“Прокуророос Ж.Энхбаяр, Г.Дөлгөөн нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийг тусгаарласан гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлэхгүй авч үлджээ” гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад.
“Прокурор Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байх зорилгоор тусгаарлан авч үлдсэн, хэрэг суйлсан” гэсэн агуулгатай мэдээллүүд нь үндэслэлгүй мэдээлэл.
Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн Хөгжлийн банктай холбоотой хэрэгт мэдээлэлд нэр дурдагдсан хүмүүст холбогдох хэрэг ирээгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж байсан Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Б.Ринчиндорж нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгаарлан өөр хэрэгт нэгтгэж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Эдгээр хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно, мөн тухайн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлана” гэж заасны дагуу хийгдэж байгаа ажиллагаа.
Хөгжлийн банкны хэргээс зарим хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа нь хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу хийгдсэн ажиллагаа бөгөөд “шүүхэд шилжүүлэхгүй байх зорилгоор авч үлдсэн” гэх асуудал байхгүй аж.