УБТЗ-ын албан тушаалтны хэргийн асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.
“УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтантай холбоотой эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хууль эрхзүйн боломж байхгүй. Үйлдэл нь хэдийд эхлээд дууссаныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох учиртай. Үргэлжилсэн, удааширсан, давтан, нийлмэл, нэгдмэл гэмт хэрэг гэж байдаг.
Иргэн С.Батдөлтэй холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь эдгээрийн аль хэлбэрт орохыг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Гэмт хэргийн хамгийн сүүлийн дууссан үйлдлээр тооцоод эрүүгийн хууль аль нь хүчин төгөлдөр байсанд хамаатуулна. Процессын хэм хэмжээний тухайд буцаж хэрэглэхгүй. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг.
Энэ хэргийг анх цагдаагийн байгууллага илрүүлсэн. Цагдаагийн байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвар төлөхөөс зайлс хийх гэсэн гурван зүйл ангиар шалгах эрхтэй. Тус эрхээрээ тухайн үйлдлийг газар дээр нь илрүүлээд прокурорын байгууллагад яллагдагчаар татах санал оруулсан. Энэ долоо хоногийн нэгдэх өдөр Авлигатай тэмцэх газартай хамтарсан ажлын хэсэг байгуулаад, С.Батдөл нэмж ял сонсгосон. Эрүүгийн хуулийн 22-т заасан авлига албан тушаалын гэмт хэргээр зүйлчилж шалгаж байна. Хэргийг цайруулах гэж, хөнгөн ангиар яллаж байна гэсэн мэдээлэл явсан, тийм зүйл байхгүй” гэв.