Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож, Төвбанкнаас 2019 онд эрх хүлээн авагч томилсноос хойш нэлээд хэдэн жилийг ардаа орхив. Энэ хугацаанд хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлсээр. Харин тус банкнаас зээл авахын тулд барьцаалсан хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, Хөгжлийн банкны болон Нийгмийн даатгалын сангийнх байж болзошгүй мөнгөнөөс олон тэрбум төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжийн удирдлага санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй байдлаар компаниа дампууруулах болсон. Үүний нэг тод жишээ нь Хөгжлийн банкнаас “Капитал” банкаар дамжуулан олгосон, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний зөвлөх бөгөөд ШИНЭН-ын дэд дарга Г.Аюулгүй нарын “Азийн бамбар” гэх компанийн нэрээр авсан 12.6 тэрбум төгрөгийн зээл. Хүү, алдангитайгаа нийлээд 17-18 тэрбумыг тэд төлөх ёстой ч аж ахуйн нэгжээ дампууруулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн байдаг. Энэ зээлийг авсан аж ахуйн нэгжээ дампууруулсныг “Капитал”-ын гүйцэтгэх захирал асан А.Ариунболд мэдэж тэднийг шалгуулахаар АТГ-т хандсан талаараа манай сонинд энэ оны аравдугаар сарын 17-нд өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан. Тодруулбал, тэрбээр “Зээлүүд хангалттай хэмжээнд төлөгдөөгүй, банкны өр төлбөр олигтой барагдаагүй, эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа тодорхой бус байгаа. Зарим барьцаа хөрөнгийн чанарыг муутгасан, үнэлгээ нь өндөр, чанартай барьцааг өөр хөрөнгөөр сольсон асуудлууд ч дуулдсан. Сүүлдээ банкны хөрөнгөөр өр төлбөрийг төлж хүрэлцэхгүй гэх юм яриад эхлэхтэй зэрэгцэн манай банкаас зээл авсан “Азийн бамбар” ХХК дампуурсан, шүүхийн шийдвэр гарсныг мэдэж, хангалттай барьцаатай, барьцаагаар нь төлүүлэх боломжтой компани дампуурсан асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан юм. Эл компаниа дампууруулснаас болж уг зээл нь найдваргүй болчихоод байна. Нөгөө талаас нь харвал банкны хөрөнгө дутагдуулсан, надад холбогдуулсан хэргийн хохирол болж энэ зээлийн төлбөрийг надад хариуцуулаад байгаа юм” хэмээсэн.
Тэгвэл “Капитал” банкнаас олон тэрбумын зээл авчихаад түүнийгээ төлөөгүй байхдаа аж ахуйн нэгжээ дампууруулахаар шүүхэд хандсан тохиолдол ганц “Азийн бамбар” биш аж. УИХ-ын гишүүн асан, Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн хадам аав байсан хэмээн цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичдэг “Монголын торгоны зам” ХХК-ийн захирал Ц.Гантөмөр өөрийн нэр дээрх хоёр аж ахуйн нэгжээ дампууруулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад удаж буй юм билээ. Нэг нь барилгын засвар хийх, худалдааны зуучлалын дээрх “Монголын торгоны зам” бол нөгөө нь аялал жуулчлал, цайны газар, ашигт малтмалын хайгуул, гадаад худалдааны чиглэлээрх “Хайрхантрейд” ХХК аж. Уг хоёр компанийг дампуурсанд тооцуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал хянаж, хурлаа товлосон ч эцэслэн шийдвэрлээгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. С.Жавхлангийн гэргий асан Г.Долгормаагийн аав Ц.Гантөмөр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Хайрхантрейд” ХХК-ийнхан 2013 оны арваннэгдүгээр сард “Капитал” банкнаас дөрвөн тэрбумын зээл авсан ч нэг ч төгрөг төлөөгүй гэх.
Энэ талаар тус банканд Төвбанкнаас томилогдсон эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүүгээс тодруулахаар хандсан ч утас нь холбогдох боломжгүй байв.
Хэрэв “Хайрхантрейд” ХХК-ийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дампуурсанд тооцчихвол “Капитал” банкнаас авсан дөрвөн тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүй нь лавтай. Уг мөнгө төлөгдөхгүй бол Нийгмийн даатгалын санд сар бүр мөнгөө төлсөн жирийн иргэд бидний хөрөнгийг “Хайрхантрейд”-ийнхэн завшаад өнгөрч болох юм.