Төв талбайд иргэд жагссаар л буй. Тэд нүүрсний хулгайч нарт бодитой хариуцлага тооцох хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ, бүр Ард түмний түр хороо байгуулна хэмээж байгаа. Харин жагсагчдын тавьж байгаа шаардлага улс төрийн өөр зорилготой болон хувирч байгаа хэмээн харж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр хэвлэлийнхэнд хэлэв.
Тэрбээр “Гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Нэр бүхий хүмүүсийг шалгах үйл явц үргэлжилж байна. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгалаа. Нууц гэрээнүүдийг ил тавьсан. Цаашлаад төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгохоор ажиллаж байна. Гэхдээ би сүүлдээ жагсагчдын тавьж байгаа шаардлагыг ойлгохоо больж байна. Тухайлбал, жагсагчид Засгийн газрыг огцрохыг шаардах болов. Тиймээс улс төрийн өөр зорилготой байна уу гэж хардаж байна. Шалгуулж байгаа хүмүүст хилийн хориг тавихгүй байгаа талаар АТГ-аас тодруулах нь зөв. Бидэнд ирүүлсэн мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг баталсан юм билээ” гэв.
Бэлтгэсэн У.Наран