Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээхээр болжээ. Энэ талаар ГХЯ-наас өнөөдөр 14:00 цагт олон нийтэд мэдээлэхээр хэвлэлийн хурал зарласан байна. Уг шийдвэр гаргасантай холбогдуулж тус яамны Консулын газраас зөвлөмж гаргав. Монгол Улсын иргэд БНХАУ-руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай. Гадны зарим улс орнууд БНХАУ-д зорчсон болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа тул зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээлэл авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, дархлаажуулалтын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгахыг зөвлөж байна.