Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан 15 стандартыг үе шаттай хэлэлцүүлж эхэлснийг Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээлэв. Үүнийг хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэг хариуцаж буй аж. Салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулан жуулчны авто тээврийн үйлчилгээ, амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага, тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын байр сууцтай холбоотой гурван стандартыг уржигдар хэлэлцүүлсэн бол гэр болон дэн буудал, бусад төрлийн байршуулах хэрэгсэлтэй холбоотой асуудлаар өчигдөр санал бодол солилцов. Эдгээр стандартыг энэ долоо хоногт багтаан хэлэлцүүлж, олон нийтийн саналыгтусгасны дараа Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороонд танилцуулж, Стандарт, хэмжил зүйн газрын Техникийн хороонд хүргүүлэх гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл