Сүүлийн үед Хууль хүчний байгууллагаас хэрэгжүүлсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, баривчлах ажиллагаанууд олны анхаарлыг татаад байна. Үүнтэй холбоотойгоор Хууль, зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзоригтой хууль хэрэглээний талаар ярилцлаа.
-УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор болсон. Гэвч С.Батдөл шүүхийн танхимд миний хэрэг хөнгөн хэмээсэн нь олныг бухимдуулаад байна. Түүний холбогдсон хэрэг ямар ангилалд багтах вэ?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд дурдснаар тухайн хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Татвараас зайлсхийх/ мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм байна. Энэ зүйл ангид 1-5 жил хорино гэж заасан байдаг. Яллагчаар татсан хэрэг нь хөнгөн ангилалд орохоор байна. Мөнгөний хэмжээ хамаарахгүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл их хэмжээний татвараас зайлс хийх, их хэмжээний мөнгө угаах гэдэг зүйл анги бол өөрийнх нь хэлснээр хөнгөн гэмт хэрэг юм. Зөвхөн авлигын гэмт хэрэгт холбогдсон бол ял нь хүндэрдэг.
-Түүнийг нэг сар хорьсон нь хэт бага хэмээн иргэд шүүмжилж буй. Таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг ямар тохиолдолд авдаг вэ?
-Оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, мөн шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, шинжээч, гэрч, хамт хэрэг хийсэн хүнээ дарамталсан баримттай бол, сүрдүүлсэн бол хорьдог. Мөн тэдгээрийн болон өөрийн амь, нас эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэл бүхий баримт байгаа бол, бас гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл олдсон, мөн мэдэгдэх хуудсаар дуудахад ирээгүй тохиолдолд цагдан хорьдог. Тухайн иргэн ямар гэмт, хэрэг үйлдэх гээд байгаа вэ. Түүнд тайлбарлаж өгөх ёстой.
Хуучин бол болзошгүй гэж сэжиглээд хорьдог байлаа. Одоо баримт байгаа үед хүнийг хорино. Дурын хүнийг барьж, цагдан хорих боломжгүй. Иргэн шүүхийн өмнө зогсож байгаад, намайг яагаад хорих гээд байгаа бэ гэж асууна. Хуульд заасан үндэслэлээр хориоч дээ, баримт байгаа бол үзүүл гэж иргэн, өмгөөлөгч, шүүхтэй мэтгэлцдэг. Үндэслэлтэй учраас хорьсон байх.
-С.Батдөлийг ял тохиролцох гэлээ хэмээн шүүмжилж байна. Хялбаршуулсан журмаар дээрх хэргийг шийдэж болох уу. Эрүүгийн хуульд юу гэж заасан байдаг вэ. Сая өөрчлөлт орсон уу?
-Хялбаршуулсан журмаар шийднэ гэдэг нь хэрэг шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлээд, хэргээ хүлээгээд, хохирлоо барагдуулаад, нотлох баримтаа өгсөн, бүх зүйлийг ил болгосон асуудалд хэрэглэх процесс. Хялбаршуулсан журам гэдгийн цаад зорилгыг жишээгээр тайлбарлахад нэг хулгайч дэлгүүрээс ороод эрдэнэс хулгайлаад, баригджээ. Өө баригдчихлаа, май эрдэнэсээ ав гээд буцааж өглөө, хэрэг шийдэгдэнэ. Гэтэл манайд ийм хэрэг хурдан шийдэгдэхгүй байна. Одоо энэ яригдаж байгаа хэргүүдэд томчууд холбогдож байгаад процессын хууль судлаачийн хувьд баярлаж байна. Баярласан гэдэг бүрэн хэрэгжихгүй байсан хууль хэрэгжиж эхэлж байгаад баярлаж байгаа юм шүү. Түүнээс хүнд шоронд орж байгаад биш. Томчууд олноороо хэрэгт холбогдоогүй байсан бол жирийн иргэдэд энэ процессын хууль хатуу үйлчилсэн хэвээр байх байсан.
Гэтэл энэ томчуудтай холбоотой дуулиант хэргүүд гарч ирснээр зөв жишиг тогтох гээд байна. Хууль бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлнэ гэдэг нь хэрэг илрүүлэхэд тусалдаг. Жишээ нь, хамтран үйлдсэн хүнээ илчлэх, зохион байгуулагчаа зааж өгөөд, нотлох баримтыг нь илрүүлээд, хамтран ажиллавал ялыг нь хөнгөлдөг. Энэ нь хэрэг илрүүлдэг нэг арга.
Авлигын хэргүүд дээр хялбаршуулсан журмаар ажиллаад хүмүүсийг бухимдуулаад байна гэхээр ял нь бага байгаа юм. Наймаас доош жилтэй хэргүүд дээр хэрэглэдэг процесс. Хуулийн өөрчлөлтөөр наймаас дээш жилийн хорих ялтай болгосон. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хязгаарлаж байна гэсэн үг. Гэхдээ хүний эрхийг дордуулж болохгүй гэдэг утгаараа хуучин хуулийн заалт үйлчлээд явна.
-Эрүүгийн хуулийг дагалдуулаад Авлигын эсрэг хуулийг засаж буй. Та энэ талаар юу гэж дүгнэсэн бэ?
-Авлигын хэргийг хялбаршуулснаар шийдэхгүй, хорих ялын хэмжээг нь нэмсэн. Хахууль авсан бол бусдыг алсантай адил ял оноож эхэлж байна. Ялын бодлогыг чангаруулж байна гэсэн үг. Өмнө сул байсан учир том хэрэг дээр торгох ял аваад байхаар иргэд бухимдаж байсан. Одоо торгох ялгүй болсон. Ял нь ялгамжтай байх ёстой. Тухайн хүний хийсэн хэрэгт тааруулж ял оноох ёстой. Ял өөрөө шийтгэл шиг байх ёстой. Гэтэл их наядаар нь завшсан хүнийг хэдэн саяар торгоод өнгөрвөл энэ нь шагнал болж байгаа хэрэг. Хэрэгтэн шийтгэлээс айхгүй байна гэдэг ял нь хөнгөн байгаатай холбоотой.
-Хэрэгтнүүдийг барьж, хорихгүй байна. Хууль хэрэгжихгүй байна гэж иргэд бухимдлаа илэрхийллээ. Үүнд ямар дүгнэлт хийсэн бэ?
-Нийгмийн сэтгэлзүйг тайвшруулахын тулд, хүнийг цагдан хорино гэж байхгүй. Иргэд жагсах тоолонд яллагдагчийг хориод байвал, хууль баталсны хэрэг байхгүй. Хуульд заасан үндэслэлтэй байх ёстой. С.Батдөл шүүх хурлын бичлэг дээр “Намайг дахин ямар хэрэг хийнэ гээд цагдан хорих гээд байгаа бэ” гэж асууж байна. Нэг талаасаа зөв. Шүүх баримт мэдээлэлтэй, түүнийгээ тухайн иргэнд үзүүлдэг. Хүний гомдлыг сонссон болоод, шүүх хэлбэр төдий шийдвэр гаргаад байвал жүжиг тавьж байна гэсэн үг. Сүүлийн үед цагдан хорионы шүүхийн хэлэлцүүлэг гайгүй болсон. Өмнө хэцүү байсан, тэр хэрээрээ хүний эрх зөрчигддөг байлаа.
НҮБ-ийн хүний эрхийн шинжээчид ирээд Монгол Улс хүнийг хууль бусаар халддаг асуудал хавтгайрсан байна гэж дүгнээд явсан. Эрүүгийн процессын хууль бол хүнийг хамгаалдаг хууль. Энэ хуулиар шалгуулсан болгон хэрэгтэн биш. Магадгүй янз бүрийн байдлаар хэрэгт холбогдоод, баримтууд гарч ирээд, үнэн нь тогтоогдоод гарч ирж болно. Хэрэгтнийг хуулийн дагуу шалгаад, хуулийн дагуу шийтгээд шоронд явуулдаг. Гэтэл төр өөрөө хэрэгтнийг барихын тулд хууль зөрчөөд байвал хэрэгтнээсээ ялгарах юмгүй болно.
-Эрүүгийн процессын хууль хэрэгжиж байна уу?
-Эрүүгийн процессын хууль хүний эрхийг зөрчигдөхөөс хамгаалдаг. Нэг хүнийг хэлмэгдүүлснээс, мянган хүнийг цагаатга гэдэг. Тэгэхээр хэрэгтнийг ямар ч байсан барьчих дараа нь учир нь олдоно биз гэж болохгүй. Эрүүгийн процессын хууль Монгол Улсад хэрэгжихгүй байна. Гол нь хүний эрхийг хамгаалах, мөрдөгч, шүүгч, прокурорын эрхийг хамгаалдаг тэдний ажлын ачааллыг хөнгөвчилдөг хууль биш. Тэдний эрх үүргийг, энэ хуулийн дагуу нарийвчлан тусгаад түүнийхээ дагуу ажиллачих гэж заадаг. Тэр нь хүний эрхийг хангаж байгаа хэрэг.
Хуулийн систем бүрэн хэрэгжихгүй гажсаар байгаа. Нүүрсний гэх хэрэг илэрснээр ямар ч гэсэн ажиллаж эхэллээ. Бодвол дарга загнахаар ажиллаж байгаа юм болов уу. Нэг эсвэл иргэд жагсахаар нь ажиллаад, жагсахаа больчихоор нь ажиллахгүй байх юм уу. Гэнэт ухаан орсон юм шиг шалгаад, барьж хориод, байж болохгүй. Тэгвэл талбай дээр шүүх байгуулчих тэгээд хуралдаад шийтгээд явчих хэрэгтэй. Линчийн шүүх буюу ард түмний шүүх гэж ярьдаг. Төр нь ажлаа хийж чадахгүй байвал ард түмэн нь шийддэг. Мөн авлигатай тэмцэхэд улс төрийн хүсэл, сонирхол гэж байдаг. Энэ байхгүй бол хөдлөхгүй, хаацайлаад байна. Нүүрсний хэрэг дээр дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг гаргасан. Энэ хэргийг илрүүлэхэд хөндлөнгөөс саад учруулаад байгаа болохоор, дундуур нь улс төрчид орж ирээд нөмөр болсон гэсэн үг. Энэ нь хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс төр орохоос аргагүй том авлигын асуудал гэж үзэж болохоор байна.