Д.Мөнх-Эрдэнэ ӨМӨЗО-ы ерөнхий консулаар ажиллаж байхдаа дипломат дугаартай албаны машинаа хятад иргэнд зарсан гэдэг. Түүний эл үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж буй. Харин тэрбээр даарин дээрээ давс нэмэх гэгчээр өмнөх эрүүгийн хэргийг нь шалгаж дуусаагүй байхад эрх зүйн байдлаа улам дордуулчих болов. Тодорхой хэлбэл, тэр дахин хэрэг төвөгт холбогдсон юм.
Анхандаа тэрбээр шууд дамжуулалт (лайв) хийж, төр засаг, сайд, дарга нарыг шүүмжилдэг байв. Уншигч үзэгчид үүнд нь алга ташиж, түүнийг шударга залуу хэмээсэн. Харамсалтай нь, түүний үйлдэл хэрээс хэтэрч төрийн зарим албан хаагчдыг хаа явсан газар нь дагаж хоргоож, хэл үгээр доромжилдог болсон. Үндсэн хуулиар хүн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй, нээлттэй. Харин бусдыг үг хэлээр доромжлох, гутаах эрх гэж үгүй. Гэтэл иргэн Д.Мөнх-Эрдэнэ ерөнхий консулын албаа өгсөндөө шаралхсан уу, нэр нь холбогдсон хэргээ далдлах гэсэн үү лайв хийх болгондоо бусад руу агсамнаж, уурлаж, хашгичиж, нэр төрд нь халдаж эхэлсэн.
Даваагийн Мөнх-Эрдэнэд эрхэмлэх нэр төр, хайрлах үнэт зүйл байдагтай адил бусад хүнд ч бий. Харин Д.Мөнх-Эрдэнэ бусдын алдар хүнд, үнэт зүйлийг уландаа гишгэж, хууль ёсыг нь үл тоож, хаа дуртай газраа, хүн бүрийг доромжилсоор байгаа юм. Эцэстээ Д.Мөнх-Эрдэнэ өөрийн үнэт зүйлээ ч орхиж гээж эхлэв. Тухайлбал, цахим орчин гэр бүлээсээ өрх тусгаарлана гэсэн утгатай зүйл бичиж, тэмцэл нэртэй доромж лайваа үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
Ингээд тэр төрийн зарим албан хаагчдыг ор үндэсгүйгээр хулгайч, худалч, алуурчин, завхай зайдан хэмээн элдэв үгээр хэлж, сүүлдээ замд нь тосож байгаад биед нь халдах болсон. Д.Мөнх-Эрдэнийн сүүлд гаргасан үйлдлүүд олон нийтийн эгдүүг хүргэлээ. Өөрөөр хэлбэл, иргэд цахим орчинд Даваагийн Мөнх-Эрдэнэд даруулга хэрэгтэй, энэ хүний сэтгэцийг шалгуулъя хэмээн сэтгэгдлээ бичиж эхлэв. Түүний бүдүүлэг увайгүй үйлдэл залууст "халдварлана" гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Угаас түүний үйлдэл хэрээс хэтэрч, хуулиас гажуудаад байсан тул түүнийг цагдаагийн байгууллагаас эрүүлжүүлсэн байна. Улмаар шүүхэд хандаж, цагдан хорих арга хэмжээ авах санал гаргасан ажээ.