Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цар тахалын үеийн төсвийг ил тод болгох асуудлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасан. Өөрөөр хэлбэл, нийслэл, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө, мөн олон улсын байгууллагын зээл, тусламжаар ковидын үед зарцуулсан зардлуудыг бүхэлд нь олон нийтэд ил тод болгох ажлыг хийнэ хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, “Ковидын үеийн төсөвийг Сангийн болон Эрүүл мэндийн яам хариуцсан тул үүнд аудитын шалгалтыг өнгөрсөн 2-3 сарын хугацаанд хийсэн. Ингэхдээ үндэсний болон хөндлөнгийн аудитыг оруулж, зарцуулалтын талаарх дүгнэлт урьдчилсан байдлаар бэлэн болж байна. Албан ёсоор эцэслэсний дараа надад мэдээлэл нь ирэх юм. Ирсэн даруйд Сангийн болон Эрүүл мэндийн сайд, холбогдох албаныхан, иргэдэд 2019 оноос хойших цар тахлын төсвийн зарцуулалтыг дэлгэрэнгүй, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нэг бүрчлэн мэдээлнэ. Би хувьдаа аудит оруулахгүйгээр олон нийтэд зарлах боломжгүй хэмээн үзсэн. Гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд ямар асуудал байгааг тодруулж байна” гэлээ.