БНСУ-д эрхэлсэн ажилтай иргэдийн тоо өнгөрсөн онд 816 мянгаар нэмэгдсэн нь сүүлийн 22 жилийн түүхэн дээд үзүүлэлт болсныг “Yon¬hap” агентлаг уламжлав. Тус улсын Засгийн газрын статистик мэдээллээс үзвэл эрхэлсэн ажилтай хүн амынх нь тоо 28.08 саяд хүрсэн байна. Коронавирусийн цар тахлын улмаас үүссэн хямралын дараа эдийн засаг нь сэргэж байгааг статистик мэдээлэл харуулжээ. Тухайлбал, 2021 онд ажилтай хүний тоо хоёр дахин бага буюу 370 мянган ажлын байр бий болсон байна. Ажилгүйдлийн түвшин жилийн дүнгээр 0.8 пунктээр буурч, 2.9 хувь болжээ. “2022 онд амьдралын энгийн хэв маягт эргэн орж, эдийн засгийн идэвхжил, экспортын өсөлт, эмнэлгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ ихэссэннь ажиллагсдын тоо нэмэгдэхэд хүргэсэн. Гэвч дотоод болон гадаад дахь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан оны сүүлийн хагаст өсөлт удааширчээ” гэж тус улсын Үндэсний статистикийн албаны төлөөлөгч Кон Ми Сук мэдэгдэв. Эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, аж үйлдвэр, зочид буудал, рестораны бизнест ажлын байр хамгийн их өссөн байна. Харин бөөний болон жижиглэнгийн худалдаа, санхүүгийн салбар, даатгалд ажилладаг хүний тоо буурчээ. Хамгийн сүүлд 2000 онд Азийн санхүүгийн хямралын дараах сэргэлтийн үед эрхэлсэн ажилтай хүмүүсийн тоо ингэж нэмэгдсэн аж. Тэр үед жилийн хугацаанд улсын хэмжээнд 882 мянган ажлын байр бий болжээ.