Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг өнөөдөр зарлана хэмээсэн. Өмнө нь тэрбээр цагдаа, прокурор, шүүхээс хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлана. Надад нэрс шууд зарлах эрх байхгүй гэж байсан. Өчигдөр ЭЦА, АТГ, прокурорын байгууллагаас нүүрсний хэргийг шалгах явцын талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд дангаараа мэдээлэл хийлээ.
Сайд Х.Нямбаатар "Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг өдөр бүр мэдээлэл хийж байна. Жагсагчдын тавьж буй шаардлагад тулгуурлан, прокурорын байгууллагаас нэрс авч өгнө хэмээсэн. Дөнгөж сая, хууль хяналтын байгууллагаас нэрсийг утсаар лавлалаа. Хуулийн хяналтын байгууллагаас "Шалгахад хугацаа орно. Хэрэгт холбогдогдсон иргэдээс тайлбар мэдээлэл авч байна. Тун удахгүй сэтгүүлчдийг өөрсдийнхөө байранд урьж мэдээлэл өгнө" гэх хариу өгсөн. Тиймээс нэрсийг зарлахад тодорхой хугацаа хэрэгтэй байна" гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр АТГ-аас өнөөдөртөө багтааж, мэдээлэл өгөх бололтой.
Түүнчлэн Х.Нямбаатар "Яг одоо хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн тодорхой заалтуудад хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт шалгагдсан хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж дуусаж байна" хэмээсэн юм.