-Сонгодог урлагаар багаасаа хичээллэж байж амжилтад хүрдэг. Тийм ч болохоор ээж аав, эсвэл ойр дотнын хүн нөлөөлж, урлагт хөтөлсөн байдаг юм билээ. Таныг балетын урлагт хэн хөтөлсөн бол?
-Мэргэжлийн балетчин болохын тулд багаасаа хичээллэдэг нь үнэн. Би зургаан настайдаа балетын студид элсэж, долоотойдоо мэргэжлийн сургуульд орсон. Мэдээж анх аав, ээждээ хөтлүүлээд л балетад хөлтавьсан. Харин одоо бол тийм шийдвэр гаргаж, охиноо эл урлагт хөтөлж оруулсан аав, ээждээ талархдаг.
-Та хэн багшийн гарын шавь бэ. Мэргэжлээ хаана эзэмшив?
-Намайг сонгодог бүжгийн эл урлагт дурлуулсан, мэргэжлийн суурийг минь тавьсан анхны багш нар минь Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг болон Ч.Ганчимэг. Харин 2010 оноос би ОХУ-ын Пермь хотын балетын сургуульд Нина Петровна Костарева гэж багшийн удирдлагад суралцаж төгссөн. 2018 онд сургуулиа төгсөж эх орондоо ирээд л эл театрынхаа босгыг давж орсон.
-Анх ямар уран бүтээлээр тайзан дээр гарсан бол?
-Х.Гэрэлчимэг багшийнхаа удирдлагад суралцаж байхдаа П.И.Чайковскийн “Щелкунчик” балетад тоглож хамгийн анх тайзан дээр гарснаа тод санадаг. Харин сургуулиа төгсөж, мэргэжлийн бүжигчин болсноосоо хойш театрынхаа бүх л балетын гол болон туслах дүрд тоглож байна.
-Балетчин байх хэцүү, шантрах үе олон ч урлагт дуртай, мэргэжилдээ хайртай болохоор тэсэхээс аргагүй гэдэг. Танд шантрах үе олон тохиосон уу. Шантарсан үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулж, бэрхшээлийг даван туулдаг вэ?
-Мэдээж шантрах үе гарна. Тоглож буй дүрээ сайн гаргаж чадахгүй, эсвэл гэмтэл бэртэл авсан үед сэтгэлээр их унадаг. Аль болох л хурдан сэтгэлээ сэргээж, сатаарчихаад улам дурлаж бүжиглэдэг дээ. Шантарсан үедээ тухайн зүйлээсээ хэсэгхэн холдож, өөр зүйлд анхаарлаа хандуулж сатаарахыг оролддог. Кино үзэх, найзуудтайгаа зугаалах гэх мэт. Ингэж хэсэг өөрийгөө сэргээсний дараа алдаагаа засаж, өөрийгөө улам дайчлах эрч хүчтэй болсон мэт санагддаг юм.
-Сэтгэл зүйн байдал бүжигчинд маш их нөлөөлдөг байх. Сэтгэл санаа тогтворгүй үедээ өөрийгөө хэрхэн бэлдэж тайзан дээр гардаг вэ?
-Мэдээж сэтгэл зүйн байдал чухал. Сэтгэл тавгүй үед бүжиглэх хэцүү. Бас хүссэнээрээ бүжиглэж чадахгүй тохиолдолд сэтгэлээр унана. Түүнийгээ давж эргээд тайзан дээр инээгээд л гарах хэрэгтэй. Гэхдээ өмнөхөөсөө ч сайн гүйцэтгэлтэй бүжиглэх шаардлагатай. Тийм болохоор алдаа гаргачихаад түүнийгээ засах биш, анхнаасаа л тайзан дээр гарахын өмнө өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа бэлдчихээд санасан, зорьсон бүхнээ үзэгчдэд эрч хүчтэй харуулахыг хичээдэг.
-Бүжигчин байхын амтыг хэзээ анх мэдэрч, шунав. Бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Өөрөө бүжиглэж мэдрэх гэхээс илүүтэй сурагч байхдаа театрын мундаг балетчдын бүжиглэхийг харж, тэдэн шиг мундаг болохыг хүсэж, зорьдог байлаа. Тэр үеэс л шунан дурласан болов уу. Олон хүний өмнө тайзан дээр гарахад эхэндээ их сандардаг байв. Гэхдээ миний дурласан энэ урлаг үзэгчдэд гоо зүйн таашаал өгөх, сонгодог урлагийн мэдрэмж төрүүлэх зорилготой учраас тайзан дээр гарсан бол хамгийн сайнаараа хичээж бүжиглэдэг. Харин яг бүжиглэх үед өөр юу ч бодогддоггүй.
-Тун удахгүй “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” бүжгэн жүжгээр үзэгчидтэй уулзах юм билээ.
-“Элит балет” компани “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-тэй хамтран “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжгийг Монголд анх удаа хүргэх гэж буй юм. Дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурь эзэлдэг уг бүтээлийг тус компанийнхан 2019 онд Ц.Цолмонбуд ахын дэглэснээр “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” нэртэйгээр Өмнөд Солонгосын үзэгчдэд толилуулсан. Харин өнгөрсөн онд шинэчлэн тоглохдоо медиа арт урлагтай хослуулсан нь Өмнөд Солонгосын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм билээ. Энэ сарын 31, нэгдүгээр сарын 1, 2-нд болох эл бүжгэн жүжигт олон улсын балетын уралдааны шагналт, Монгол, БНСУ-ын шилдэг залуу уран бүтээлчид болон циркийн жүжигчидтэй хамтран тоглох болсондоо их баяртай байгаа.
-Тус уран бүтээлд та ямар дүрд тоглох вэ. Өмнө нь ажилласан дүрүүдээс тань юугаараа онцгой бол?
-Би гол дүр болох Клара охинд тоглоно. Өмнө нь тоглож байсан дүрүүдээс минь нэлээд ялгаатай. Бүжгэн жүжигт гарах хулганын орон, цасны орон, гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр зураглал, холограм, 3D дэлгэц, видео эффект бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологи ашиглан бүтээж буй. Тэгэхээр надаас гарах хөдөлгөөн бүхэн хөнгөн, хөвөн зөөлөн байх хэрэгтэй. Их хичээж, сургуулилалтаа базааж байна даа.
-Залуу уран бүтээлчид бүжиглэхийг хүсдэг дүр зөндөө бий байх. Хүссэн дүрдээ бүжиглэж чадсан уу. Өөр ямар дүрд тоглохыг хүсэж, мөрөөддөг вэ?
-Хүүхэд байхдаа Л.Минкусийн “Дон Кихот” балетыг их үздэг байлаа. Үзэх бүртээ дуурайн бүжиглэж, өөрийгөө тайзан дээр байгаагаар төсөөлдөг байв. Харин энэ мөрөөдлөө өнгөрсөн аравдугаар сард биелүүллээ. Тоглохыг хүсдэг олон дүр бий. Тэр болгоноо биелүүлэхийн тулд ур чадвараа улам ахиулахыг хичээж байна.
-Таны тайзан дээр бүтээсэн аль дүр өөртэй тань адил зан араншинтай мэт санагдав?
-Би их сахилгагүй, хөдөлгөөнтэй байрын төрхтэй. Гэтэл нэлээд тайван, огцом сэтгэл хөдлөл гаргадаггүй, хэрийн зүйлийг тоодоггүй зантай. Яг ийм өөртэйгөө төстэй зан чанартай дүрд хараахан тоглож амжаагүй.
-Олон улсын ямар ямар уралдаанд эх орноо төлөөлж оролцсон бэ?
-2019 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон “Орос, Япон, Еврази” балетын анхдугаар уралдааны гуравдугаар байрт шалгарч, 2022 онд БНСУ-д зохион байгуулсан олон улсын уралдаанаас мөн гутгаар байрын шагнал хүртсэний зэрэгцээ дотоотын уралдаануудад ч оролцсон. Мөн 2019 онд БНСУ-ын “Wise” балетын театрын “Жизель” уран бүтээлд тус театрын жүжигчидтэй хамтран тоглосон.
-Балетчин бол залуу насны мэргэжил. Тэтгэвэрт гарахаасаа өмнө юу юу хийж амжуулмаар байна вэ. Олонх балетчин нас ахихаараа балетмейстер болж, эсвэл багшилдаг. Харин та юу хийхээ төлөвлөсөн үү?
-Ингэж хэлэхээр хүмүүс шүүмжлэх л байх. Гэхдээ би илүү их хөдөлмөрлөж, Монголынхоо балетын урлагийг дэлхийн тавцанд таниулахыг хүсдэг. Харин тэтгэвэрт гараад юу хийх талаар нухацтай бодож байгаагүй юм байна. Яг төлөвлөөгүй ч нас ахиад сурсан мэдсэн бүхнээ шинэ, залуу бүжигчдэдээ зааж сургахыг л эрмэлзэх байх.
-Өөрийгөө тайзнаас хол амьдарч байгаагаар төсөөлж үзсэн үү?
-Төсөөлж байгаагүй. Ид бүжиглэх насандаа, эл урлагт дурлачихсан яваа болохоор нэг хэсэгтээ л тайзнаас хол амьдарч чадахгүй биз. Тайзан дээр гарах мөч, үзэгчдийн алга ташилтаас маш их урам зориг авдаг болохоор холдмооргүй байна.
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Сонгодог урлаг танд ямар зөв дадал суулгав?
-Зөвхөн балет гэлтгүй хүүхдийг багаас нь урлагийн ямар нэг төрлөөр хичээллүүлбэл бусадтай харилцаж, өөрийгөө илэрхийлж, хүний үг сонсож, биеэ зөв авч явах гэх мэт олон сайхан чанар, дадалсуулгадаг. Хамгийн гол нь мэдрэмжтэй болно.
-Гадаадын театрт юм уу, продакшнд ажиллаж, амжилт гаргаж буй Монголын балетчин олон бий. Танд тэдэн шиг гадаадад ажиллах хүсэл бий юү?
-Монгол гэсэн нэрээ дуудуулж гадаадын театрт ажиллах хүсэл мэдээж бий. Гэхдээ бага насаа ээж ааваасаа хол гадаадад өнгөрүүлсэн болохоор одоохондоо тэднийхээ дэргэд баймаар байна. Цаг хугацаа, тохироо нь бүрдвэл явах байх аа.
-Театрт багшаа хэмээн бодож хүндэлдэг, мэргэжлийн зөвлөгөө авдаг хүн байдагуу?
-Тэр, энэ гэж хүн цохож хэлмээргүй байна. Учир нь театрынхаа ахмад уран бүтээлчид, хамт ажиллаж буй ах, эгч, найзуудаасаа үргэлж суралцдаг болохоор.
-Гадаадын хэн гэж балетчин, балетмейстерийг биширч, үлгэр дуурайл авдаг вэ?
-Дэлхийн хэмжээний олон мундаг балетчин бий. Тэднээс онцолж Наталья Осипова, Марианела Нуньес, Светлана Захарова, Яна Саленко нарыг биширдэг. Тэдний тоглолтын бичлэгийг үзэх дуртай, үлгэрлэж суралцахыг хичээдэг.
Бэлтгэсэн А.Тайшир