Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойг угтан нийслэлийн ИТХ, ЗДТГ-аас их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүний эрхийг хангахад орон нутгийн байгууллагын үүрэг”, “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлажээ. Шалгаруулалт хоёр үе шаттай аж. Эхний шатанд сэдэв тус бүрт шилдэг 10 илтгэлийг шалгаруулах нь. Хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 15-нд болох гэнэ. Энэ үеэр эхний шатнаас шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулж, хэлэлцүүлэх аж. Илтгэлийг ирэх сарын 6-ны 17.00 цаг хүртэл нийслэлийн ЗДТГ-ын байранд, эсвэл zultsetseg.b@ulaanbaatar.com цахим хаягаар хүлээн авах юм байна. Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх болон орон нутгийн бие даасан байдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг нь таниулах зорилгоор уг уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.