Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх сард урд хөрш хил нээх, эсэх асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч болон бусад албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ. Энэ үеэр хоёр орны боомтын чиглэлээр баримталж буй бодлого зэрэг олон асуудлаар санал солилцсон. БНХАУ-ын боомтынхонтой хамтарч ажиллах асуудлаа нэгбүрчлэн хэлэлцлээ. Төмөр зам, тэр дундаа Гашуунсухайт, Ганц модны боомтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудалд хамтарч Хятадын талтай ажиллахаар болсон. 2023 оны нэгдүгээр улиралд эл ажлыг хэрэгжүүлнэ. Бараа тээвэрлэлт нэмэх талаар Өвөрмонголын талаас санал тавьсан. Эрээний боомтоор аюултай ачаа болон тэсэрч дэлбэрэх бодис импортолдог. Тиймээс боомтын тоог нэмж, Ханги-Мандалаар тэсэрч дэлбэрэх зүйлс оруулна.
БНХАУ-ын Онцгой комиссын 144 дүгээр шийдвэрт тусгаснаар 2023 оны нэгдүгээр сарын 8-наас боомтуудаа нээх нь. Шууд ирэх сарын 8-наас хилээ нээнэ гэж битгий бодоорой. Хоёр талын бэлтгэл хэр хангасан байдлаас шалтгаална. Эхлээд Эрээн-Замын-Үүдийн зорчигчийн хөдөлгөөнийг нээнэ. Дараа бусад боомтоо шат дараатай нээхээр төлөвлөсөн. Монгол Улс 14 боомтоор хөрштэйгээ харилцдаг. Одоо 13 боомтоор бараа солилцдог. Сая Хавирга Архашаатын боомтыг нээхээр болж, бэлтгэлээ хангах талаар ярьсан. Агаарын боомтыг мөн дурдагдсан хугацаанд нээхээр төлөвлөж байна.