Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайзад орчуулагчаар ажиллаж байгаад 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм. Малайз цагдаа нар бүсгүйн толгой руу буудаж, биед нь тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон байдаг. Талийгаачийн аав С.Шаарийбуу уг хэргийг үнэн мөнөөр шийдвэрлүүлэхийн тулд 17 жил зүтгэсэн билээ. Уг хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 16-нд Малайз Улсын дээд шүүхэд болсныг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тус шүүхээс таван сая малайз рингитийг (1.1 сая орчим ам.доллар) нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэcэнюм. Нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр ажилласан, өмгөөллийн эдийн засаг, эрх зүйн зөвлөгөөний фирм буюу “ИЭлСи” нөхөрлөлийн захирал Б.Баяртай ярилцлаа.
-Та бүхний 17 жилийн хөдөлмөрийн үр дүн гарлаа. Малайзад болсон шүүх хурлын үйл явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Малайзын шүүх хараат бусаар, хөндлөнгийн нөлөөлөлд авталгүйгээр шударга шийдвэр гаргалаа. Эл шүүхийн шийдвэр манайд ч үлгэр жишээ болсон гэж найдаж байна. Эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хурал олон жил үргэлжиллээ. 2018 онд эрүүгийн хэргийн шүүх хурал дуусаж, Малайзын хоёр цагдааг гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа иргэний хэргийн шүүх хурал таван жил үргэлжиллээ. Байсхийгээд л шүүх хурал зарлана, тэгээд гэрчээс мэдүүлэг авсан болоод л зургаан сар завсарлах маягаар сунжруулсан.
-Шүүх хурал 17 жилийн хугацаанд хэдэн удаа хойшилсон бэ?
-Англо-Саксоны эрх зүйн тогтолцоот улсын шүүх хурал манайхаас ялгаатай. Манайд бол мөрдөгч шалгаад, прокурор хянаад, шүүхэд шилжүүлнэ. Шүүх 30-60 хоногт шийдвэрээ гаргадаг. Малайз улсын шүүх болохоор бүх нотлох баримтаа өөрсдөө цуглуулж, дараа нь шийдвэрээ гаргадаг. Цагдаа, прокурор нь туслах үүрэгтэй. Тиймээс маш олон удаа шүүх хурал зарлаж, хойшлуулж байсан. Шийдвэр гаргах шүүх хурал сая болж, шүүгч Малайзын Засгийн газар буруутай гэждүгнэлээ.
-Хариуцагч тал хэд хоногт давж заалдах эрхтэй вэ?
-Нэрт өмгөөлөгч Карпал Сингхийн охин К.Сангийт хуульчийн хэлснээр бол Англо-Саксоны эрх зүйн тогтолцооны дагуу нэхэмжлэгч, хариуцагч талын аль аль нь 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй. С.Шаарийбуу гуайн тухайд 17 жилийн турш нэг зүйлийг Малайз улсын төр, засгаас хүссэн. Тэр нь “Уучлаарай” гэдэг ганц үг юм. Гурав хоногийн өмнө тэр үгээ сонссон тул дахин давж заалдахгүй. Мөн мөнгө ч сонин биш гэдгээ хэлсэн шүү дээ. Хариуцагч давж заалдах, эсэхийг мэдэхгүй юм. Шүүх хурлын үеэр хариуцагч тал юу ч дуугараагүй.
-Та С.Шаарийбуу гуайтай хэрхэн холбогдож, энэ хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болсон юм бэ?
-2006 онд хэрэг явдал гарсны дараа С.Шаарийбуу гуай Гадаад харилцааны яаманд хандаж, гадаад хэлний мэдлэгтэй хуульч сурагласан юм билээ. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны яамнаас намайг санал болгосон. Үүний дагуу бид танилцсан юм. Би анх түүнд “Танд туслахад татгалзах зүйл алга” гэж хэлж, бидний хамтын тэмцэл эхэлж байв. Үнэндээ олон улсын ийм том хэрэгт, энэ хэрийн амжилт гаргаж, ялалт байгуулна гэж бодоогүй.
-Та Малайз руу хэдэн удаа явж шүүх хуралд оролцов?
-С.Шаарийбуу гуай 12 удаа явсан. Түүний гуравт нь би хамт явж таарсан. Мөн Малайзаас хуульч нар хэдэнтээ ирэхэд нь би хэргийн материал бүрдүүлж, гэрчийн мэдүүлэг авах, хохирогчийн үүх түүх, төрийн байгууллагаас гаргаж өгсөн бичиг баримтыг орчуулах зэргээр хамтарч ажилласан.
-Энэ хэрэг дээр ажиллахад нарийн ур чадвар шаардсан байх. Та хуульчийн мэргэжил хаана эзэмшсэн бэ?
-Хуучнаар ЗХУ-д хуульчийн мэргэжлээр суралцсан. Шинэ Зеландад магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын хэмжээний томоохон хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон энэ тохиолдол миний хувьд анхных бөгөөд сүүлийнх байх.
-Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой орны шүүх хурлын талаар мэдээлэл өгч болох уу. Хэчнээн шүүгч, хэдэн өмгөөлөгч оролцсон бол?
-Эрүүгийн хэрэгт ч, иргэний хэрэгт ч нэг л шүүгч оролцдог юм билээ. Энэ хэрэгт тангарагтны шүүгч нар оролцоогүй. Сүүлчийн шүүх хуралд энэтхэг шүүгч оролцоно билээ. Өмгөө лөгчийн тухайд Засгийн газар болон хариуцагчийг төлөөлөөд тоймгүй олон хуульч оролцсон. Малайз улсын аль сайн, нэртэй, чадалтай хуульч нар фирмээрээ энэ хэрэг дээр ажилласан юм билээ. Дөрвөн хариуцагчийн өмгөөлөгчөөр маш олон хүн ажилласан. Нэгдүгээр хариуцагч нь Малайзын цагдаа асан Сирул Азхар Умар, хоёр дахь нь Азила Хадри. Гуравдугаар хариуцагч нь улстөрч Абдул Разак Багинда, дөрөв дэх нь Малайзын Засгийн газар байлаа.
-17 жилийн турш ажиллахад хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байв?
-Эрүүгийн хэргийн шүүх хурлаар Абдул Разак Багиндаг цагаатгачихсан. Тиймээс монгол эмэгтэйн амийг егүүтгэсэн хэрэгт Засгийн газар огт хамаагүй болчихож байгаа юм. Гэтэл нөгөө хоёр цагдаа нь төрийн ажил хийсэн. Дарга нараасаа үүрэг авч, орчуулагч эмэгтэйг хөнөөсөн гэж мэдүүлж байв. Абдул Разак Багиндаг цагаатгачихаар төр гэдэг холбоос үгүй болчихсон. Тэр үед жаахан самгардаж байлаа. Бас гэрч, цагдаа нар нь гадаад руу зугтчихсан. Иргэний хэрэгт гэрчгүй үед нотлох баримт цуглуулах маш хэцүү. Эрүүгийн хэрэгт цугласан нотлох баримтыг иргэний хэрэгт ашиглах тохиолдол Англо-Саксоны эрх зүйн системд байдаггүй. Харин К.Сангийт энэ үед маш сайн ажилласан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн материалыг иргэний хэрэгт ашиглахаас өөр аргагүйд хүргэсэн. Бас маш олон гэрч алга болсон юм. Зарим нь нас барсан. Ийм тохиолдолд эрүүгийн хэргийн материалыг иргэний хэрэгт ашигласан гэсэн. Энэ нь Малайзын эрх зүйн тогтолцоонд анх удаа гарсан өөрчлөлт болов уу.
-Нөхөн төлбөрийн тухайд Малайзад өмнө нь байгаагүй өндөр дүн гэж сонссон. Үүний талаар мэдээлэл өгч болох уу?
-Шүүхийн шийдвэрээр Малайзын Засгийн газар таван сая малайз рингит буюу 1.1 сая орчим ам.доллар гаргахаар болсон. К.Сангийт өмгөө лөгчийн хэлснээр энэ нь Малайзын түүхэнд байгаагүй өндөр нөхөн төлбөр юм билээ. Мэдээж хүний амийг мөнгөөр үнэлэх боломжгүй л дээ.
-Энэ шүүх хурлын шийдвэр Монгол, цаашдаа дэлхийд ямар жишиг үлдээв?
-Гадаад харилцааны яамныхны мэдээлснээр шүүхийн энэ шударга шийдвэрийн нөлөөгөөр Монгол, Малайз хоёр орны харилцаанд олон эерэг өөрчлөлт гарна гэж найдаж байна. Мөн олон улсын, тодруулбал, Франц, Австрали, Япон, АНУ-ын хэвлэлээр энэ хэргийг онцлон мэдээлж байлаа. Францын төв хэвлэл энэ хэргийг онцолж, гол материалаа болгон, бүтэн нүүр өгүүлэл нийтэлсэн. Австралийн телевиз монгол бүсгүй Малайзад улс төрийн золиос болсон талаар баримтат кино хийсэн шүү дээ. Товчхондоо, дэлхий нийт энэ хэрэгт анхаарлаа хандуулсаар ирсэн. Өнгөрсөн баасан гарагт шүүх хурал 09.00-10.00 цагийнхоорондүргэлжиллээ. 11.00 цаг гэхэд дэлхийн томоохон агентлагууд эл хэргийн талаар мэдээлж эхэлсэн. Малайзын бүх сонин 12.00 цагт хэвлэлтэд шилждэг бол шүүгч шийдвэрээ танилцуулахыг хүлээгээд сонин хэвлэх үйл ажиллагаагаа зогсоосон байсан.
-Малайзын Эрүүгийн хэргийн шүүхээс захиалагч Абдул Разак Багиндад хоёр жил хорих ял оноосон. Харин монгол эмэгтэйг хөнөөсөн хоёр цагдааг цаазаар авах шийтгэл ногдуулсан байдаг. Уг ялыг гүйцэтгээгүй юм билээ. Цаашид яах бол?
-Абдул Разак Багинда хорих ялаа эдэлсэн. Шоронд номын санч хийж байсан гэдэг. Хоёр цагдаагийн нэг нь Малайздаа бий. Нөгөөх нь Австрали руу цагаачилсан. Тиймээс ялыг гүйцэтгэхгүй байгаа юм. Австрали цаазын ялыг эсэргүүцдэг орон. Тиймээс хэчнээн гэмт хэрэгтэн ч гэсэн тухайн цагдааг орогнуулсан бололтой.