Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байна. Энэ хүрээнд Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороодод 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр ажиллалаа. Тус хороо нь хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль зөрчсөн сэжигтэн, яллагдагч, гэмт хэргийн хохирогч, гэрч болон хорих байгууллагаас суллагдсан хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн ба нийгмийн үйлчилгээ үзүүлэх салбар байгууллагуудын хамтын ажиллагааны төлөөлөл бүхий орон нутгийн нэгж юм. Уг хяналт, шалгалтаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны ажлын алба, гишүүн байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцов. Улсын хэмжээнд хийж буй уг хяналт, шалгалтын үр дүнг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгах бөгөөд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн ажиллаж байна.