УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжлэв. Энэ өдөр “Империал гоулд майнинг”, “Шарын гол”, “Эрд хул”, “Эрэл”, “Вестерн холд”, “Ачлал трейд”, “Бармон”, “Болор шүр”, “Эгийн голын усан цахилгаан станц”, “Дэд бүтэц инженеринг”, “Модун”, “Монгема”, “Нью хаппи”, “Форс голд майнинг”, “Моннис майнинг” гэсэн 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудан, мэдээлэлтэй нь танилцлаа.
Эдгээрээс “Шарын гол” ХХК-ийн зээлд холбогдох гэрчүүд сонсголд ирсэнгүй. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг л сонсов. Дүгнэлтэд дурдсанаар тус компани Хөгжлийн банкнаас 264 сая иений зээл авчээ. Гэхдээ мөн гөн хөрөнгийн дутагдалд орж, зээлээ хугацаандаа төлж чадахгүй гэж Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газраас дүгнэж байсан аж. “Шарын гол” нь Хөгжлийн банкнаас олгосон зээлээс дөрвөн тэрбум төгрөгийг “Говь караван” ХХК, “Хэрлэн Ононтуул” ББСБ-аар дамжуулан зориулалтын бусаар ашигласан гэж дүгнэжээ. Тодруулбал, “Шарын гол” ХХК-иас Хөгжлийн банк болон “Говь караван” ХХК-иас шилжүүлсэн нийт дөрвөн тэрбум төгрөгөөс гадна харилцах дансанд байсан үлдэгдлийн хамт 9.5 тэрбум төгрөгийг “зээлийн эргэн төлөлт” утгатайгаар “Хэрлэн Ононтуул” ББСБ руу шилжүүлжээ. “Шарын гол” компанийн захирал асан, ТУЗ-ийн гишүүн Б.Батбаатар нь тус ББСБ-ын хувьцааг эзэмшдэг, “Эм Эн Юү Би кредит” ХХК-ийн эцсийн өмчлөгч. “Шарын гол”-ын ТУЗ-ийн гишүүн асан, “Говь караван” компанийн захирал Ж.Эрдэмбилэг нь “Хэрлэн Ононтуул” ББСБ-д хувьцаа эзэмшдэг. Мөн “Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Хулан нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн охин аж.
“Империал гоулд майнинг” компанийн хувьд Баянхонгор аймгийн “Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах” төсөлд зориулж уурхайд ашиглах техник худалдан авах зориулалтаар 2018 оны арваннэгдүгээр сард 16 тэрбум төгрөгийн зээл авснаас 7.4 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан гэж шинжээч танилцуулав. Тус компанийн хувьцаа эзэмшигч Т.Мөнхбаяр нь “Салхитын мөнгөний орд” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. Дансны гүйлгээгээр хөөж үзэхэд Хөгжлийн банкнаас “Империал гоулд майнинг” руу зээлийг олгосны маргааш нь “Т.Мөнхбаяраас зээл хаав” гэсэн утгатайгаар 1.7 тэрбум төгрөг шилжжээ. Өөрөөр хэлбэл, Т.Мөнхбаярын зээлийг үүгээр хаасан байж болзошгүй гэж үзэж буй юм байна. Сонсголын үеэр оролцогчид ямар мэдээлэл өгснийг хүргэе.
Б.ЭНХБАЯР (Түр хорооны дарга):
-Авсан зээлийнхээ 7.4 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн дүгнэлттэй санал нийлж байна уу?
Н.БАТМАГНАЙ (“Империал гоулд майнинг” ХХК-ийн захирал):
-2018 оны арваннэгдүгээр сард зээлийн гэрээ байгуулсан ч гүйцэтгэл нь хийгдээгүй. Хөгжлийн банкны зээлийн хүү бага болохоор тэдэнд хандсан. Гэсэн ч арилжааны банкууд гэрээ байгуулаад л мөнгөө олгодог бол Хөгжлийн банк шилжүүлээгүй. 2019 оны наймдугаар сард үлдэгдэл дөрвөн тэрбум төгрөгөө авах хүртэл бид бусдаас зээлж, гаргаж байж ажлаа хийснээ нуухгүй. 16 тэрбумын дөрөв нь эргэлтийн хөрөнгө. Өөрөөр хэлбэл, бид эргэлтийн хөрөнгөө өөрсдөөсөө гаргасан. Хүү хэмнэх гэж Хөгжлийн банкнаас зээл аваад алдагдалд орсон юм. Зориулалтын бусаар зарцуулсан гэсэн дүгнэлттэй зарим талаар санал нийлнэ. 2019, 2020 онд төлбөрөө төлөөд явж байсан ч 2021 онд цар тахлын улмаас зогссон. Манай зээлийн хугацаа 2022 оны наймдугаар сард дуусах байсан учраас Хөгжлийн банкны Зээлийн хороо сунгахаар тогтсон байсан ч ТУЗ нь батлаагүйгээсасуудал эхэлсэн. Т.Мөнхбаяр бид хоёр Хөгжлийн банкнаас зээл олгох хүртэл өөрсдөөсөө санхүүжилт хийж, уурхайгаа ажиллуулсан. Тэр мөнгийг нь буцааж олгосон байх.
Ц.МӨНХЦЭЦЭГ (УИХ-ын гишүүн):
-Шинжээчийн дүгнэлтээр “Империал гоулд майнинг” ХХК-ийн лиценз барьцааны шаардлага хангахгүй байж. Тухайлбал, ХААН банканд бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 9.2 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчиж байна. Яагаад бусад банкны барьцаанд байгаа лицензийг хүчинтэй гэж үзэн зээл олгосон бэ.
Ч.МӨНХБАЯР (Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал асан):
-Алт, уул уурхайн зээл олгож байгаа тохиолдолд лиценз нь хаана байгаагаас үл хамааран заавал барьцаалах ёстой. Барьцааны үнэлгээ хангалттай байсан, эсэхэд хариулт өгч чадахгүй. Эрсдэлийн удирдлагын газраас барьцааны талаар дүгнэлт гаргадаг.
Э.БАТШУГАР (УИХ-ын гишүүн):
-2012 онд “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эхлүүлж, Хөгжлийн банкнаас 13 компанид зээл олгосон ч өдгөө 11 нь “чанаргүй” ангилалд оржээ. Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага нь алтны олборлолт, уул уурхай талаас нь дүгнэх чадвартай байсан уу.
Ч.МӨНХБАЯР:
-“Алт-2” хөтөлбөрийг Уул уурхайн яам хариуцаж байсан. Тухайн үед тус яам, Хөгжлийн банкны хооронд санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан шиг санагдаж байна. Уул уурхайн яамнаас 60 гаруй компанийн жагсаалт ирүүлж, зээл олгоход нь анхаарахыг хүссэн. Тэдгээрийг судалж үзэхэд шаардлага хангах алтны компани байгаагүй. Гэтэл яамнаас “Яагаад Засгийн газрын санаачилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй байна” хэмээн биднийг шахсан. Үүнтэй холбоотойгоор бид шаардлагаа сулруулах хэрэгтэй болсон л доо. Ийм байдал 2017 оны наймдугаар сар хүртэл үргэлжилсэн. Уурхайн ажил хавар эхлээд, намар дуусдаг учраас бид цаг хугацаанд ч нэлээд шахагдаж байсан юм. Хөгжлийн банканд алтны нөөцийг судлах хүний нөөц байсан. Компаниудын санхүүгийн чадавх, цаг хугацааны байдалд шахагдаад заримд нь зээл олгосон. Тухайн үед гайгүй компанид зээл олгочихлоо гэж бодож байсан ч харамсалтай нь янз бүрийн шалтгаанаар эргэн төлөөгүй л байна.
Э.БАТШУГАР:
-Уул уурхайн яамнаас Хөгжлийн банканд дарамт үзүүлснээс болж шаардлага хангаагүй алтны компанид зээл олгосон гэж ойлгох уу. Тийм бол хэн гэдэг удирдлага, юу гэж дарамталсан бэ.
Ч.МӨНХБАЯР:
-Засгийн газар нь Хөгжлийн банкны хувьцааг эзэмшдэг. Хэнд зээл олгох, эсэхийг нь бодлогын хувьд чиглүүлж байдаг гэсэн үг. Би гүйцэтгэх албан тушаалтан байсан учраас надад шахалт ирээгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралд оролцдог байсан ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал надаас илүү мэдээлэлтэй байгаа болов уу. Тэднээс л сонссон гэв.
“Эрэл” компанийн тухайд Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан. Эхлээд Засгийн газрын тогтоолоор 2013 онд 14 сая ам.долларыг 2021 он хүртэл эргэн төлөхөөр гэрээ хийжээ. Дараа нь мөн Засгийн газрын тогтоолоор 2014 онд 13.1 сая еврог 2019 он хүртэл эргэн төлөхөөр авчээ. Эцэст нь дахиад л Засгийн газрын тогтоолоор 2015 онд есөн сая ам.долларыг 2022 онд эргэн төлөхөөр Хөгжлийн банктай гэрээ байгуулсан байна. Одоогоор зээлийн үндсэн төлбөрөөс төлөөгүй. Тодруулбал, өнгөрсөн оны эцсийн байдлаар “Эрэл”-ийн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 127.1 тэрбум, зээл, хүүгийн нийт өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрчээ. Шинжээчийн танилцуулснаар эхэнд өгсөн 14 сая ам.доллароос 4.3 саяыг нь бэлнээр зарлагадсан аж. Ингэхдээ тус компанийн нягтлан бодогч Алтанчимэг 1.2, Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалангийн хадгаламжийн дөрвөн дансаар 1.8 сая доллар авсан байна. Харин сүүлд олгосон есөн сая ам.доллароос 2.9 саяыг нь зориулалтын бусаар зарцуулсан гэж шинжээч дүгнэв.
Б.ЭРДЭНЭБАТ(“Эрэл” ХХК-ийн захирал):
-Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйгээс болж зээлээ төлөөгүй. Мөн Засгийн газрын 254 дүгээр тогтоол ч хэрэгжээгүй. Гэхдээ манай үйлдвэр ажиллаж байгаа, зүгээр суугаагүй. Хөгжлийн банкнаас зээл олгохдоо хүү нь хамгийн бага, хугацаагүй байна гэж хэлсэн. Ер нь бол Улаанбаатарт 220 мянган өрхийн орон сууцыг хэзээ барьж дуусна, тэр хүртэл хугацааг нь тогтооно гэж ойлгосон юм. 2019 оны нэгдүгээр сард хийсэн Үндэсний аудитын газрын шалгалтаар манайхыг зээлээ зориулалтын дагуу зарцуулсан гэж дүгнэсэн. Дараа нь 2016 онд Б.Энхбаяр дарга (Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны дарга) Хөгжлийн банканд шалгалт хийсний дагуу намайг АТГ-аас шалгасан. 2018 оны арванхоёрдугаар сард прокурор намайг хээл хахууль аваагүй, зээлээ зориулалтын дагуу ашигласан гэдгийг тогтоосон. Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас ч шалгаж, хэрэгсэхгүй болгосон. Анх 22 тэрбум төгрөгийн зээл авахын тулд 83 тэрбум төгрөгийн барьцаа тавьсан шүү дээ. Дараа нь бүх хөрөнгө, тоног төхөөрөмжөө нэмж барьцаалсан, хангалттай.
Б.ЭНХБАЯР:
-Хөгжлийн банк хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд шийдэх асуудалд Засгийн газар оролцсон асуудал байна. Та яаж Засгийн газраар шийдвэр гаргуулав. Нөлөөлсөн үү?
Б.ЭРДЭНЭБАТ:
-Тухайн үед хүчин төгөлдөр байсан Хөгжлийн банкны тухай хуулиар Засгийн газрын ач холбогдолтой гэж үзсэн төслийг УИХ баталдаг байсан. 2017 оноос хойш Хөгжлийн банк өөрсдөө зээлээ олгож эхэлсэн юм. 2013 онд Барилга, хот байгуулалтын сайд Хөгжлийн банканд баталгаа гаргаж өгч байлаа. Тэр баталгаанд нь жил болгон 5000 айлын орон сууцыг захиалан, тухайн үеийн ханшаар худалдаж авахаар заасан юм. Энэ баталгааг үндэслэж бидэнд зээл олгосон.
Т.ДОРЖХАНД (УИХ-ын гишүүн):
-Зээл чанаргүй болж, төлөгдөхгүй байгааг хэн хариуцах вэ?
Б.ШИНЭБААТАР (Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан):
-“Эрэл” ХХК-ийн төслийн нийт санхүүжилт 69 сая ам.доллар. Үүний 14 саяыг л Хөгжлийн банкнаас гаргасан. Тиймээс эцсийн хариуцлагыг “Эрэл” үүрч, зээлээ төлөх ёстой.
Ж.БАТ-ЭРДЭНЭ (УИХ-ын гишүүн):
-Та бүтээн байгуулалт хийе гэж зорьсон байх. Засгийн газар ч дэмжсэн байна. Гэхдээ одоо үүсээд буй үр дүнд нь хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?
Б.ЭРДЭНЭБАТ:
-Бид ийм хүндрэлтэй цагт эвтэй байж, хамтрах ёстой. Би төрдөө хүндэтгэлтэй хандаж байгаа. Хувийн компанийн эзэн байж, 33 жил зүтгэхдээ үнэнч байсныхаа төлөө энд асуугдаад сууж байна. Гэхдээ харамсах юм алга. Гэхдээ өөрийгөө өрөнд оруулаад, орлогогүй таван жил суулаа. Цаашдаа компаниуд төртэй хамтрахгүй.
Б.ЭНХБАЯР:
-Бэлнээр гаргасан нийт 6.8 сая ам.долларыг юунд зарцуулсан бэ?
Б.ЭРДЭНЭБАТ:
-Бүх бэлэн гүйлгээг зөвшөөрч байна. Намайг энэ асуудлаар шалгаад, зээлээ зориулалтын дагуу ашигласан гэж үзсэн.
Б.ЭНХБАЯР:
-Та мөрийтэй тоглоом тоглодог уу?
Б.ЭРДЭНЭБАТ:
-Үгүй. Би өчигдөр сонсголыг (уржигдар) үзсэн. Та бүх хүнийг буруутгах гэж үзэж байна. Нотлох баримт ярьж байгаа нэртэй, хүний хувийн мэдээлэлд халдлаашүү дээ хэмээлээ.
“Вестерн холд” ХХК-ийн хувьд 2018 оны арваннэгдүгээр сард Хөгжлийн банкнаас 26.8 сая ам.долларын зээлийг таван удаагийн гүйлгээгээр авчээ. Ингэхдээ “Ховд эко цемент” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж авахаар гэрээ байгуулжээ. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 88, нийт 88.2 тэрбум төгрөгийг төлөөгүй гэнэ. Хөгжлийн банкнаас өнгөрсөн жил газар дээр нь очиж ажиллан, “Зээлийг хэрэгжсэн” гэж дүгнэжээ.
Мөн “Модун” ХХК Хөгжлийн банкнаас 5.8 тэрбум төгрөгийн зээлийг дөрвөн жилийн хугацаатай, 11.59 хувийн хүүтэйгээр 2018 онд авсан аж. Одоогоор 4.4 тэрбум төгрөгийн үндсэн зээл, 2.14 тэрбум төгрөгийн хүүгийн гүйцэтгэл хангаад байгаа гэнэ.
Т.БАТБАЯР (“Модун” ХХК-ийн захирал):
-Хөгжлийн банкны зээлийн ихэнх хувийг төлөөд явж байгаа. Зарим бараа, материалын ханшийн зөрүүнээс болж, алдагдал хүлээсэн зүйл бий. МАК-аас евро блок авахын тулд 2019 оны наймдугаар сараас хойш Хөгжлийн банкнаас санхүүжилтээ авах хоёр удаагийн оролдлого хийж, оны эцэст 500 сая төгрөг шилжүүлж авах жишээтэй. Тэр хооронд евро блокийн үнэ хоёр удаа нэмэгдэхдээ 20 орчим хувиар өсөж, манай компани 40,50 сая төгрөгийн ханшийн зөрүүг төлсөн гэв.