Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Дэлхийн банкны хятад, монголыг хариуцсан бүсийн захирал Мара Варвик, монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзаж, Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийн явц байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Тэрбээр “Нэгдүгээрт, Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” нь Монгол Улсын зам, тээврийн салбарт Дэлхийн банктай хамтран эхлүүлж буй томоохон төсөл юм. Дэлхийн банкнаас боловсруулсан ТЭЗҮ-ээр мах, махан бүтээгдэхүүний тээврийн урсгал, малын тоо, толгой, газарзүй байршил зэргээс хамааруулан Өвөрхангай аймагт бүс нутгийн логистикийн жишиг төвийг байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу Дэлхийн банк болон Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам хооронд төслийн хэлэлцээрийг эцэслэн тохирсон. Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамнаас 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар төслийн асуудлыг хэлэлцүүлсэн. Одоо УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Цаашид Замын-Үүдэд хуурай боомт байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулахад хамтарч ажиллахыг хүсье. Мөн бид АН4 чиглэлийн баруун босоо чиглэлийн тээврийн коридороо ашиглалтад оруулсан. Үүний дагуу Ховд аймагт хуурай боомт байгуулах талаар судлан үзэхийг хүсье. Харин зүүн босоо чиглэлд төмөр замаар тэнхлэгийн коридороо холбох ажлыг эхлүүлж байгаа. Тус төмөр замаа түшиглэсэн Дорнод аймгийн Чойбалсан хотыг хуурай боомт болгох нь зүйтэй. Ганцхан Замын-Үүдээр экспорт, импортын бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх биш олон гарцтай болгох шаардлагатай. Тээвэр, логистикийн олон гарцтай болсноор бараа бүтээгдэхүүний үнийг ч тогтвортой байлгах боломжтой ” гэв.
Нөгөө талаас Зам, тээврийн хөгжлийн яам болон Дэлхийн банкны тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагаагаа өндрөөр үнэлдгээ илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайгаас ихээхэн шалтгаалдаг. Эдийн засаг тогтвортой хөгжихөд тэгш хүртээмжтэй байх ёстой. Тиймээс дан ганц уул уурхай биш төрөлжүүлэх нь тэргүүлэх ач холбогдолтой гэж харж байна. Үүнд логистикийн хөгжлийг дэмжих нь чухал. Дэлхийн банкны зүгээс цаашид эдийн засгийг төрөлжүүлэхэд логистикийн төвийн төсөл, техник туслалцааны хүрээнд дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Логистикгүйгээр зам, тээвэр хөгжих боломжгүй. Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яам логистикийн хөгжилд анхаарал хандуулж харилцан уялдаатайгаар хэрэгжүүлж байгаа нь зөв шийдвэр юм.
Хуурай боомт байгуулах техникийн туслалцааны хүрээнд шалгуур үзүүлэлтүүдийг үнэлж тогтох хэрэгтэй. Тус төслийг УИХ-аар соёрхон батлагдсаны дараа зарим бүрэлдэхүүн хэсгийг эрэмбэлэх боломжтой. Дэлхийн банк цаашид шаардлагатай бүх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.