Монголын аэробик гимнастикийн холбоо, “Лайт” клубийн тамирчин, “Норовлин” бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч Ч.Батбуян энэ спортоор хичээллэж, эх орнынхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа шилдгүүдийн нэг. Тэрбээр 2017 онд Азийн АШТ-д удаалж, тэр жилээ ДАШТ-д өрсөлдөн, шилдэг найман тамирчнаас VI байрт шалгарч байв. Тэгвэл 2018 онд болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль зүүж, шинэ оны өмнөхөн Японы Токио хотыг зорьж, аэробик гимнастикийн “Дэлхийн цом” тэмцээнд 15-17 насныхны ангилалд оролцон, мөнгөн медальтай ирсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Шинэ оны өмнөхөн Японд болсон “Дэлхийн цом” тэмцээн танд сайхан дурсамж үлдээхийн зэрэгцээ олон зүйлийг ухааруулсан байх.
-Тэндээс томоохон зорилго тээж ирсэн. Миний хувьд дасгалжуулагч багш болон хамт бэлтгэл хийдэг тамирчидтайгаа 2023 онд ур чадвараа өмнөхөөсөө ахиулж амжилт гаргахаар зорьж байгаа. Энэ оны есдүгээр сард Монголд Азийн АШТ зохион байгуулах тул амжилттай оролцохоор одооноос бэлтгэлээ базааж эхэлсэн. Шинэ оны өмнө Японы Токиод болсон аэробик гимнастикийн “Дэлхийн цом” тэмцээнд 15-17 насныхны ангилалд оролцож, мөнгөн медальтай ирлээ. Би тус улсад анх удаа хөл тавьсан юм. Тайван орчин, иргэдийнх нь харилцааны өндөр соёл, зөв хандлага, амьдралынх нь хэв маяг их таалагдсан. Тэмцээний өмнө бэлтгэл сургуулилалт хэрхэн хийснээ тамирчидтай нь харьцуулж, ямар нэг зүйлээр давуу харагдвал илүү байхыг хичээсэн. Би өнгөрсөн жил Тайланд улсад зохион байгуулсан Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, Японы тамирчин IV байрт шалгарсан юм.
-Тэрбээр энэ удаа тантай хүчтэй өрсөлдөв үү?
-Тийм ээ. Тэрбээр “Дэлхийн цом” тэмцээнд түрүүлж, би удаалсан. Бид тэмцээн бүрт таарсаар байгаад нэгнээ сайн таньдаг болсон юм. Түүнтэй тэмцээн өндөрлөсний дараа уулзахад “Азийн АШТ-д чамд ялагдчихаад медальгүй хоцрох надад маш хүнд байсан. Одоо түрүүлсэн болохоор сэтгэл өндөр байна” гэхэд нь “Бид амжилтын хувьд адил болж тэнцлээ. Хойшид ч аваргын төлөө өрсөлдөнө шүү” гэж хэлсэн. Тамирчдын нөхөрлөл сайхан. Хэдий өрсөлдөгч болдог ч дэвжээнээс буугаад л нөхөрлөлөө үргэлжлүүлдэг.
-Тамирчдын хүсэл сонирхолд тулгуурлаж спорт хөгждөг. Таны амжилтад гэр бүлийнхний тань гэдэгт эргэлзэхгүй байна.
-Би цэцэрлэгт байхаасаа нийтийн гимнастикаар хичээллэсэн. Гэрийнхээ гадаах элсэн дээр үеийнхэнтэйгээ тоглож өнждөг . Аав, ээж нэг өдөр “Хүүгээ сонирхож байгаа спортоор нь хичээллүүлье” гэж ярилцаж шийдсэнээр аэробик гимнастикийн спортод 10 настайдаа хөл тавьсан. Спортоор зорьж хичээллэх нь сонирхох төдийгөөс их өөр. Тамирчин болох замналаа 2017 оноос эхлүүлж, эх орондоо зохион байгуулсан Азийн АШТ-д анх удаа оролцохдоо тивийн шилдгүүдийг хараад сандарч байснаа мартдаггүй. Ганцаарчилсан төрөлд болгар дасгалжуулагчтай Вьетнамын тамирчинтай өрсөлдсөн. Түүнд онооны хол зөрүүгээр хожигдож, аваргын түрүүгээ алдахдаа өөрийгөө олон талаар дутуу гэдгээ ойлгосон юм. Тэр тэмцээнээс гардсан мөнгөн медаль урам өгч, хойшид олон улсын тэмцээнд оролцох томоохон гүүр болсон. Медаль хүртсэн тэр өдрөөс өөртөө зорилго тавьж, амжилт гаргахын төлөө тэмүүлсэн дээ.
-Тэмцээнээс хүртсэн шагналуудаасаа онцгой медалийнхаа тухай тамирчид ярих дуртай. Танд ч гэсэн өгүүлэх зүйл байдаг биз?
-Азийн АШТ-ээс анх хүртсэн мөнгөн медаль онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Надад тамирчин байхын үүрэг хариуцлага, амжилтын төлөөх өрсөлдөөн, үнэ цэнийг мэдрүүлсэн болохоор их хайртай. Тэр үед төрсөн бодол, мэдрэмж, дурсамжийг эргэн сануулж, хүүхэд насанд минь буцаан авчирдаг. Бага байх үеэ бодвол одоо бодол, хүсэл мөрөөдөл минь өөрчлөгдсөн. Тэмцээний үед сандарч, нэг л мэдэхэд дасгалуудаа гүйцэтгэн шагналтай, шагналгүй харьдаг байсан үе ард хоцорчээ. Одоо медаль авах зорилгоор бус, бэлдсэн дасгалуудаа бүрэн гүйцэтгэж харуулахад болно гэж боддог.
-Португал улсад болсон ДАШТ-д оролцохдоо шилдэг найман тамирчны нэгээр шалгарсан тухай мэдээллийг уншиж байлаа.
-Дасгалжуулагч, олон улсын шүүгч Э.Мөнх-Оргил багштайгаа Португал улсад 2018 онд болсон ДАШТ-д оролцохдоо 20 гаруй улсын гимнастикчидтай өрсөлдөж, шилдэг найман тамирчны нэгээр шалгаран, финалд үлдэж байв. 13 настай байсан надад тус улс гоё дурсамж үлдээсэн. Хүн бүр өөр зан чанартай байдаг шиг тамирчид ч гэсэн тэмцээнд оролцох онцлогтой. Тус тэмцээнд эзэн орны тамирчин аварга болж, ДАШТ-д шилдгүүд хэрхэн өрсөлддөгийг ур чадвараараа харуулсан юм. Тэр үед нас бага байсан тул Европын тамирчдыг хараад “Юу идэж, уугаад ийм өндөр амжилт гаргадаг юм бол” гэж бодож билээ. Азийнхнаас Японы тамирчид хичээл зүтгэл сайтай. хаа төлөө тууштай, шаргуу хөдөлмөрлөдөг дайчин зантай. “Дэлхийн цом”-д түрүүлсэн Японы тамирчинтай тэр үед таарч, анх харж байв. Түүнээс энэ чанарууд одоо ч харагддаг .
-Тамирчид амжилт гаргахын төлөө өдөр бүр хийдэг ажил нь сургуулилалт шүү дээ. Та бэлтгэл хэрхэн хийдэг вэ?
-Санал нэг байна. Гимнастикийн спорт нь тамирчнаас өрсөлдөгчдөөсөө хоцрохгүйн тулд өөрийгөө олон талаар байнга хөгжүүлэхийг шаарддаг. Тиймээс үсрэлт, сунгалт гээд бүх дасгалыг зөв гүйцэтгэх ёстой. Дасгалжуулагч багш тамирчдынхаа хооллолт, бэлтгэл, сэтгэл зүйг сайтар ажиглахаас гадна гэр бүлийнхэнтэй нь холбоотой ажилладаг. Аав, ээж минь намайг энэ спорттой нөхөрлөх үеэс өнөөг хүртэл дэмжиж байна. Хүн л юм чинь шантарч халширна, унана босно, баярлана уйлна. Амаргүй бүхнийг даван туулахад гэрийнхэн минь спортын жаргал, зовлонг хамт хуваалцаж урагшиллаа. Бэрхшээлтэй нүүр тулдаггүй тамирчин хаана ч байхгүй. Сэтгэлийн хат, хатуужил тэсвэртэй нь спортын босгоор алхаж, талбарт нь үлддэг. Надад ч гэсэн үлдэх үү, болих уу гэж эргэлзсэн удаа олон. Өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д амжилт гаргахыг хичээж, амрахаа мартаад ядартал бэлтгэл хийсэн. Би тийм үед бусдаас асуухаас илүү өөрийнхөө дотоод ертөнцтэй ярилцдаг. “Өмнө минь өөр олон зүйл байхад би яг яах гэж, юуны төлөө ингэж зовж хичээгээд байгаа юм” гээд бодох зуурт дотор хүн “Төгс хүн гэж байдаггүй. Зорьсон зүйлдээ анхаарал хандуул. Өнөөдөр өмнөхөөсөө жаахан илүү хичээхэд болно. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй” гэдэг.
-Тэмцээн зохион байгуулсан орнуудаас онцолж хардаг зүйл тань юу байдаг бол?
-Тэмцээн зохион байгуулж буй орон үндэснийхээ өвөрмөц соёл, онцлог, амьдралын хэв маягийг заавал харуулдаг. Тухайлбал, Тайланд улс буддын шашинтай. Паттаяа хотод болсон тэмцээний нээлт, хаалтын үеэр үүнийгээ түлхүү харуулж, илэрхийлэх жишээтэй. Бид тэмцээн өндөрлөсний дараа тухайн орны хөгжил, соёлтой танилцдаг юм. Тайландчууд хоол, хүнсэндээ далайн гаралтай бүтээгдэхүүн түгээмэл хэрэглэдэг. Миний хувьд хилийн дээсалхаад л эхэндээ онгол хоолоо үгүйлдэг сэн. Ээжтэйгээ холбогдохдоо “Намайг очихоор мах чанаж өгөөрэй” гэдэг байлаа. Тэр үеэ бодвол одоо дасан зохицдог болсон. Надад Азийн аварга болох мөрөөдөл бий. Багш “Чи тэдэнтэй адилхан шүү дээ. Юунаас нь дутдаг юм. Хичээхэд болно. Энд амжилт гаргах ирсэн зорилгоо хамгийн түрүүнд бодох хэрэгтэй” гэж зөвлөдөг. Энэ жил эх орондоо болох тэмцээнд заавал түрүүлнэ. Надад гадаадын улсуудаас Япон хамгийн сайхан сэтгэгдэл төрүүллээ. Иргэд нь харилцааныхаа соёлд их анхаарч, ямар ч хүнийг найрсгаар инээж угтдаг юм билээ. Тэнд ахмад настай хүн намайг та гээд хүндлэхэд нь эхэндээ ихэд гайхсан шүү.
-Өнгөрсөн хугацаанд багш, шавь хоёрт унаж, боссон үе бишгүй л таарсан байх?
-Багштайгаа хамтарч ажиллаад найман жилийг ардаа үджээ. Түүнд сайн чанар, олон давуу тал бий. Ямар ч үед, юу ч тохиолдсон тууштай зүтгэсэн багшийнхаа хөдөлмөрч зангаар их бахархдаг. Гадаад, дотоодын тэмцээний үед багш шавь нартаа гэрийнхнээс нь дутахгүй анхаарал хандуулж, тогооч, бариач, сэтгэлзүйч нь болно. Товлосон хугацаанаас нь өмнө бидний өмсөх хувцсыг хүртэл оёно шүү дээ. Өөрийгөө мартаад, шавь нарынхаа найдвартай ар тал болж, амжилт гаргуулна гэдэг амар ажил биш.
-Бэлтгэл хийхгүй хэд хоновол заалаа санаж, нөхдөө үгүйлдэг үү?
-Өглөө гараад, орой гэрийн бараа хардаг ч бэлтгэлээ үр дүнтэй хийхийг үргэлж хичээдэг. Багаасаа тэмцээнд оролцож, завгүй байсан болохоор бэлтгэл хийхгүй хэд хоновол заал, тамирчдаа үгүйлж санадаг юм. Би одоо “Норовлин” бүрэн дунд сургуульд сурдаг. Ирэх хавар сургуулиа төгсөнө. Манай сургууль коллеж, таеквондогийн сургалттай. Сурагчдын олонх нь таеквондо, сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг. Ангийнхаа нөхдөөс гимнастикийн спортоор хичээллэдэг нь би. Сургуулийн удирдлага, багш нар, хамт олон минь ойлгож дэмжээд, тэмцээнд оролцуулдаг юм. Намайг “Дэлхийн цом” тэмцээнд оролцохын өмнө ангийнхан “Чиний бие бялдрыг дэмжье” гээд өдөр бүр ээлжилж хоол хийж ирдэг байлаа. Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэхэд манай сургуулийнхан ихэд баярлан угтаж авсан шүү. “Дэлхийн цом” тэмцээнээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн өдөр сурагчдын амралт эхэлсэн.
-Тэмцээний үед сэтгэл зүй, тэсвэр, хатуужил шалгасан зүйл цөөнгүй тулгардаг байх. Тэр бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Би “Дэлхийн цом” тэмцээнд энэ удаа багшгүйгээр оролцсон. Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр халууран, бие тавгүйрхэж, нойргүй хонов. Өглөө нь халуунтай, бие халаалт хийх амаргүй санагдсан ч миний бус, эх орны минь нэр гарах тул итгэж найдсан хүмүүсийнхээ урмыг нь хугалахгүйг хичээсэн. Халуурсан хэрнээ тэмцээнээс мөнгөн медаль хүртэхдээ маш их ганцаардаж байгаагаа мэдэрсэн дээ. Медаль зүүсэн тамирчид бусадтайгаа баяраа хуваалцахад би ганцаараа шагналаа бариад зогсож байлаа. Тэр үед тэмцээнд дасгалжуулагчгүй оролцох, дэргэд сэтгэлийн дэм өгөх хүнгүй байхын хэцүүг мэдэрч, бүр нулимс гарсан. Хамгийн түрүүнд ээжтэйгээ, дараа нь багштай утсаар ярьж баярт мэдээг дуулгасан юм. Япон руу явахдаа догдлоогүй хэрнээ медалиа зүүгээд гэртээ хурдан харих сан гэж их яарсан шүү.
-Тамирчин болсноос хойш магтаал, шүүмжлэлийн аль алиныг сонсож сурсан байлгүй.
-Аав минь хилийн цэргийн хурандаа, ээж бага ангийн багш мэргэжилтэй. Спортод хөл тавиад гэрийнхэн, багш, найзуудаасаа магтаал, шүүмжлэлийн аль алийг сонсож сурлаа. Хааяа хатуухан зэмлүүлэх хэцүү ч өөрийгөө хурцалж, урагшлахад тусалдаг. Дандаа магтуулж, инээнэ гэж юу байх вэ, хааяа багшдаа зэмлүүлнэ. Би хойшид дасгалжуулагчаар ажиллана гэж бодож байгаа. Спортод тухайн тамирчны ур чадвар өмнөх амжилтаасаа буураагүй бол үргэлжлүүлэн хичээллэдэг. Гимнастикийн спортод 30 нас хүрсэн ч тэмцээнд оролцдог тамирчин олон бий. Дасгалжуулагчаар ажиллах хэцүү гэж ярьдаг. Миний хувьд ялалт, ялагдлыг мэдэрсэн болохоор сурсан зүйлээ хүүхдүүдэд харамгүй заан, эх орондоо энэ спортыг хөгжүүлж, дэлхийд таниулах тамирчдыг багаас нь бэлтгэх сэн гэж боддог.
-Таныг Японы аэробикийн тамирчин Мизүки Сайтогийн амжилтаар бахархдаг гэж сонссон.
-Аэробик гимнастикийн спортоор олон жил хичээллэн, 2016, 2018 онд дэлхийн аварга болсон түүний амжилтаар бахархаж, шүтэн биширдэг. Монголд надтай өрсөлддөг сайн тамирчид бий. Тэднээс МУБИС-ийн I курсийн оюутан Б.Оргилболдтой олон жил нөхөрлөсөн. Бид тэмцээнд нэг төрөлд г юм. Тэрбээр аэробик гимнастикаар надаас өмнө хичээллэсэн тул туршлагатай. Намайг өөрөөс минь илүү ойлгодог хүмүүс байдагт их баярладаг. Энэ ташрамд, ямар ч үед түшиг тулгуур болж ирсэн аав, ээж, дасгалжуулагч, найз нөхөд, ангийн багш, хамт олондоо баярлалаа гэж хэлье.