстөрчдийг хамгаалахгүй хэмээн заналтайгаар дайрах тэрбээр ийм хууль батлуулснаа “Хамгийн том гавьяа” хэмээн аархаж сууна. Төслийг нь шүүмжилсэн хүмүүсийг нэр, зүсээ нуусан тролл, “хүн-хог” гэж хараагаад амжив. Тэгж яривал улс төр, эдийн засгийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлсний улмаас иргэд сүрдүүлэг, заналхийлэлд өртдөг, бүр амь насанд нь аюул учирдаг учраас нэрээ нууцлах эрхийг нь олон улсын хүний эрхийн байгууллагууд баталгаажуулсан байдаг юм шүү.
Уг хуулийг баталдаг өдөр нь УИХ дахь АН-ын бүлгээс тус төслийг хүний эрхийг зөрчсөн, дордуулах магадлалтай хэмээн үзэж, завсарлага авах хүсэлт тавихад хэдхэн цаг “өгч”, үргэлжлүүлэхийг зөвшөөрөөгүй. Мөн төслийг хэлэлцэж эхэлмэгц “Монголын баримт шалгах төв” (Mongolian fact-checking center) “Тус хуулийн төсөл дэх цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулгууд нь харин ч асуудлыг шийдэх шат дамжлагыг олшруулж, хугацааг удаашруулах нөлөөтэй, эсрэгээрээ олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, төрийн байгууллагад мэдээллийн орчныг зохицуулах давуу эрх мэдэл олгох зэрэг ардчилсан оронд хүлээн зөвшөөрөх боломжгүй заалтыг багтаажээ. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь нийгмийн тулгамдсан нэн чухал асуудал мөн боловч үүнийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах замаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн бол “Глоб интернэшнл төв” ТББ-аас “Тус төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн судлаагүй, олон нийтэд хэлэлцүүлээгүй өргөн мэдүүлсэн. Төслийн 6.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн бэлгэтэмдэг, үндэсний соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон”, 6.1.3 дахь хэсэгт “хүнийг заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан” тохиолдолд зөрчилтэй контент гэж үзэж, цензур бий болгон, улмаар хууль тогтоомжийн давхардал, хийдэл үүсгэхээс гадна “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд байв. Харин баталсных нь дараа Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэн, уг хуульд хориг тавихыг хүссэн. Мөн мэдэгдэл гаргаж, “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг яаран баталсан нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл” хэмээн эсэргүүцлээ. Үнэхээр ч одоо Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ дагуу уг хуульд хориг тавих, эсэхийг харж, найдах л үлдэж байна. Уг нь Үндсэн хуулийн цэцэд хандах замаар дээрх хуулийн үйлчлэлийг хязгаарлах боломж бий ч тэдэнд итгэх итгэл дэндүү алсарсныг нуугаад яах вэ, найдах зүйл алга.
Энэ мэт эсэргүүцлийн үр дүнд хэлэлцүүлгийн явцад төслийн 6.3 дахь“Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй нийтлэх, түгээхийг хориглоно” гэх заалтыг хасуулав. Хууль санаачлагчдын зүгээс иргэд үүнийг буруугаар ойлгоод байна гэж тайлбарласан ч “но”-той болоод заалтаа “татав” бололтой хэмээн хардах хүн олон аж.
Харин Хүний эрхийн үндэсний комиссынхон хангалтгүй ажиллаж, хулчгар загнасныг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Тэд иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх язгуур эрхийг эцсээ хүртэл хамгаалсангүй. Ядаж л албан ёсны ганц мэдэгдэл гаргасангүй. Комиссын дарга Ж.Хунангийн хэлснээр тус хуулийг хэрэгжүүлэх журмыг батлах, зөрчилтэй контент мөн, эсэхийг тодорхойлох бүтцэд төлөөллөө оролцуулах төдий эрхтэй хоцорч байх шиг.
Уг нь Хууль тогтоомжийн тухай хуульд төсөл боловсруулах ажлын үе шатыг нэгбүрчлэн заасан байдаг. Хууль, тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хэрэгжилтийн үр дагаврыг нь үнэлэхээс авхуулаад шинэ төслийн үр нөлөө, зардлыг тооцож байж боловсруулах ёстой. Хамгийн гол нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр төслөө хэлэлцүүлж, саналыг нь авахаар хуульчилсан билээ. Харамсалтай нь, Н.Учрал сайд хэдэн сэтгүүлчтэй уулзаж төслөө танилцуулсан, саналыг нь авсан гэхээс өөрийг хэлсэнгүй. Цаашлаад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг ч авах ёстой. Гэтэл эрх баригчид гэнэт төсөл өргөн бариад, нэн яаралтай горимоор хэлэлцүүлчихэв. Энэ нь МАН-ынхан уг хуулийг сонгууль угтан өөрсдөдөө зориулан баталсан, өрсөлдөгчөө тавьж буй саад тээг гэж харахад хүргэж байна. Тэд дахин өөр ямар ч хуулийг энэ мэтээр батлахгүй гэх баталгаа үгүй гэдэг нь аюул. Сөрөг хүчингүй парламентын зовлон энэ буюу. Гэхдээ Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа орон дотроо хууль засдаг байсан гэх үетэй харьцуулбал олон нийт сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, бурууг хүлээн зөвшөөрч, шударга бустай эвлэрч хүлцэхээ байсныг харахад бага ч болов сэтгэл онгойх аж.