Украины дайнд оролцогч талууд, тэр дундаа ОХУ зөвшөөрвөл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш зуучлагчаар ажиллахад бэлэн байгаа тухай тус байгууллагаас мэдээллээ. Урьд нь ч тэрбээр ийм үүрэг гүйцэтгэхэд бэлэн буйгаа удаа дараа мэдэгдсэн билээ.
Үүний өмнө Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн мэдээлснээс үзвэл Киев ирэх оны хоёрдугаар сарын сүүлчээр энхийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг НҮБ-аас хүсэж буй аж. Тэгэхдээ ОХУ-ыг олон улсын шүүх хурлын дараа л урих бодолтой байна. Харин Кремль энэ талаар хийсэн мэдэгдэлдээ Украины асуудалд ОХУ хэзээ ч бусдын тавьсан болзлыг дагаж мөрдөж байгаагүй гэв. Киевтэй хэлэлцээ хийхийг Москва үгүйсгэхгүй ч үүнийг Украины тавьсан болзлоор явуулахгүй гэдгийг ОХУ-ын ГХЯ онцлон тэмдэглэсэн байна.