Нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй автобус, цэвэрлэгээний машиныг зах зээлийн үнээс өндөр өртгөөр авч байна хэмээн иргэд шүүмжилж буй. Тэгвэл, Зам, талбайн цэвэрлэгээний машины сонгон шалгаруулалтад шалгарч, худалдан авалт, тээвэрлэлтийг хариуцан гүйцэтгэсэн “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. Тодруулбал, тэрбээр
"Хот тохижилтын үйлчилгээнд ашиглаж байгаа ийм машинуудыг 2019 онд 145 сая төгрөгөөр оруулж ирж байсан. Тэр үеэс хойш ачаа тээврийн төлбөр нэмэгдсэн. Тухайлбал, Эрээнээс Замын-Үүд хүртэлх тээврийн зардал хамгийн багаар бодоход найм дахин өссөн. Дээр нь нэг контейнэрт ийм гурван л машин багтана. Нөгөө талаас, БНХАУ-д дотоодын тээвэр зогссон, үйлдвэрүүд ажиллаагүй гээд давагдашгүй хүчин зүйл олон байлаа. Яг ийм үзүүлэлттэй, энэ машиныг одоогийн нөхцөлд 125 сая төгрөгөөр оруулж ирнэ гэдэг хамгийн боломжит үнэ. Машины сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, зарласан хугацаа, шалгуур зэрэг мэдээллийг https://www.tender.gov.mn/ веб сайтаас харж болно шүү дээ" гэв.