Дэлхийн банкнаас “Монгол Улсынбизнесийн орчин ба өрсөлдөх чадварын үнэлгээ” тайлан гаргаснаа өчигдөр танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг тайланд манай улсын хөрөнгө оруулалтын бодлого, аж ахуйн нэгжийн бүртгэл, барилга, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн журам, бизнес эрхлэх зөвшөөрөл ба тусгай зөвшөөрлийн орчин, Өрсөлдөөний тухай хууль зэргийн талаар судалж, зөвлөмж гаргажээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд сүүлийн 10 жилд тогтворгүй байсан ч ДНБ-ий хэмжээ нэмэгдсэнийг онцоллоо. Гэсэн ч газар тариалан, барилгын ажил гүйцэтгэх хугацаа богино, нийт газар нутгийн дөнгөж нэг хувийг тариалангийн талбай эзэлдэг нь өгөөж багатай, газар зүйн нөхцөл байдлаас шалтгаалан тээвэр, ложистикийн өртөг зардал их байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг бууруулж буйг дурдав. Түүнчлэн экспортын хэмжээ нэмэгдэж буй ч дийлэнхийг нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг нь дунд, урт хугацаанд ашиггүй, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, хууль тогтоомжийн хэрэгжилт сул, санхүүгийн хүртээмж жигд бус, төрийн өмчит компаниудад давуу эрх олгодог зэргийг тэмдэглэжээ. Эдгээр шалтгааны улмаас Монгол эдийн засгийн цогц байдлын индексээр судалгаанд хамруулсан 133 улсаас 113-т эрэмбэлэгдсэнийг дээрх тайланд дурджээ.
Цаашид манай улс худалдааны гэрээ, хэлцлээ сайжруулахын тулд тэдгээрийг олон улсын жишигт нийцүүлэх, өдгөө мөрдөж буй Өрсөлдөөний тухай хууль болон түүнийг дагалдаж гаргасан хууль, тогтоомжид картелын буюу өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцлийн тодорхойлолтыг багтаах, монопол, давуу байдлын үнэлгээ, тэдгээрт шаардлагатай дүрэм, журмыг бүс нутгийн, олон улсын туршлагад үндэслэн оруулах хэрэгтэй гэв. Түүнчлэн 2024 он гэхэд шинэчлэн найруулсан байвал зохих хуулиудад өөрчлөлт оруулах, бизнес эхлүүлэх үйл ажиллагааг зохицуулдаг бүхий л журмыг хэрэгжүүлэхэд зориулсан үр дүнтэй, цахим, нэг цонхны платформ бий болгох, шинээр байгуулсан Эдийн засаг, хөгжлийн яам ажилтнуудынхаа мэдлэгийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах зэрэг зөвлөмжийг дээрх тайланд дурджээ.