Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай, Төлбөрт таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаараа мэдээллээ.
Тэрбээр "Түүхэндээ Монгол Улсын Их Хурал Казиногийн хуулийг 1998 онд батлаад авлига албан тушаалтын хэрэгтэй холбоотойгоор хэрэгжүүлэхээс нь өмнө цуцалж, хүчингүй болгож байсан. Аялал жуулчлалын салбар, эдийн засгаа өөд нь татъя гэвэл эл хуулийг заавал батлах ёстой. Макаогийн хууль хийгээд Сингапур, АНУ-ын какиногийн хуулийг судаллаа. Макао улсын төсвийнхоо бүх орлогын дийлэнх хувийг казиногоос бүрдүүлдэг юм билээ. Манай хуулийн гол амин сүнс нь хэн нэгэн өөртөө давуу байдал үүсгэж, казиногийн тусгай зөвшөөрөл аваад бусдад дамлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газарт 300 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийг бэлэн өгснөөр тусгай зөвшөөрлөө авна. Мөн өдөр бүр казино эхлүүлчихээр орлогыг 40 хувийг татвар болгож улс авах юм. Мөн 30 жилийн дараа казиногийн нийт ширээний 50 хувь Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжинэ. Улмаар эдийн засаг солонгорно. Дэлхийн том тоглогчид үнийн саналаа өгч орж ирэх байх гэж харж байна. Казино аль нэг зочид буудлын хүзүүвч болохгүй" хэмээлээ.
Мөн Морин бооцоот уралдаан ашгийн болон ашгийн төлөө бус хэв шинжтэй. Бид ашгийн төлөө бус буюу Хонгконгийн Жоки клабын хэв шинжид тулгуурлаж хуулиа боловсруулсан. Бид хэдийн нүүдэлчин морин соёлтой боловч сонгодог морин уралдааны соёлд суралцаагүй. Тиймээс эл хуулийг боловсруулсан.
Төлбөрт таавар, хонжворт сугалааны эрх зүйн орчин Монголд сул байна. Нэг талдаа Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгай зөвшөөрөл олгопдог. Нөгөө талдаа Сангийн сайд мөн тусгай зөвшөөрлийг олгодог. Сүүлийн үед эцэг, эхүүдээс бооцоот тоглоом үр хүүхдэд нь нөлөөлж байна хэмээх гомдол ирэх болсон. Тиймээс энэ бүгдийг нарийн хуульчилсан гэв.