Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28181, мөрдөн байцаалтын 2256 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 262 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 41 мэдэгдэл хүргүүллээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 175, Өмчлөх эрхийн эсрэг 115, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Эдийн засгийн 11, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 14, Авлигын 6, Амьд явах эрхийн эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, нийт 388 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал:
- "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М, тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компаниудын гүйцэтгэх захирлуудаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М, мэргэжилтэн Н, Х нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Т, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн М нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирал ОХУ-ын иргэн С нь 222,965,153.2 төгрөгийн их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх, 18.6 дугаар зүйлийн 2.2-т /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Иргэн У, Б нар нь Чингис Хаан Олон Улсын агаарын замын боомтоор алт хууль бусаар нэвтрүүлсэн, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/ яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.