Монгол Улс казинотой болох уу, үгүй юү гэдэг асуултын хариу удахгүй тодорхой болно. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны сүүлчээр өргөн барьсны дотор Казиногийн тухай хууль багтсан. Үүнийг УИХ дэмжвэл Хөшигийн хөндийд байгуулахаар төлөвлөж буй эдийн засгийн чөлөөт бүсэд казино бий болгох бэлтгэл ажлыг эхлүүлэх юм. Энэ хуулийн төсөл иргэд, олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Учир нь манай улс өмнө нь Казиногийн тухай хууль баталж, мөрийтэй тоглоомын газар байгуулах тусгай зөвшөөрөл олгох тендер зарлаж байсан түүхтэй. Гэвч уг сонгон шалгаруулалт шударга бус болсон гэдэг үндэслэлээр тендерт шалгарсан компанийн удирдлага болон төрийн өндөр албан тушаалтнуудыг хээлхахуулийнгэмт хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхээсялшийтгэсэнньтухайн үедээ сенсац тарьж байв. Үүний үр дүнд тус хуулийн төслийг хүчингүй болгосон билээ. УлмаарМонголд казино байгуулахыг хориглосон. Өнөөдрийн байдлаар манай улсад казино байгуулах, ажиллуулах хориотой хэвээрээ. Харин дээрх хуулийн төслийг баталбал энэ хоригийгхүчингүй болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Казиногийн тухай хуулийг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг гэж тодотгож буй. Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгоход чухал хувь нэмэртэй хэмээн онцолж байгаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Казино төвтэй аялал жуулчлал, түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэх боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэх, улмаар эдийн засгийн өндөр үр өгөөж хүртэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэ хуулийн төслийг баталснаар казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үүнд тусгасан нөхцөл, шаардлагыг хангасан гурав хүртэлх тооны хуулийн этгээдэд олгох эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулж, түүнийг дагасан худалдаа, үйлчилгээг хөгжүүлэн, шинэ ажлын байр бий болгох боломжтой” хэмээн тодотгосон юм.
Эл хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, төрөөс үүнд тавих хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан. Эдгээрээс онцолбол, казиногийн үйл ажиллагааг Засгийн газраас олгох цөөн тооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зөвхөн чөлөөт бүсэд эрхлэх зохицуулалттай байхюм. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих хамгийн гол нөхцөл нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулалтын дээд хязгаарыг 300 сая ам.доллар байхаар тогтоосон. Тус хөрөнгийг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монголд оруулах шаардлага тавихаж. Казиногийн үйл ажиллагааг хянах, зохицуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг Засгийн газрын харьяанд байгуулахаар заажээ. Энэ зөвлөл мөрийтэй тоглоомын жагсаалтыг батлах, тусгай зөвшөөрөл олгох, сунгах санал боловсруулах юм байна. Тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгохдоо үнийн саналыг 60, цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувиар тооцож үнэлэхээр тусгасан аж. Хуулийн төслийг баталсан тохиолдолд эл үнэлгээний журмыг Засгийн газар батлах нь. Тэрчлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Монголын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгасан байна.
Казиногоос болж иргэд мөрийтэй тоглоомд донтох, хохирох эрсдэл өндөр. Энэ эрсдэлийг харгалзсаны үндсэн дээр Монгол Улсын иргэн болон насанд хүрээгүй хүнийг мөрийтэй тоглоом тоглуулахгүй, казинод нэвтрүүлэхгүй байхзаалторуулсан. Үүнийг ноцтой зөрчилд тооцохоор заасан бөгөөд энэ тохиолдолд казино эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Харин аялал жуулчлалыг дэмжих, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх газрын сонголтыг нэмэх зорилгоор байгуулсан казиногийн цогцолбор дахь бусад газар, үзвэр, үйлчилгээний төвүүдээр насанд хүрээгүй хүн болон дотоодын иргэд чөлөөтэй үйлчлүүлж болох аж.
Казиногийн тухай хуулийг иргэд янз бүрээр хүлээн авч байна. Нэг хэсэг нь “Манайх шиг улсад казино байгуулах тохиромжгүй. Хяналтаас гарах магадлал өндөр”, “Халуун ус, ариун цэврийн байгууламжийнхаа асуудлыг бүрэн шийдээгүй байж аялал жуулчлал хөгжүүлэх нэрийн доор хууль бус үйл ажиллагаа явуулах гэлээ” хэмээн шүүмжилж буй бол зарим нь “Казино бол аялал жуулчлал, энтертайнмент бизнесийн нэг хэлбэр. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”, “Монголчууд 1990-ээд оны үед казино байгуулаад, жам ёсоор нь хөгжүүлсэн бол өдийд өөр байх байсан”, “Зарим улстөрч иргэдийн мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглан Монгол Улсын хөгжих боломжийг үгүйсгэсээр өдий хүрлээ” хэмээнсөргүүлж байна. “Казиногоос болж нийгэмд үүсэж болзошгүй сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлнэ гээд хэт чанга хууль, журам батлаад, Япон шиг нөхцөлд орох вий” гэж болгоомжлох хүн ч цөөнгүй. Тус хуулийн төсөл дэх зохицуулалтуудаас иргэдийг хамгийн их “эмзэглүүлж” байгаа нь монгол хүнийг казинод нэвтрүүлэхгүй гэх заалт. Энэ нь эргээд албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүсийн хүрээнд авлига, хээл хахууль гаарах эрсдэл дагуулж болзошгүйг ч зарим нь анхааруулж байгаа юм.
Казиногийн талаар тодорхой хэмжээнд мэдлэг, ойлголттой хүмүүс уг хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
АЛЬ Ч УЛС КАЗИНОДОО ДОТООДЫН ИРГЭДЭЭ НЭВТРҮҮЛДЭГГҮЙ
С.АЛДАРХИШИГ (“Монголиа экспедишнс” ХХК-ийн захирал, экстрим аялал хөгжүүлэгч): -Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Казино байгуулах нь зөв зүйтэй санаачилга. Олон жил ярьсных зориглоод ажил хэрэг болгох хэрэгтэй. “Монголд байгуулах казинод монголчуудыг нэвтрүүлэхгүй гэнэ” гээд л олон нийт сенсацлаад байна. Угаасаа ийм зохицуулалттай байх ёстой. Бусад улсад ч ингэж зохицуулсан байдаг. Өөрийнхөө орны иргэдийг нэвтрүүлдэггүй шүү дээ. Манайхан хэт сүржигнээд, сөрөг талаас нь хараад байна уу даа гэж санагдлаа. Хамгийн гол нь эрх зүйн орчин нь тодорхой, цэгцтэй байх нь чухал. Монгол хүн нэвтрүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариуцлага тооцохоор тусгасан учраас ийм эрсдэл, зөрчил гарахгүй болов уу.
Манай улс өмнө нь казинотой байсан. Тэнд сургалтад хамрагдаж ч байлаа, ажиллаж ч үзсэн. Кинонд гардаг шиг, хүмүүсийн ярьж байгаа шиг хууль бус явдал, хулгай дээрэм, алан хядлага болж байсныг санахгүй юм. Гол нь эдийн засаг талаасаа Монгол Улсад казино ямар үр өгөөжтэй байх вэ гэдгийг сайтар тооцоолж, хууль, эрх зүйн орчноо бүрдүүлэх ёстой. Монголын аялал жуулчлал жилийн маш богино хугацаанд идэвхтэй байдаг. Дээрээс нь дэлхийд биднийг харуулдаг, сурталчилдаг өнцөг хязгаарлагдмал. Нүүдэлчний өв соёл, ахуй гэж ярьдаг боловч барьцтай зүйл ховор. Зорин ирж байгаа жуулчдын тоо нь ч чамлалттай. Казиног дагаад жуулчдын урсгал эрс нэмэгддэг. Тэгэхээр Засгийн газрын дэвшүүлээд буй аялал жуулчлалыг улирлын хамааралгүй болгох, эдийн засгийн тэргүүлэх салбар болгож хөгжүүлэхэд энэ санаачилга чухал нөлөөтэй. Жуулчдын тоо багадаа 3-5 дахин өсөх боломжтой юм. Мөрийтэй тоглоомын газарт ирж буй гадаадын иргэдийн урсгал дагаад ажлын байр автоматаар бий болно.
МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗӨВЛӨЛИЙГ ХАРААТ БУС БАЙЛГАХ НЬ ЧУХАЛ
Н.БУРМАА(“Тогтвортой аялал жуулчлалын түншлэл” төрийн бус байгууллагын судлаач): -Казино аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Улс орнуудын жишээ хангалттай бий. БНСУ 1967 онд анхны казиногоо байгуулсан. Тус улсад одоо 17 казино үйл ажиллагаа эрхэлж байна. Эдийн засгийн чөлөөт бүс болох Инчоны нутаг дэвсгэрт 2030 онд дахин нэг мөрийтэй тоглоомын газар байгуулахаар төлөвлөж буй юм билээ. Энэ казинод жилд дунджаар 134 сая жуулчин хүлээж авна гэсэнтооцоо гаргажээ. Өмнөд Солонгост үйл ажиллагаа эрхэлдэг 17 казиногийн борлуулалтын татвар 2019 онд 251 сая ам.доллар байсан бол 2020 онд 887 сая ам.доллар болж өссөн мэдээ бий. Макао, Сингапурын казиногийн орлогын үзүүлэлт, үйлчлүүлэгчдийн тоо ч ийм байдлаар жилээс жилд нэмэгджээ. Казиног аялал жуулчлалын салбартай хослуулан хөгжүүлсний үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, тухайн улсын эдийн засагт бодитой хувь нэмэр болдог. Үүнийг хангахын тулд казиногийн үйл ажиллагааг ил тод байлгах нь чухал. Энэ үүднээсээ шинэ хуульд казиног цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн санд холбогдсон байх шаардлагыг тусгаснаас гадна бүхий л төлбөр тооцоо, өдөр тутмын орлогын гүйлгээг дотоодын арилжааны банкаар дамжуулан хийнэ гэж заасан. Үүнийг зөв зохицуулалт гэж харж байна. Хэрэгжүүлэх л хэрэгтэй. Мөн казиногийн үйл ажиллагаанд хяналт тавих, мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл байгуулахаар тусгасан. Зөвлөлийн даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн, дөрвөн гишүүнийг нь санхүүгийн, шударга өрсөлдөөн, аялал жуулчлалын болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор дөрвөн жилийн хугацаатай томилох юм билээ. Энэ зөвлөлийг хараат бус, бие даан үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангах ёстой. Ямар журмаар ажиллахыг нь хуульд тодорхойгүй тусгаагүй байналээ.
ЭХЛЭЭД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭЭ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Г.ЭРДЭМХИШИГ (Цахим спортын “IHC E-Sport” багийн гүйцэтгэх захирал):-Казиногийн тухай хууль боловсруулахаар ажлын хэсэгт түр хугацаанд ажиллаж, хэлэлцүүлэгт хэд хэдэн удаа оролцсон. Казино байгуулахад байршил хамгийн чухал. Ихэнх улс free zone буюу чөлөөт бүсдээ үүнийг байгуулдаг. Энэ жишгээр Шинэ Зуунмод хотод байгуулахаар төлөвлөж буй эдийн засгийн чөлөөт бүсийг сонгосон. Олон нийтийн зүгээс “Алтанбулаг, Замын-Үүдэд яагаад байгуулж болоогүй юм бэ” гэсэн асуудал дэвшүүлж байна. Эдгээр нь хил дээрх худалдааны чөлөөт бүс учраас геополитикийн хувьд хоёр том гүрний бодлого түлхүү “орж ирдэг”. Хоёр хөршийн холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцсон. Хятадын тал үүнийг шууд үгүйсгэсэн. Тус улс энэ чиглэлд маш хатуу чанга хууль хэрэгжүүлдэг. Ямар валютыг төлбөр тооцоо, гүйлгээнд ашиглах вэ гэдгээс эхлээд зөрчил, үл ойлголцол их. Тиймээс олон улсын нисэх онгоцны буудалд түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.
Хамгийн чухал нь эдийн засгийн чөлөөт бүсээ байгуулж, олон улсын жишгээр банк санхүү, төлбөрийн системийг сонголттой болгож, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх нь чухал. Гадаадад “Энэ казиногоор үйлчлүүлсэн хүн багадаа төдөн төгрөгийн орлого оруулдаг” гэсэн дундаж тооцоо гаргасан байдаг. Макаогийн казиногийн хаалга татсан үйлчлүүлэгч дунджаар 10 мянган ам.доллар үрдэг гэж ярьдаг шүү дээ. Үүнийг дан ганц мөрийтэй тоглоомоос бус, буудал, худалдан авалт, бусад үйлчилгээний төлбөрөөс бүрдүүлдэг. Тэгэхээр казиног олон улсын стандарт, шаардлагад нийцсэн соёл, амралтын цогцолборт ч, эдийн засгийн чөлөөт бүсэд ч дагалдах байдлаар хөгжүүлэх хэрэгтэй. Өөр нэг салбараар “өргөж” авч явбал илүү үр ашигтай гэсэн үг. Тэрнээс биш мөрийтэй тоглоомын газар нэртэй хөндий байшин байгуулчихаад жуулчид ирэхийг хүлээж сууна гэвэл бүтэхгүй. 1990-ээд оных шиг үйл явдал давтагдана. Нэн түрүүнд эдийн засгийн чөлөөт бүсээ байгуулах нь зүйтэй. Үүний дараа казино байгуулах асуудлыг хөндөх нь зохистой. Яаран хууль батлах шаардлагагүй.