Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч дуудах сонсголын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон. Энэхүү сонсголыг нэг, хоёр, гуравдугаар сард гурван үе шаттайгаар зохион байгуулна. Тухайлбал, нэгдүгээр сарын 16-20-нд Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг сонсож, холбогдох гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг зохион байгуулна. Хоёрдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын 365 төсөл арга хэмжээний ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ. Гуравдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2,542 төсөл хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно. Энэ асуудлыг өмнө нь огт хөндөөгүй байсныг онцлох хэрэгтэй" гэв.
Үргэлжлүүлэн "Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг ирэх долоо хоногт шинжлэн судална. Хяналт шалгалтын урьдчилсан мэдээгээр 77 зээлдэгчээс 22-ынх зарцуулалт хэвийн байна гэх дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн зээл олголтод зөрчил илрээгүй, зарцуулалт хэвийн гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр зарцуулалт нь хэвийн үргэлжилж байгаа уг 22 зээлдэгчийг хасаж, үлдсэн 55 зээлдэгчийн мэдээллийг нэг бүрчлэн шалгана. Ажлын цагт хувааж үзэхээр нэг өдөрт 11 төсөл, хөтөлбөрийн зээлийн асуудлыг хэлэлцэхээр болсон. Ерөнхий хяналтын сонсгол, Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь зарчмын хувьд эрс ялгаатай. Иргэд, олон нийт энэ сонсголд оролцохгүй. Зөвхөн УИХ дахь түр хорооны гишүүд холбогдох гэрчүүдээс асуулт асуух юм. Түр хороонд байдаггүй УИХ-ын гишүүд ч оролцох боломжгүй. МҮОНТ-ийн мэдээний сувгаар эл сонсголыг шууд дамжуулна. Тиймээс Төрийн ордонд болох сонсголд сэтгүүлч нарыг оролцуулахгүй. Энэхүү 55 зээлдэгчтэй холбогдуулан гэрчээр дуудах хүний тоо одоогоор 300 гаруй байна" хэмээн мэдээлэв.