Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа. УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсан. Уг хуулиар төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцох зохицуулалт оруулсны дагуу ийнхүү журамлажээ. Ингэснээр төрийн захиргааны албан тушаалд ажиллах нөөц нэмэгдэж, улмаар өрсөлдөөн бий болно гэж тооцсон байна. Цаашлаад төрийн залгамж чанар хадгалагдах, хуульд заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзжээ.
Төрийн албаны зөвлөлийн цахим системийн бүртгэлээр өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд төрийн улс төрийн албан тушаалтан 4165 байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтанд хамаарах нь 132, бүх шатны Засаг дарга 2220, Засаг даргын орлогч 371 байгаа юм. Мөн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан 342, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд 44, бүх шатны ИТХ-ын дарга, хуульд заасан бусад албан тушаалд 1053 албан хаагч ажиллаж буй аж.