Ер нь зөвхөн малчид төдийгүй дэлхий нийтээрээ өөрсдөө ч мэдэлгүй асар их мэдээллийн урсгал дунд төөрч явааг Америкийн философич Си Ти Нүен “Мэдээллийн урсгалыг сүйтгэх хоёр өөр ялгаатай үзэгдэл буй. Үүнийг цуурайт агуй (echo chamber) ба танин мэдэхүйн бөмбөлөг (epistemic bubbles) гэвэл хоёул мэдээллийн эх сурвалжийг тогтолцоотойгоор хасаж, танадаг нийгмийн бүтэц юм. Цуурайт агуй бол холбоо бүхий өрөөл бусдын үзэл бодлыг идэвхтэйгээр үл хэрэгсдэг нийгмийн бүтэц. Танин мэдэхүйн бөмбөлөг эсрэг тэсрэг үзэл бодлыг орхидог бол, цуурайт агуй гишүүдээ эрчимтэйгээр бусдын үзэл бодолд итгэхгүйд хүргэдэг. Бид фэйсбүүк болон төстэй олон нийтийн сүлжээнээс ихэнх мэдээллээ авдаг. Бидний фэйсбүүкийн талбар улс төрийн болон соёлын тухайд бидэнтэй ижил үзэл бодолтой найз нөхөд, хамт олноос оройлон бүрддэг. Зэрэгцээд хөшигний ард байдаг “Google” хайлтын алгоритм чимээгүйхэн хувь хүнд тохирсон хайлтыг тооцоолж, бидний харахыг хүссэн тэр л зүйлийг харуулдаг. Эдгээр нь мэдээллийн шүүлтүүрийг гажуудуулдаг. Мөн танин мэдэхүйн бөмбөлөг нь хэтийдсэн өөртөө итгэхүйд хүргэдэг” (Си Ти Нүен “Цуурайт агуйгаас зугт”, орчуулагч И.Даваадорж, “Эрдмийн хэлхээ” ЭШБ боть X, 375-376, Улаанбаатар, 2021) гэх зэргээр орчин үеийн хүн төрөлхтөн мэдээллийн ертөнцөд зорчихдоо зөвхөн өөрийн хүссэнийг л харах, түүнийг нь харуулдаг шүүлтүүр байдаг, өөр ондоо, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрөхөө больдог талаар өгүүлсэн нь малчдын мэдээлэл авах сувгийг маш оновчтой шүүмжилж болмоор жишээ юм. Өөрөөр хэлбэл, цаанаасаа системчлэгдсэн мэдээллийн урсгалд хүн хэзээ ч зөв, чухал мэдээллийг олж авч чадахгүй болоод буйг хэлжээ.
Мөн үүнтэй холбоотой хэлэхэд, дээр дурдсан төр, Засгийн газар үргэлж бидний өмнө тайзан дээр жүжиг тоглох мэт хуурамч дүр эсгээд, харин хөшигний ард жинхэнэ үйл ажиллагаа явагдаж байдаг нь фэйсбүүк талбараас тодорхой харагддаг билээ. Ийм шалтгаануудаас малчид мэдээллээс хол бус ч гэлээ хэрэгтэйг нь олж чаддаггүй хэмээн тайлбарлаж болох юм.
6. ХОТЖИЛТ
Нүүдэлчдийн мөнхийн дайсан нь хотжилт хэмээх өнцгийг нийтлэлч гаргажээ. Яагаад вэ гэдгийг тэрбээр тайлбарлахдаа:
-Монголчууд “Хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ” гэлцдэг нь бэлчээр нийтийн эзэмшил маягтай байж, зөвшилцөн хувааж хэрэглэж ирсэнтэй холбоотой. Харин суурин иргэдэд, үйлдвэр, хот байгууламж босоход дургүй, тэд нүүдэггүй учраас бэлчээр чөлөөлөгдөхгүй. Нүүдэлчид төрөлх зөнгөөрөө бүтээн байгуулалтад таагүй ханддагийн нууц энэ.
-Монгол хүний жаргал бол дураараа нүүх. Нүүх, суухад нь хөндөлдөх ямар нэг бүтээн байгуулалт байх ёсгүй.
-Монгол хүн дураараа нүүх л дуртайгаас биш, дураараа хотших, тааваараа үйлдвэржих, чөлөөтэй бүтээн байгуулах сонирхолгүй. Иймээс иргэншин хотших үйл явц нүүдлийн мал аж ахуй хоёр мөнхийн зөрчилтэй. Энэ зөрчил ХХ зууны эхээр, монголчууд хотшин амьдрах болсон үеэс л эхтэй. Шийдэл нь коммунист хүчирхийллийн арга байсан.
-Аж үйлдвэр гэхээр уул уурхай, олборлох баяжуулах л чиглэл байсан нь одоо ч хэвээрээ. Аж үйлдвэржихийн тулд хотшил суурьшил хэрэгтэй. Хот суурьшлаа дагаад газар тариалан хөгжих ёстой. Энэ бүхэн нь мянганы уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдсөн, тэдний эзэмшил нутгийг булаах процесс юм (Малчид ба түүний дайснууд).
Эдгээрт нүүдэлчдийн сэтгэхүйн онцлог болох суурьших дургүй, “цээж эрдэм”-ээ тээгээд, нүүдэллэх мөнхийн хүслийг оновчтой тэмдэглэжээ. Үүн дээр нийтлэлчийн хувийн онцлог чухал нөлөөтэй гэж үзэж байна. Учир нь түүний тухай Баабар “Цэнддоо бол эсээчин (Энэ нэршил зохиж байна уу, үгүй юү. Эсээ бичдэг хүнийг “эсээчин” гэж болох уу). Эргэцүүлэл, улс төрийн шүүмж, монгол ахуйн араншин, хүний мөн чанар зэргийн тухай маш олон өгүүлэл, нийтлэл түүний гараас гарсан. Хамгийн шилдэг нь этнопсихологи, социопсихологийн талаас нь монгол үндэстний, монгол хүний, нүүдэлчний амьдрал ахуй, үүнээс улбаалсан сэтгэлгээний онцлогийг задлан шинжилсэн бүтээлүүд нь юм” (https://www.sonin.mn/news/culture/129662) гэснээс үз вэл түүнийг малчдын тухай бичихэд гайхах зүйл гүй л дээ. Гэхдээ түүнийг хэр зэрэг хөдөө гадаа явж, хөхөрч гандаж үзсэн бэ гэдгийг мэдэхгүй болохоор эргэлзсэн минь үнээн.
Ингээд дээрх зургаан зүйлээр малчдын дайсныг нийтлэлд тодорхойлжээ хэмээн үзлээ. Эл зургаан төрлийн дайснаас нэгээхэн нь ч малчдыг бодоогүй талаар нийтлэлч маш хүчтэй дуугарав. Тэрбээр дүгнэхдээ, “Ийнхүү бид малчдынхаа эрх ашгийг хамгаалах нэрийн дор, мөн орон нутгийн өөрөө удирдах ардчилсан ёсыг хөгжүүлэх тугийн дор Монгол Улсынхаа гурав дахь хөршийн бодлогыг нураалцаж, эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг босолцож, хөрш орноосоо эрчим хүчний хараат байдлыг хадгалан лавшруулалцаж ирсэн байх юм. Монгол хүн алдахаараа юунаас болов гэдгийг ухаарахын оронд “хэнээс болов” хэмээн буруутан хайдаг. Хилийн чанадаас захиа даалгавар авагчид, зүгээр л хийморь золбоо бадарсан сайн эрийн замаар мөнгө олж байгаадаа бардагсад, хөдөө нийхнийг догиож байж саналыг нь аваад улсын төсөв дээр ажиллагсад... бүгдээрээ л хэдэн муусайн малчид руугаа “эд буруутай” хэмээн заана. Монгол зүйр үг дотор “Эрлэг ороод ирэхэд эхийгээ заах” гэж бий дээ. Тэрэн шиг, учрыг гүйцэд ухаараагүй зүгээр л дарвиснаас эхлээд, ердөө төрөлх зөнгөөрөө нутаг бэлчээрээ хамгаалж байна гэж бодсон гэнэн хонгор малчдыг уурссан олонд зааж өгнө” (Малчид ба түүний дайснууд) хэмээснээс гадна “Тог цахилгаан тасалдаад хот хөлдөхдөө тулбал “Малчид л нүүрсний уурхай бариулаагүй”, “Малчдаас болоод УЦС босоогүй”, “Энэ хэдэн танхай юмнаас болоод барууны хөрөнгө оруулагчид гарч явсан”, “Ерөөсөө малчдын малыг хураая” хэмээсэн түрхрээн үүснэ” (Малчид ба түүний дайснууд) гэж үзжээ.
Дэлхийн хаана ч ямар нэгэн үйл явдалд ямар нэгэн хүн, бүлэг, улс буруутан болдог жамтай. Үүнийг ч бас судалчихсан. Британийн антропологич Эванс-Притчард бээр энэ тухай “Шалтгааны онол (Theory of accountability)”-оо тунхаглаж, “Хүмүүс ямар нэгэн муу зүйл тохиолдоход хэн нэгнийг энэ хэрэгт буруутгаж болох шалтгааныг заавал гаргаж ирдэг. Тухайлбал, Америкт бол кофе хэн нэгний бие дээр асгачихвал хэн ийм халуун кофе болгов оо гэх юм уу, халтираад унавал энэ байгууллага шалаа юунд ийм гөлгөр орхив оо гэдэг ч юм уу. Эванс Притчард азандег (Төв Африкт байсан эртний омог) судлахад тэд тохиолдсон бүхэнд нэг ёсны бөө нар буюу witchcraft-г буруутгадаг. Буруутгаж болох зүйл олон байх бөгөөд нийгмийн нэг хэсэг нөгөөгийнхөө учир шалтгаан болох төдийгүй уялдан хэлхэгдэж тодорхой бүтэц нь болсон байдаг” (Д.Бум-Очир, Г.Мөнх-Эрдэнэ, “Нийгэм, соёлын антропологийн онолын үүд” Улаанбаатар, 2012, 107) гэж үзжээ. Үүгээр жишээлэн хэлбэл, азанде нарын бөөгийн бүлэг нь Монголын хувьд малчид бөгөөд буруудсан, буруутгасан бүлгүүд нийлээд нийгмийн бүтцийг бий болгодог нь Монголын жишээгээр бас л харагдаж байна.
ДҮГНЭЛТ
Монголын сэтгүүл зүйд олон өнгө сүлэлдэж байдгийн нэгэн томоохон “од” нь мэдээж Б.Цэнддоо. Ёс бус хэллэг агуулаад ч хамаагүй, ёс жудагтай хүний үүднээс ч хамаагүй, хэлье гэснээ хэлж, бичсээр ирсэн нь түүний гавьяа. Бидний судлан үзсэн “Малчид ба түүний дайснууд” цувралыг тэрбээр нийгмийн олон бүлгийн өмнөөс заримыг нь онож, заримыг нь алдаж бичсэн тухай дээрх зүйлс дээр нэмэн дүгнэе.
1. Тухайн нийтлэлд олон талын байр суурийг нэг нийтлэлч илэрхийлэхийн тулд нэлээд цаг хугацаа, хүчин чармайлт гаргасан нь 2022 оны есдүгээр сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 9-ний хооронд бичсэнээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Б.Цэнддоо учраас л бичиж барсан зүйлс ч бий. Үндэсний үнэт зүйлс рүү үе үе “дайрдаг” тэрбээр энэ удаа “лоозонгийн даавуу, тугийн иш төдий” болсон монгол малчныг хамгаалах, хайрлах өнгө аястай, хэрэв малчдын эл нөхцөл байдлыг засаж, залруулахгүй бол өөрсдөөс нь шалтгаалахгүй ч “хэрэгт унах” олон шалтгаан байгааг онцолсон нь эл нийтлэлийн гол зорилго ажээ. Өөрөөр хэлбэл, түүний нийтлэлийн бичлэг зорилгоо хангасан байна.
2. Нийтлэлд олон талын байр суурийг оруулсан тул нэлээд нурших, нэг хэлсэн санаагаа хоёр, гурван удаа оруулсан тохиолдол ч байлаа. Тухайлбал, “Лав л хориод жил “Жил бүр 9.5 сая төл бойжуулан малаа 24 сая болгох” зорилт тавиад бүтээгүй юм даг”, “Нэгдлийн малыг 25 сая толгойд хүргэх гэж улсаараа мачийгаад бараагүй юм сан” гэхчлэн давтжээ.
3.Заримдаа онхи хэрэггүй адилтгал, зүйрлэлүүд орж ирнэ. Малаа хураалгаж, тэгсэн атлаа өөрсдөө маллаж байсныг нь өөрийн эзэмшлийн машинаа улсад хураалгаад, тэгээд унаад таксинд явахтай адилтгасан нь, цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригадын тухай өгүүлэхдээ “Ленин” клубийн үүдэнд зогсдог өвгөнтэй адилтгасан нь нийтлэлийнхээ үнэ цэнийг бууруулсан, илүүц болжээ.
4.Нийтлэл дунд зөрчилтэй тодорхойлчихсон тохиолдлууд байна. Жишээлбэл, “Уул нь өнөөгийн малчин их өөрчлөгдсөөн... Ядаж л, өөрийн малаа өсгөж байгаа учраас сэтгэл санаа өөдрөг. Арчаагаа алдчихаагүй л бол гаднаа нүүдэг, унадаг хоёр машин бас мал хариулдаг мотоциклтой болоод авсан” гэсэн хэр нь “Хамгийн том туг далбаа болж ашиглагдсан хэрнээ, өөрийгөө өмөөрөх чадваргүй нь морио унаж далдганасан хэдэн малчид байна даа, хөөрхий” хэмээн техникжсэн, техникжээгүйн зөрчилтэй болгожээ.
5.Шилдэг нийтлэлчдийн клубийн нийтлэлүүдийг утга найруулга, зөв бичгийн дүрмийн талаас хянаж шалгадаггүй дүрэмтэй юм уу даа. Бичих явцад үг гээснээс эхлээд “сонирхоё, айдасаасаа, даврана, гавъяа, олонхи, дуусч, орончдийн, өөрсдийгээ, байтугаа, орхие, дархлагдсан, алцагнаж, ирчээ, төрөлхи, хүртэлхи, дарам тлана” зэрэг алдаа нэн түрүүнд таарсныг хэлмээр байна.
Түрүүч нь https://www.unuudur.mn/a/252994