Төрийн ордны баруун хаалганы гадна жагсагчид нүцгэлж, нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсголд оруулахыг шаардсан. Гэвч 30 орчим иргэнд осголтын I зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл үүссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж, үзлэгийн байраар хангах дэмжлэг хүсжээ. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг эрүүл мэндийн байгууллагын автомашинд суулгаж, Дэнжийн 1000-ын Албадан саатуулах байр луу зөөжээ. Улмаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг, шинжилгээ хийсэн аж. Өөрөөр хэлбэл, хар тамхи, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, эсэхийг нь тогтоосны дараагаар эмнэлэгт хуваарилсан гэнэ.