Сүүлийн үед нэр бүхий хуульч ундаа хулгайлсан бага насны хүүд 10 жилийн ял оноолоо, харин 10 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон С.Батдөлийг нэг сар хорилоо хэмээн санаатай, санамсаргүйгээр цахим орчинд бичиж, иргэд түүнийг нь дэврээн цааш түгээж буй.
Тэгвэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг тодорхой заасан байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 6.2.1-т "Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан.
Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг. Зарим тохиолдолд 14 насанд хүрсэн байхдаа тодорхой тооны гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
Тодруулбал, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүчин, хулгай, эд хөрөнгийг устгах гэмтээх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, цахим мэдээллийн системд хууль бусаар халдах гэх мэтчилэн хэргүүд багтсан.
Эдгээр хуульд заасан нэр бүхий гэмт хэргийг үйлдсэн 14-16 насны этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Харин 14-өөс доош настай хүүхэд эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд ял оноодоггүй.
Эрүүгийн чанартай гэмт хэргээс гадна, иргэний зөрчил буюу бусад мөнгө төлбөрийн асуудлыг тухайн бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх нь хариуцдаг.