Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сард өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 14.5, 2021 оны эцсээс 12.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг өсөлтөд эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 21.4, хувцас, бөс бараа, гутлынх 19.4, хүнс болон ундаа, усных 16.8 хувиар өссөн нь түлхүү нөлөөлсөн аж. Түүнчлэн орон сууц, ус, цахилгаан, хий, бусад түлшний үнэ жилд 16.6, тээврийн зардал 7.7 хувиар ахисан нь нөлөөлжээ. Инфляцын сагсанд улсын хэмжээнд 410, Улаанбаатар хотод 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээг багтаан, үнийг нь судалдаг. Тэдгээрийн 46 орчим хувийг импортоор авч хэрэглэдэг бөгөөд инфляцын 7.4 нэгж буюу 51.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж буйг дээрх хорооны тайланд дурджээ.