-Юуны өмнө Менелаогийн нэрэмжит олон улсын шагнал хүртсэнд баяр хүргэе. Эл шагналыг хүртсэн “Infinity source” цуврал бүтээлийн талаарх асуултаар ярилцлагаа эхэлье.
-Хүн төрөлхтөн танин мэдэхүйн, хөдөө аж ахуйн, шинжлэх ухааны болонаж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгал хийжээ. Мэдээлэл, технологийн асар их дэвшил дунд хүн төрөлхтөн ч хувьсаж буй. Үүний ололт амжилт гэх үү, хөгжил гэх юм уу мэдэхгүй, түүний нөлөөг л би уран бүтээлдээ хөндсөн юм. Дийлэнх бүтээлдээ гүйж яваа хүн дүрсэлсэн нь ч учиртай. Уран бүтээлчийн хувьд өөрийнхөө харж буйг л дүрслэхийг хичээсэн. Эл сэдвийн дор 100 гаруй бүтээл туурвисан. Тэдгээрийгээ эхнээс нь дүрслэх урлаг сонирхогчдод хүргэж буй. Эхний бүтээлүүд олон улсын үзэгч, судлаач, шүүмжлэгчдэд таалагдаж буйг харах сайхан л байна.
-Эл цуврал бүтээлээрээ олон улсын үзэсгэлэнгүүдэд түлхүү оролцож байгаа юу?
-Италийн Венец хотод хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг биенналийн хүрээнд олон улсын үзэсгэлэнгүүд дэлгэдэг. Өнгөрсөн долдугаар сард тус үзэсгэлэнд оролцсоны дараа Нидерландын Амстердамд болсон олон улсын үзэсгэлэнд “Infinity source” цуврал бүтээлээсээ дэлгэсэн. Есдүгээр сард нь Швейцарын Цюрих хотод “Swiss art expo”-д оролцлоо. Аравдугаар сард Францын Парис дахь Луврын музейн дэргэдэх “Carrousel du Louvre” танхимд дэлхийн 38 орны 130 зураач, уран бүтээлч, 54 галерей оролцсон “Salon international d’art contemporain” олон улсын 30 дахь удаагийн экспод мөн бүтээлээ дэлгэлээ. Аравдугаар сарын сүүлчээр Испанийн Палма хотод олон улсын үзэсгэлэнд, арваннэгдүгээр сард Италийн Ромд “We contemporary” үзэсгэлэнд оролцсон. Эл үзэсгэлэнд дэлхийн 100 шахам орны 300 гаруй зураач оролцсон. Үүнээс 30 улсын 100 зураачийн бүтээлийг шигшиж үзэсгэлэн дэлгэсэн юм. Тэдгээрээс шилдэг 15 уран бүтээлийг тодруулахад минийх багтаж, тусгай байрт шалгарсан. Уг үзэсгэлэнгийн дараа эх орондоо ирээд долоо хонож байтал Италийн Лече хот дахь “Итали дахь дэлхийн урлаг” академиас холбогдсон. Ингээдэл нэр хүндтэй шагналыг хүртлээ. Монголын уран бүтээлчид дэлхийтэй хөл нийлүүлэн туурвиж буйг олон улсад харуулсандаа баяртай байна.
-Шагналд хөөрдөг хүн бий. Тоодоггүй нь ч бий. Харин та шагнал, урамшууллын талаар ямар бодолтой явдаг бол. Олон улсын шагнал хүртсэний дараа танд ямар бодол төрөв?
-АСЕМ-ын нэрэмжит хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх”-өө хийсний дараа би хэвлэлээр хэсэг “балбуулав”. Гэтэл Италийн “Art on world” сэтгүүлээс холбогдож, эл баримлын талаар асуухаар нь тайлбараа бичээд явуулсан. Тэгтэл сэтгүүлдээ миний баримлыг онцолж, нийтэлсэн байсан. Улмаар энэ оны аравдугаар сард тус сэтгүүл дахин миний “Infinity source” уран бүтээлийн талаар нийтлэл гаргалаа. Тэгэхэд их урам авсан. Гадаадынхан миний уран бүтээлийгтоож байна шүү дээ. Шагнал, урамшууллыг ч би ингэж л хүлээж авдаг. Урам, уран бүтээлийн түлхэц. 2005 онд би Төв Азийн урлагийн фестивальд анх оролцож, Францад олон улсын үзэсгэлэнд бүтээлээ дэлгэн, ЮНЕСКО-гоос батламж авч байв. Гэхдээ өнөөдрийг хүртэл авсан шагналуудаас хамгийн том нь Монголын урчуудын эвлэлийн шагнал. Эл шагналаа 2010 онд хүртэж байлаа.
-Таны бүтээлийг дотоодод тоохгүй байхад гадаадад сонирхоод, онцлоод буйн шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Өөрийн сайндаа ч биш. Ерөөсөө л монголчуудын эртнээс өвлөж ирсэн биет бус соёлын өв уртын дуу, туулиудаас эхтэй. Монгол хүний оюун санаа хязгааргүй гэсэн санаа. Энэ газар нутагт монгол хүн болж төрсөн нь миний хамгийн том шагнал. Асар их хувь заяа. Түүнчлэн Дорнын философид үндэслэн, Өрнийн шинжлэх ухааны ололтыг тусгадаг учраас миний бүтээлүүд гадаадынхны сонирхлыг татаж буй болов уу. Нөгөөтээгүүр, сансар огторгуйн сэдэв рүү ч өнгийдөг. Хүн төрөлхтөн зөвхөн дэлхийнх биш, нарны системийнх гэж. Үүнийг илэрхийлэхдээ хүн төрөлхтөн, ертөнцийн үүсэл гарал, технологийн дэвшил зэргийг хөнддөг нь сонирхолтой санагддаг байх.
-Шүүмж сонсож байна уу. Ер нь та шүүмжийг хэрхэн хүлээж авдаг бол?
-Мэдээж шүүмж сонсоно, тусгаж авна. Магтаал, шүүмжийг зэрэг дааж байж уран бүтээлч оршино. Дандаа магтуулаад л, цаасан малгай өмсөөд байвал хөөсөрч дуусна биз.
-Та өнөөдрийг хүртэл биедаасан хэчнээн үзэсгэлэн дэлгэсэн бэ?
-18 үзэсгэлэн дотоод, гадаадад толилуулсан.
-Анхны үзэсгэлэндээ дэлгэсэн бүтээлүүдээ санадаг уу?
-Саналгүй яах вэ. Анхны үзэсгэлэнгээ “Цэнхэр бороо” нэртэйгээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэж байлаа. Төрөл төрлийн сэдэвтэй бүтээлүүдээ дэлгэж байв. Залуу ч байж. Юм юм сонирхож, оролдож байсан үе. Тэр болгоноо харуулчих санаатай. Өөрийгөө олох гээд л эрж хайж явсан гэх юм уу даа.
-Тэр хайж явснаа олсон болов уу?
-Мэдээж тэр үеийнхтэй харьцуулахад уран бүтээлчийн хувьд ур чадвараас авхуулаад өөрчлөгдсөн, хөгжсөн зүйлс бий. Монголын дүрслэх урлагийн тогоонд 25 жилийг өнгөрүүлжээ. Өөрөөсөө асуудаг байлаа, “Чи энэ хугацаанд юу хийв” гэж. Унаж, босоод л явж, өөрийгөө олох гээд л. Гэхдээ одоо ч олчихсон гэж хэлж чадахгүй. Харин юуг, хаана, хэнд үзүүлэх вэ гэдгээ мэддэг болсон.
-Таны уран бүтээлд цэнхэр өнгө гол үүрэгтэй юү. Эл өнгийг түлхүү ашигладаг таньямар учиртай вэ?
-Яг ч голлох үүрэгтэй гэж хэлж болохгүй. Гэхдээ бараг бүх бүтээлд бий. Энэ нь монгол хүний л онцлог байх. Өөрийн эрхгүй л энэ өнгийг бариад авчихдаг. Түүнээс биш дуртайдаа биш. Сүүлийн үед цэнхрээс гадна хар өнгөтэй их “найзалж” байна. Эл өнгөөр “тоглох”-ын тулд зохиомжоо маш сайн бодож, төлөвлөх ёстой.
-Хар өнгөөр “тоглож” буй тань сэдэвтэй холбоотой юу?
-Мэдээж сэдэв хамаатай. Ертөнц бүхэлдээ хар өнгөнд багтдаг. Нөгөөтээгүүр, хар өнгө бол хүчний бэлгэдэл. Уран бүтээл гэрэл, сүүдрийн дунд л төрдөг.
-Хийсэн уран бүтээл таньанх төсөөлснөөс санаанд хүрэхгүй тохиолдол байдаг уу. Тийм үед хэрхдэг вэ?
-Тийм тохиолдолд зүгээр л орхичихдог. Би нэгэн зэрэг хэд хэдэн зураг эхлүүлчихдэг юм. Зурж байх үед таалагдахгүй болоод ирвэл түүнтэй зууралдаж байхаар хаяад нөгөөхөө зурна. Хурдан ч гартай. Их удаан нухдаггүй. Бүх зохиомжоо бодож, төлөвлөчихөөд зурж эхэлдэг болохоор уддаггүй юм. Ер нь уран бүтээлийггашилж, шаналж хийх утгагүй шүү дээ. Жаргаж, таашаал авч хийх хэрэгтэй. Яах вэ, хааяа урам хугарах, уран бүтээлийн гацаанд орох гэх мэт сэтгэл санааны байдлаас шалтгаалаад огт зурмааргүй санагдах үе бий. Тийм үед агаарт гарч сэтгэлээ сэргээж, өөр зүйл хийж сатаарч амсхийчихээд л эргээд зурдаг даа.
-Юуг, хаана, хэнд үзүүлэх вэ гэдгээ мэддэг болсон гэлээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Дөрвөн ч шинэ үзэсгэлэн дэлгэхээр хэмжээний бүтээлүүд бэлэн байна. Ирэх оны нэгдүгээр сарын эхээр үзэсгэлэнгээ Австрийн Венад дэлгэнэ. Гуравдугаар сард Германы Мюнхен, АНУ-ын Шарлотт, Нью-Йорк, зургадугаар сард Италид толилуулахаар төлөвлөсөн. 2025 он хүртэлх уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргачихсан.
-Дотооддоо үзэсгэлэн дэлгэхгүй юм уу?
-Ойрын хэдэн жилдээ гаргахгүй байх.
-Цаашид үзэсгэлэнгүүддээ дэлгэх бүтээлүүдийн тань өнгө аяс хэрхэн өөрчлөгдөж буй бол?
-Тэгж, ингэж өөрчлөгдсөн гэж тайлбарлахаас илүүтэй үзэсгэлэнгээрээ л харуулмаар байна. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн 100 гаруй бэлэн бүтээл бий. Гол нь би аль болох л том зураг зурах хүсэлтэй, задгай хийцэд дуртай. Энэ нь давуу болон сул талтай. Мэдээж бүтээлийн хэмжээ том байх нь зураачид тааваараа, дураараа зурах боломжтой. Зурахад ч сонирхолтой. Нөгөөтээгүүр, манайд том хэмжээтэй уран зургийгавах, ханандаа өлгөх боломжтой цуглуулагч, галерей хэд билээ.
-Мэдээж дүрслэх урлагийн, тэр дундаа уран зургийн олон төрлөөр оролдож, туурвиж байсан байх. Тэдгээрээс таны сэтгэлийг хамгийн ихтатдаг ньальвэ?
-Зураач болохоор суралцаж байх үеэсээ л дэлхийн сонгодог бүтээлүүд, үе үеийн измүүдийг судалж, сонирхож, оролдож л байлаа. Дэлхийн дүрслэх урлаг чинээндээ тултал хөгжчихсөн. Гэхдээ тэдгээрээс илүүтэй хадны буюу сүгзурагминий сонирхлыг хамгийн их татдаг. Хүн төрөлхтний нээж, судалж амжаагүй том соёл тэнд бий. Алдарт Пабло Пикассо хүртэл хадны зургийг хараад “Бидний үеийн урлаг өмнөхөөсөө хоцорчихож” гэж хэлж байсан шүү дээ. Энэ том соёлыг судалж, уран бүтээлдээ тусгахыг хүсдэг. Хийсэн хэдэн уран бүтээл ч бий.
-Цуглуулагч, галерей гэснээс таны бүтээлүүдийг дотоодын цуглуулагч нар хэр сонирхдог вэ. Сонсох ньээ, ихэвчлэн гадаадын цуглуулагч нар авдаг гэх юм билээ.
-Сонирхдог л юм. Ихэвчлэн гадаадын цуглуулагч, галерейнуудад миний бүтээл бий.
-Туурвисан бүтээлээ хэсэг хугацааны дараа энд тэндээс харах, олох тохиолдол гарч байв уу. Тийм тохиолдолд ямар сэтгэгдэл төрдөг бол?
-Их гоё санагддаг. 2008 онд зурсан зурагтайгаа саяхан Италийн Ромд таарсан. “Хөөх, би чинь ингэж зурсан бил үү. Нээрэн ийм зураг зурсан шүү дээ” гэж боддог. Уран бүтээлч хүнд төрдөг сайхан мэдрэмжүүдийн нэг.
-“Уран бүтээл бол залуу насны ажил биш” гэх хэсэг байхад “Уран бүтээлчийн бусад хүнээс ялгарах зүйл нь бүтээл туурвихад нас чухал биш ид байдаг” гэдэг хүмүүс ч бий. Харин энэ талаарх таны бодол ямар вэ?
-Аль аль нь байж болно. Уран бүтээлчийн үе гэж бий. Жишээлбэл, миний 20-иод жилийн өмнөх уран бүтээл одоогийнхтой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай. Утга агуулгын хувьд ч, ур чадварын хувьд ч. Гэхдээ тэр үед илүү эрч хүчтэй, зоригтой уран бүтээл хийж байсан. Эрэмгий гэх юм уу даа. Тийм төрлийн уран бүтээл таашаадаг хүнд тэр үеийнх таалагдана. Гэтэл одоо тэр үеийн зориг, эрч хүчээс илүүтэй оюун санаа, ухаан бодлыг эрхэмлэн туурвиж байна.
Бэлтгэсэн А.Тайшир