Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд ЖАЙКА-ийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзжээ.
Тодруулбал, энэ сарын 11-нд Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(ЖАЙКА)-ийн Засаглал, энх тайвныг бэхжүүлэх газрын хууль эрх зүйн салбар хариуцсан мэргэжилтэн Ёшимура Кейзуки, Монгол дахь Засаглалын салбарын суурин төлөөлөгч А.Сайхантуяа нарыг хүлээн авсан байна.
Уулзалтаар манай улс дахь Эвлэрүүлэн зуучлалын чадавхыг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн үр дүн болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлал ямар түвшинд байгаа талаар санал солилцсон юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Эвлэрүүлэн зуучлалын хууль эрх зүйн орчныг сайжруулах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг дурдсан. Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл Монголд хэрэгжихдээ цоо шинээр эвлэрүүлэн зуучлалыг бий болгосон. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байна. Ажлын хэсэгт нь манайхаас төлөөлөл ажиллаж байгаа. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас гадна шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэх боломжтой, өргөн хүрээнд зохицуулагдсан хууль гарна гэж хүлээж байна. Нийслэлийн дүүргүүдэд эвлэрүүлэн зуучлагчийн орон тоог нэмэгдүүлэх хүсэлт их ирдэг боловч, төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар орон тоог нэмэгдүүлэх боломж байдаггүй” гэв.
Түүнчлэн Монгол Улсын анхан болон давж заалдах шатны 41 шүүхийн тамгын газарт 45 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж иргэний хэргийн шүүхийн ачааллыг 22,9 хувиар бууруулсан бодит үр дүн гаргасан байна. Нийслэл дэх эвлэрүүлэн зуучлагч жилд 2000 орчим хэрэг маргаан хүлээж авч, 500 орчмыг нь шийддэг бол орон нутгийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид жилд 200 гаруй хэрэг маргаан шийдвэрлэж байна. (ЖАЙКА)-ийн дэмжлэгтэйгээр Монголд эвлэрүүлэн зуучлал бий болсон. Цаашдаа энэхүү бий болсон тогтолцоогоо төлөвшүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтарч ажиллах сонирхолтой байна. Мөн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр танай дэмжлэгийг авах хүсэлтэй байна гэсэн аж.
ЖАЙКА-ийн Засаглал, энх тайвныг бэхжүүлэх газрын хууль эрх зүйн салбар хариуцсан мэргэжилтэн Ёшимура Кейзуки “Эвлэрүүлэн зуучлалын төсөл үр дүнтэй хэрэгжсэнд талархаж байна. Япон Улсын хувьд яг одоо иргэний шүүх дээр эвлэрүүлэн зуучлалын цахимжуулалтыг нэвтрүүлж эхэлж байгаа. Энэ талаар харилцан туршлага солилцож, цаашид хамтарч ажиллах боломж бололцоог эрэн хайх болно. Та бүхний илэрхийлсэн хүсэлтийг цааш нь уламжилж, хамтран ажиллах болно” гээд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлсэн байна.