Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтны Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр болов.
Улсын дээд шүүхийн Дотоод аудитын албаны дарга Т.Мөнхсүлд, Хэргийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай, Б.Мөнхзул, Т.Нарантүвшин нар эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа.
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, шударга ёсны үйлчилгээ үзүүлдэг шүүхийн байгууллагад ажиллаж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх нь онцгой үүрэг гэдгийг тэмдэглэе. Өргөсөн тангаргаа ямагт санан, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, зорилгодоо саадгүй хүрэхийг хүсэн ерөөе” гэж онцоллоо.
Ёслолын ажиллагааны үеэр төрийн болон салбарын шагналаар шагнуулсан албан хаагчдад шагнал гардууллаа. Улсын дээд шүүхийн мужаан Г.Баясгаланг Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар, шүүгчийн туслах Б.Нямцэрэнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдгээр, мэдээллийн технологи хариуцсан референт Г.Мөнхбаярыг “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, жолооч М.Рэнцэндоржийг “Авто тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, цахилгаанчин Э.Өлзийбаяр, үйлчлэгч Л.Отгонсүрэн нарыг “Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдгээр, нярав А.Ичинхорлоог Сангийн яамны Жуух бичгээр тус тус шагнажээ.