Албанийн мансууруулах бодис наймаалагчдын бүлэглэлүүд Францын хойд нутаг дахь цагаачдын хуаранг эгнээгээ тэлэхэд ашигладаг. Тодруулбал, тус хуаранд очсон хүмүүсийг Британид мансууруулах бодис наймаалагчдын талбарт ажиллахыг зөвшөөрвөл замын зардал санал болгох замаар гэмт бүлэглэлийн эгнээнд элсүүлж байгааг ВВС мэдээлэв.
Энэ жил 44 мянга гаруй цагаач жижиг завиар Британид очжээ. Тэдний гуравны нэг орчим нь Албанийн харьяат байсныг Британийн Засгийн газраас мэдээлсэн байна. Албаничуудын хүн тээвэрлэх далд бизнес нь Ла-Маншийн хоёр эргийн цагдаа нарын “толгойны өвчин” болсон аж.
Британийг зорьж Францын эрэгт буусан албани цагаачидтай ВВС-гийн сэтгүүлчид уулзжээ. Хууль бус наймаачид ямар үйлчилгээ үзүүлдэг талаар тэдэнтэй ярьсан байна. Хууль бусаар хүмүүсийг хил давуулдаг сүлжээнүүдэд, ялангуяа завины хөдөлгөөнийг хянадаг Иракийн курдүүдэд албаничууд зуучийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
ХУУЛЬ БУС НАЙМААЧИД ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХДЭЭ ГАРГУУН
Мөн ВВС-гийнхэн Албанид очиж, нийслэл Тиранагийн ойролцоох эзгүйрсэн хотуудыг харжээ. Залуу албаничууд олноороо Британид очих үлгэрт хууртаж, Францыг зорьсон гэнэ. Нийгмийн сүлжээгээр өөрсдийгөө сурталчилсан, Албанийн хууль бус наймаа эрхэлдэг хоёр хүнтэй сэтгүүлчид цагаачдын дүр эсгэж, холбогджээ. Тэд Франц, эсвэл батлан даагчаар дамжуулан Британи руу хүрэх тээврийн зардлыг төлөх саналыг сэтгүүлчдэд тавьсан байна. Тэгэхдээ очингуутаа нэн даруй орогнол хүссэн өргөдөл гаргахыг зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Британид очмогц нь баривчлах цагдаа нарт тийм хүсэлт гаргах аж. Францын Кале хотоос Британи руу завиар очиход хууль бус наймаачид туслах гэнэ. Тус хот руу очихын тулд автобусаар Бельги хүрээд, тэндээс Кале хүртэл галт тэрэг, эсвэл таксигаар хоёр, гурван цаг явдгийг хүртэл тодруулсан байна. Явах цаг болохоор цагаачдыг зочид буудлаас нь тээвэрлэгчид авч, аяллын туршид холбоотой байхыг амлажээ. Түүгээр зогсохгүй, Британид цагдаа нартай хэрхэн харилцах талаар зөвлөсөн аж. Орогнол хүсээгүй хүмүүсийг буцаадаг учраас шалтгаанаа, тухайлбал, маш их өртэй, ер нь амьдрахад маш их асуудал тулгарч байгааг хэлэх хэрэгтэй гэнэ. Хууль бус наймаачид Британи руу гарах нь маш хялбар мэт сэтгэгдлийг харилцагчдаа төрүүлж чаддагийг сэтгүүлчид онцолжээ.
Өнгөрсөн зун Францын эргийн Дюнкерк гэдэг газарт албаничууд буудаллаж байхыг гэрчүүд харжээ. Өртөөний ойролцоох “Bretagne”, “Le Lion d’Or” зэрэг жижиг зочид буудлыг албани цагаачдын дамжин өнгөрөх цэг болгон ашигладаг. Хаалга нь байнга хаалттай, ажилтан гэх хүн харагдахгүй, шилэн дээр 24 цагийн турш холбоо барих боломжтой утасны дугаар бичжээ. Эдгээр нь Албанийн зуучлагчид цагаачдыг хүлээж байдаг цэгүүдийн нэг. Эндээс завь эзэмшдэг Иракийн курдүүдийн бүлэглэлүүдтэй холбоо барьдаг. “Францад таныг хүмүүс тосож авна. Та Британид очихыг хүсвэл яаж явахыг тэр хүмүүс сайн мэднэ” гэж нэгэн албани эр сэтгүүлчдэд хэлжээ.
Дюнкеркийн өртөөний ойролцоох гудамжнаас сэтгүүлчид “Le Lion d’Or”-ын гуравдугаар давхрын өрөөний цонхон дээр нэг эр тамхи татаж буйг анзаарав. Энэ бол ирээд удаагүй, удахгүй хийх аялалдаа маш их санаа зовж буй 20 настай албани цагаач Кеви. Ла-Маншийн сувгийг гатлуулахад бэлэн байгаа хүмүүсийг тэрбээр энд ирэхээс хэдхэн хоногийн өмнө олж мэдсэн бөгөөд одоо завиа хүлээж буй аж. “Одоохондоо цаг агаар тийм ч сайнгүй байна. Дахиад хоёр хоног хүлээх нь” гэж нэг залуу хэлжээ.
Кеви мэтийн албани залуучуудын хувьд Францад очиход хялбар. Тэд Европын Холбоонд гурван сар хүртэл хугацаанд визгүй жуулчлах боломжтой. Брюссель, Парис, Кале, эсвэл Дюнкерк рүү зуучилна гэсэн нийгмийн сүлжээний зард татагдаж олонх нь машинаар Францыг зорьдог. “Зуучлагчид санал тавивал та хамгийн хямд хувилбарыг сонгоорой” гэж Албанийн сэтгүүлч Эралдо Харликай зөвлөжээ. Тэрбээр саяхан Албанийн ABC телевизэд материал бэлтгэхээр цагаачдын замыг нууцаар туулсан аж. Курдийн болон бусад бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг Дюнкерк дэх цагаачдын гол хуарангаас албаничуудын олонх нь зай барьдаг гэж Эралдо мэдээлжээ. Түүний хэлснээр тэр хуаранд албаничуудад эрх мэдэл бараг байхгүй, курдүүд бүхнийг удирддаг байна.
Албани цагаачид болон Иракийн курдийн хууль бус наймааны бүлэглэлүүдийг хооронд нь холбох үүргийг Албанийн зуучлагчид гүйцэтгэдэг болохыг энэ бүс нутгийг хариуцдаг Францын албан тушаалтнуудын нэг нь ВВС-гийнхэнд ярьжээ. Түүний хэлснээс үзвэл өдгөө иракчууд болон курдүүд завины хөдөлгөөний 80 орчим хувийг хянаж байгаа. Гэсэн ч албаничуудыг өөрсдийн сувгийг бий болгохыг оролдох вий гэж Францын эрх баригчид эмээж байгаа аж. Энэ нь бүлэглэлүүдийн хооронд цуст мөргөлдөөн үүсгэж болзошгүй гэнэ.
Британийн Засгийн газрын мэдээлснээр энэ жил тус улсад залуучууд голдуу 12 мянган албани цагаач завиар ирсэн байна. Оршин суугчдын цуваа Албани улсын нийслэл Тирана орчмын хотуудыг эзгүйрүүлж буй аж.
Лакнас хот Албаниас Франц хүрэх замд оршдог. Иргэний агаарын тээврийн нисэх онгоц нам гүм, хоосон хотын дээгүүр ниснэ. Дуусгалгүй орхисон блокон хашаагаар хүрээлэгдсэн жижиг сүм, цоожтой байшингууд, хаягдсан кафе харагдана.
Нутгийн дэлгүүрийн эзэд нам гүм гудамжинд суугаад бизнес нь мөхөж байна хэмээн санааширна. Хотын гол хэрнээ хоосон замын хажуугийн өвсөн дундуур хэдэн үхэр тааваараа бэлчинэ. Оршин суугчдын 70 орчим хувь нь хил давсан бөгөөд энэ урсгал тасрахгүй байна гэж нутгийн иргэд ярив.
Албани улсад Лакнас шиг олон газар бий. Хүмүүсийн орон гэрээ орхин явах болсон гол шалтгаан нь мөнгө. Тус улс авлигын сүлжээнд автсан бөгөөд Европын Холбооны статистикийн албаны мэдээлснээр 2018 онд нэг өрхийн жилийн дундаж орлого 1997 евро байсан нь Британийн (21 646 евро) үзүүлэлтээс бараг арав дахин бага аж.
БРИТАНИД ОЧИХ АМАРГҮЙ
Майлиндагийн (нэрийг нь өөрчилсөн) хүү сарын өмнө гурав, дөрвөн найзын хамт Британийг зорьж, Дюнкеркт очсон ч мөнгөгүй, цааш явах төлбөрөө өгч чадахгүй болжээ. Ингээд Британид 20 жил амьдарч байгаа, визтэй үеэлтэйгээ холбоо барьсан гэнэ. Майлиндагийн үеэл хүүгийнх нь зургийг хууль бусаар хүмүүсийг хил давуулагчдад илгээж, танилцуулав. Тэд хүүг Британийн нутаг дэвсгэрт аваачсаныг нотлох баримт болгон хамт авхуулсан зураг илгээжээ.
Төлөх мөнгөгүй хүмүүс занганд амархан ордог. Хэдэн сарын өмнө Британи руу завиар очсон цагаачдын нэг нь Дюнкеркийн хуаранд мансууруулах бодис наймаалагч албаничуудтай хамтран ажилладаг болсон гэнэ. Тэр хүн нэрийг нь хэлэхгүй байх нөхцөлтэйгөөр ярилцлага өгөхийг зөвшөөрсөн аж. Түүний хэлснээр ажилд зуучлагч нар дөрөв, таван удаа түүнд ханджээ. Дюнкеркийн хуаранд түүнтэй тааралдсан залуусын олонх нь Британи дахь мансууруулах бодис наймаалагчдын сүлжээнд ажиллахаар төлөвлөж байсан гэв.
Үүнийг төрийн ямар ч байгууллага, цагаачлалын албаныхан батлаагүй. Харин Британид 10 жил хууль бусаар ажилласан албани хүн барилгын талбайд хамт ажилладаг байсан цагаач ажилчдын тал хувь нь өндөр хөлс амласан, мансууруулах бодис наймаалагчдын бүлэглэлүүдэд уруу татагдсаныг дурджээ.
Британийн мансууруулах бодис наймаалагчдын зах зээл олон хүний анхаарлыг татдаг гэж Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлагийн дэд захирал Андреа Вилсон мэдэгдсэн байна. “Хүмүүсийг хууль бусаар хил давуулсан, өрөнд баригдсан олон тохиолдолтой таарсан. Тэд Британид ирэх тээврийн зардлынхаа төлөө л ажилласан. Хууль бус наймааны хохирогчид, орчин үеийн боолчлолд бид маш нухацтай хандах ёстой” гэж тэрбээр хэлэв. Гэсэн ч түүний хэлснээр хүмүүсийг тээвэрлэх сүлжээ муу зохион байгуулалттай аж. “Хар тамхи, эсвэл зэвсгийн наймааны тухайд ямар нэгэн эрх мэдэл бүхий шаталсан бүтэц байдаг. Харин хүн хууль бусаар хил давуулдаг асуудал нийгмийн сүлжээгээр дамжсан олон жижиг бүлэглэлтэй холбоотой байдаг нь ажлыг ихээхэн хүндрүүлдэг” гэж А.Вилсон тайлбарлав.
Британид үлдэх эрхээ хасуулсан иргэдээ хурдан эгүүлэн татахыг Албани улс зөвшөөрчээ. Ингээд Британийн хилийн цагдаагийнханд туслахаар ажилтнуудаа илгээсэн байна. Гэсэн ч Францын хойд нутагт үйл ажиллагаа явуулж буй сүлжээнүүд нь олон улсын шинж чанартай бөгөөд Засгийн газраас нь хийж чадах зүйл бараг байхгүй гэж Албанийн Ерөнхий сайд Эди Рама хэлжээ. “Ла-Маншийн суваг газар зүй болон улс төрийн хувьд Албанийн Засгийн газар хариуцдаггүй бүсэд оршдог. Харьяалах улсыг хэвлэлд цохоод яах вэ. Британийн Ерөнхий сайд байх, зурагтаар үг хэлж, чадлаа харуулж, Албани, түүний иргэд рүү чичлэх амархан” гэж Эди Рама хэлэв.
Далайн эрэгт резинэн завь гарахаас нэлээд өмнө хүмүүсийг хууль бусаар хил давуулдаг Албанийн сүлжээнүүд Францад үйл ажиллагаа явуулдаг байжээ. Бельги, Франц дахь албани зуучлагчид эх орон нэгтнүүдээ хэдэн арван жил Британи руу ачааны машинд нуун гаргасан аж.
Гатлага онгоцны боомтуудын аюулгүй байдлыг сайжруулахад зориулсан Британи, Францын хөрөнгө оруулалт энэ замыг туулахад улам хэцүү, илүү үнэтэй болгожээ. Завиар зорчих нь ачааны машинаар явахаас бараг хоёр дахин хямд бөгөөд хүмүүс хил давсны нотолгоо нь нийгмийн сүлжээгээр дүүрэн байдаг. Амжилттай хил давсан алхам бүр бусдад урам зориг өгдөг гэнэ.
Майлиндагийн хүү сэтгүүлчидтэй Британиас холбогджээ. Тэрбээр түр саатуулах газраас гарч, зочид буудалд байрласан байна. “Хүү минь илүү сайн амьдрал хайж явсан. Гэхдээ үүний тулд тэрбээр золиос гаргах хэрэгтэй болсон. Одоо бид зээлсэн мөнгөө буцааж өгөх хэрэгтэй болно” гэж Майлинда халаглав. Энэ хооронд түүний 14 настай бага хүү аялалд гарахаар хэдийн төлөвлөсөн аж. Аюултай, өртэй байсан том ахын түүх түүнд боломж мэт харагджээ. Тэнгисийн хоолойгоор амжилттай дамжин өнгөрсөн оролдлого бүр эх орондоо үлдсэн албаничуудыг дуудаж байна.
Ла-Маншийн сувгаар дамжин завиар амь үл хайхран Британийг зорьдог хууль бус цагаачдын цуваатай тэмцэхээр тус улс шинэ төлөвлөгөө боловсруулсан. Үүнийг олон хүн тус улсад орогнох эрхтэй болох боломжийг хааж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас шүүмжилсэн. Шинэ төлөвлөгөөгөөнд зааснаар орогнол хүсэгчдийг эхлээд баривчлах, дараа нь эх оронд нь буцаах, эсвэл гуравдагч улс руу шилжүүлэх аж. Энэ нь байнга очоод байдаггүй хүмүүст Британийн орогнол олгох системд нэвтрэх эрхийг хориглосонтой адил гэж НҮБ үзжээ. Энэ жил хууль бусаар Ла-Маншийн сувгийг гаталсан хүний тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн. Британийн Засгийн газарт энэ урсгалыг зогсоох бодит механизм байсангүй. Лондон хэдэн жилийн турш Францтай хамтран ажиллана хэмээн найдаж, тус улсын цагдаа нарыг дэмжих зорилгоор багагүй хэмжээний мөнгө тогтмол илгээдэг. Лондоны Паристай байгуулсан ээлжит гэрээнээс үзвэл ирэх жил британичууд францчуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ 72 сая евро болгон нэмжээ. Үүний хариуд Франц эрэг орчмын эргүүлийнхээ хүчийг зузаатгахаа амлав. Тодруулбал, 200 биш, 300 цагдаа хил зөрчигчдийг хайх ажилд оролцоно. Энэ бүх сүрдүүлсэн мэдэгдлийн дараа ч нэмээд хэдэн мянган цагаач Британийн сувгийг гаталсныг харахад нэмэлт зардал, хүчин чармайлт нь эмзэг асуудлын шийдэл болохгүй бололтой.