Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд 498 дугаар тогтоол гаргаж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Зардлыг тооцох аргачлалыг боловсруулан баталж, хэрэгжүүлэх үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан юм. Уг тогтоолыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлэх бөгөөд үүний хүрээнд ямар ажлууд хийж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамныхнаас тодруулахад “Аргачлал боловсруулах ажил үргэлжилж байна. Хэдийд батлуулж, хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй” гэсэн юм. Түүнчлэн хүүхдийн хоолны зардлын хэдэн хувийг эцэг, эхээс гаргуулах вэ гэдэгт тодорхой шийдэлд хүрсэн, эсэхийг лавлахад “Энэ чиглэлээр судалгаа хийж байна. Засгийн газрын 498 дугаар тогтоолд хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар заасан. Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.4-т төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тодорхой хувь заагаагүй учраас нарийвчилсан судалгааны үндсэн дээр тодорхойлно. Ингэхдээ өрхийн амьжиргаа, орлогын түвшнийг харгалзан үзнэ” гэж мэдээлэв.
Бэлтгэсэн М.Оч